Өнөөдөр “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Тархины харвалтын шалтгаан, нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Чимэглхамтай ярилцлаа.
-Тархины харвалтыг энгийнээр тайлбарлана уу. Ямар төрлүүдтэй вэ?
-Тархины харвалт гэдэг нь тархины судасны эмгэгүүдийг хамарсан бүлэг өвчин юм. Үндсэн гурван хэлбэртэй. Нэгдүгээрт, тархины судас хагарч, тархины эд дотор цус алдахыг тархин доторх цус харвалт гэнэ. Тиймээс “тархины харвалт” гэж бүх харвалтыг нэрлэх нь оновчгүй бөгөөд зөвхөн энэ хэлбэрийг хэлж байгаа хэрэг. Хоёрдугаарт, тархины судас бөглөрч, цусан хангамж дутагдахыг тархины цус хомсрох харвалт буюу тархины шигдээс гэж нэрлэдэг. Гуравдугаарт, торлог бүрхэвчийн доорх харвалт бий. Эдгээр нь үүсэх шалтгаан, шинж тэмдэг болон эмчилгээний хувьд ялгаатай.
-Тархины харвалтууд үүсэх шалтгаанууд юу байдаг вэ?
-Дээрх гурван төрлийн харвалт нь өөр, өөр шалтгаантай. Тархин доторх харвалтын гол шалтгаан нь артерийн даралт ихсэлт. Үүнээс гадна тархины судасны өвчин, судасны үрэвсэл буюу васкулит, цус бүлэгнэлттэй холбоотой эмгэг, CADASIL, MELAS зэрэг генийн мутацитай холбоотой удамшлын өвчин, артери-венийн мальформаци, артерийн аневризм, тархины судасны амилоид ангиопати зэрэг шалтгаан байж болно. Харин тархины цус хомсрох харвалт нь зүрх, судасны өвчнөөс шалтгаалан тархины цусны урсгал удаашрах эсвэл судас бөглөрөхөд энэ харвалт үүсдэг.
Судас тромб буюу бүлэнгээр бөглөрч болно. Цаг алдалгүй эмнэлэгт хүрч, тохирох шалгуурыг хангасан тохиолдолд бүлэн уусгах эмчилгээ хийх боломжтой. Эмчилгээг цонх хугацаанд нь амжуулбал амь нас, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг бууруулж, зарим хүн харвалтын өмнөх байдалдаа ойрхон сэргэх боломжтой.
Тархины цус хомсрох харвалтын түгээмэл шалтгаанд том судасны атеросклероз ордог бөгөөд энэ нь нийт тохиолдлын 30–40 хувийг эзэлдэг гэж дурдсан. Артерийн судасны хананд өөхөн товруу үүсэж, улмаар судасны хөндий нарийссанаар тархины цусан хангамж дутагдана. Мөн зүрхний өвчин, ялангуяа тосгуурын жирвэгнээ буюу зүрхний хэм алдагдал харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зүрхний хавхлагийн өвчин болон бусад зүрх, судасны өвчин шалтгаан болж болно.
Харин торлог бүрхэвчийн доорх харвалтын 80–90 хувьд тархины артерийн судасны цүлхэн гол шалтгаан болдог. Судасны ханын нэг давхарга нимгэрснээр судас гадагш цүлхийж, цүлхэн үүсдэг. Цүлхэн хагарахад торлог бүрхэвчийн доорх харвалт үүснэ.
Цүлхэн хагарахаас өмнө тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Зарим хүнд толгой үе үе өвдөж, аяндаа намдах тохиолдол байж болох ч энэ нь хүн бүрд илрэхгүй. Удамшлын хүчин зүйлээс гадна артерийн даралт ихсэлт, дааврын өөрчлөлт, тамхи, архины хэрэглээ нөлөөлнө. Ялангуяа жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлийг замбараагүй хэрэглэх, кортикостероидын болон дааврын эмчилгээг буруу, удаан хугацаагаар хийх нь эрсдэлтэй байж болно. Энэ хэлбэрийн үед хүзүү болон дагзны булчин хөших зэрэг шинж илэрч болно.
-Цусны даралтын хэвийн хэмжээ хэд байх ёстой вэ. Даралт ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?
