Замын хөдөлгөөний зөрчил 7.8 саяд хүрч, өмнөх оноос хоёр дахин өсжээ


Замын хөдөлгөөний зөрчил 7.8 саяд хүрч, өмнөх оноос хоёр дахин өсжээ

 

Монгол Улсад 2026 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 7,861,373 зөрчил бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болохыг Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Бүртгэгдсэн зөрчлүүдэд шийтгэл оногдуулснаас шүүх 25,415-д нь, эрх бүхий албан тушаалтан 7,835,958-д нь шийтгэл ногдуулсан байна.

Зөрчлийн төрлөөр авч үзвэл, хамгийн их буюу 2,5 сая зөрчил нь аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол байжээ. Энэ нь нийт зөрчлийн 32 хувийг эзэлж байна.

Харин 1,5 сая гаруй буюу 19.1 хувь нь тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний дүрэмд заасан журмын дагуу байрлан явуулаагүй, 1 сая гаруй буюу 13.6 хувь нь хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, эгнээ байр эзлэх журам зөрчсөн зөрчил байв.

Түүнчлэн хамгаалах бүс хэрэглээгүй 478 мянган гаруй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 362 мянга орчим, явган хүний гарц болон зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байрлуулж, зорчигчдод саад учруулсан 355 мянга гаруй  зөрчил бүртгэгджээ.

Мөн зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг түр болон удаан зогсоох журам зөрчиж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан 213 мянга орчим охиолдол бүртгэгдсэн байна.

Эдгээр долоон төрлийн зөрчил нийт бүртгэгдсэн зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.