-Хүний хэвийн даралтыг 120/80 мм мөнгөн усны багана гэж үздэг. 130/90-ээс дээш хэмжээг даралт ихэссэн байна гэж үзнэ. Даралт өдөртөө хөдөлгөөн, хооллолт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан хэлбэлздэг ч эргээд хэвийн түвшиндээ очих ёстой. Тиймээс тогтсон цагт даралтаа хэмжиж хэвших, шаардлагатай бол өрхийн эмч болон зүрх судасны эмчээс зөвлөгөө авах нь чухал. Монголчуудын хувьд давсны хэрэглээ өндөр байгаа нь даралт ихсэхэд нөлөөлдөг. ДЭМБ хоногт таван грамм давс хэрэглэхийг зөвлөдөг ч монголчуудын давсны хоногийн хэрэглээ 11.1 грамм байгааг судалгаагаар гаргасан. Мөн энергийн ундаанд таурин, кофейн агуулагддаг бөгөөд тосгуурын жирвэгнээ үүсэхэд нөлөөлдөг. Түүнчлэн сахар ихтэй учир хэрэглэхээс аль болох зайлсхийхийг зөвлөж байна. Тамхи, архины хэрэглээ, буруу хооллолт, илүүдэл жин нь даралт ихсэх, харвалт үүсэхэд нөлөөлнө.
-Харвалтын шинж тэмдгүүд хэрхэн илрэх вэ. Эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар яривал?
-Тархины харвалтыг эрт таних нь эрүүл мэндийн боловсролын чухал хэсэг. Харвалтын гурван хэлбэрт нийтлэг илэрч болох тархины ерөнхий шинжүүд бий. Үүнд, гэнэт хүчтэй толгой өвдөх, ухаан санаа өөрчлөгдөх, баримжаа алдах, яриа ойлгомжгүй болох, дотор муухайрах, бөөлжих зэрэг орно. Мөн мэдрэлийн голомтот шинж илэрч болно.
Тухайлбал, биеийн нэг талын гар, хөл сулрах буюу саажих, хэл яриа өөрчлөгдөх, бусдын яриаг ойлгохгүй болох эсвэл ойлгож байгаа ч ярьж чадахгүй болох, нүүрний нэг тал мурийх, тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэг гарна.
Тархин дотор цус харвах үед дээрх шинж тэмдэг огцом, цочмог илрэх нь түгээмэл. Харин цус хомсрох харвалтын үед заримдаа үүрээр, өглөө босох үед илэрч, шинж тэмдэг аажмаар даамжирч болно. Унтаж байхдаа хурхирч, амьсгал нь түр тасалдах шинжийг нойрон дунд амьсгал тасалдах хам шинж гэж үздэг. Амьсгал тасалдах бүрд тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч, удаан хугацаанд үргэлжилбэл тархины цус хомсрох харвалтын эрсдэл нэмэгдэх боломжтой. Үүнийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, полисомнографи буюу нойрны бичлэгийн шинжилгээ болон тусгай асуумжаар оношлуулна. Эмчилгээний зөвлөгөө нь онош, тухайн хүний байдлаас хамаарах тул эмчид хандах шаардлагатай. Мөн агаарын бохирдол тархины судасны харвалтад нөлөөлдөг хүчин зүйл гэдэг нь тогтоогдсон.
-Харвалтаас урьдчилан сэргийлэх боломж хэр байдаг вэ?
-Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Удамшил, хүйс, нас зэрэг өөрчлөх боломжгүй хүчин зүйл бий. Гэхдээ даралт ихсэлт, тамхи, архи, буруу хооллолт, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэрэг өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлд анхаарснаар харвалтын эрсдэлийг бууруулж болно.
Монгол Улсад эрэгтэйчүүд эрсдэл өндөртэй бүлэгт орж байгаа бөгөөд харвалт залуужиж байна. Улаанбаатар хотын регистр судалгаанд 19-92 насны хүмүүс харвалтаар өвчилсөн нь бүртгэгдсэн. Мөн манай улсын иргэдийн дунд харвалтын дундаж нас 59 байна.
Энэ нь дэлхийн бусад оронд харвалтаар өвдөж буй хүмүүсийн дунджаас 10 насаар залуу үзүүлэлт юм. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн харвалт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байгаа нь анхаарал татаж байна. Даралтаа тогтмол хянах, ихэсдэг бол эмчийн зааврын дагуу эмээ уух, жингээ бууруулах, хэвлийн таргалалтаас сэргийлэх, давс, сахар ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, зөв хооллох, долоо хоногт 2–3 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Архи, тамхинаас татгалзах хэрэгтэй.
- Анагаах ухааны хүрээлэнгээс “Үндэсний тархины харвалтын регистр судалгаа”-г хийж эхэлсэн гэсэн шүү дээ. Тус судалгааны талаар мэдээлэл өгнө үү?
-Анагаах ухааны хүрээлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Австралийн Жорж Институтийн санхүүжилтээр Монгол Улсын үндэсний тархины харвалтын регистр судалгааг эхлүүлсэн. Төсөлд Эрүүл мэндийн яам, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хамтран ажиллаж байна.
Монгол Улсын 16 болон түүнээс дээш насны хүмүүст шинээр тохиолдсон харвалт бүрийг бүртгэх зарчимтай. Аймаг, дүүрэг, улсын эмнэлэг бүрд координатор эмч нар ажиллаж, вебд суурилсан бүртгэлийн системд мэдээлэл оруулна.
Судалгааны арга зүй, бүртгэлийн систем, судлаачийн ёс зүй, оролцогчоос зөвшөөрөл авах зэрэг сургалтыг 2025 оны аравдугаар сард зохион байгуулж, бэлтгэл хангасны дараа 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бүртгэлээ эхлүүлсэн. Судалгаа нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагас жилийн байдлаар 1609 харвалтын тохиолдол бүртгэсэн. Үүний 59 хувь нь тархины цус хомсрох харвалт, 40 гаруй хувь нь тархин доторх цус харвалт байсан.
Олон улсад харвалт эдийн засгийн өндөр дарамттай өвчин гэж үздэг ч Монгол Улсад хувь хүн, гэр бүл, улс орны эдийн засагт ямар хэмжээний дарамт учруулж байгааг тоон баримтаар нотолсон мэдээлэл дутмаг байна.
Судалгаа энэ асуудлыг тодорхойлох зорилготой. Үр дүн нь бодлого боловсруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зөв хуваарилах, шаардлагатай технологийг нэвтрүүлэхэд хэрэгтэй. Судалгаанд оролцогчдын хувийн болон эрүүл мэндийн мэдээллийг чандлан нууцална. Төсөл ЭМЯ-ны Ёс зүйн хорооны зөвшөөрөлтэй бөгөөд судлаачид олон улсад баримталдаг Хельсинкийн тунхаглал болон холбогдох ёс зүйн дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байна. Харвалт болсон хүн, түүний гэр бүл судалгааны эмч нарт мэдээллээ үнэн зөв өгөх нь чухал.
-Мэс заслын эмчилгээг ямар үед хийдэг вэ?
-Торлог бүрхэвчийн доорх харвалтын үед судасны цүлхэнд чиглэсэн мэс заслын болон судсан дотуурх эмчилгээ хийдэг. Нээлттэй мэс заслын аргаар микро хавчаар тавих, эсвэл судсан дотуурх аргаар гуяны артериар төхөөрөмж оруулж, цүлхэнг ороомог металл утсаар бөглөх арга бий. Хагараагүй цүлхэнд стент тавих арга ч байдаг бөгөөд менежмент нь нарийн, тохиолдол бүрээр шийдэгдэнэ.
Тархины цус хомсрох харвалтын үед тромбэктоми буюу бүлэнг судсан дотуурх аргаар авах эмчилгээ хийх боломжтой. Мөн шаардлагатай тохиолдолд судас залгах, тархины гавлын гаднах судсыг доторх судастай холбох мэс засал зэрэг арга хэрэглэж болно.
Тархин доторх цус харвалтын үед цусан хураа том, байрлал нь аюултай бол цусан хурааг соруулах, гавлын ясыг цоолох зэрэг мэс заслын арга сонгож болно. Эдгээр эмчилгээ Монгол Улсад нэвтэрсэн бөгөөд УГТЭ, УХТЭ зэрэг төвүүдэд хийгдэж байна. Мэдрэлийн мэс заслын судсан дотуурх технологи хөгжиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч байгаа.
-Харвалтын дараах сэргээн засах эмчилгээ хэр чухал вэ?
-Сэргээн засах эмчилгээ маш чухал. Энэ эмчилгээ хүнийг зөв хэвтүүлж байрлуулах, саажсан мөчийг зөв байрлалд байлгах, хөдөлгөөн засал хийх зэргээс эхэлнэ. Мөчийг хөдөлгөхөд булчин ажиллаж, тархинд мэдээлэл очдог бөгөөд энэ нь гэмтсэн эсүүдийн сэргэлтэд нөлөөлдөг. Тиймээс “огт хөдөлгөж болохгүй” гэсэн ойлголт бүх тохиолдолд зөв биш.
Харвалтын дараах сэргэлтийг эхний 28 хоногийг хурц үе, гурван сар хүртэлх хугацааг эрт үе, зургаан сар болон түүнээс дээш хугацааг хожуу үе гэж авч үздэг. Эхний зургаан сард идэвхтэй сэргээн засах эмчилгээ хийлгэх нь сэргэх боломжид чухал.
Сэргээн засах үйлчилгээний хүртээмж Монгол Улсад хангалтгүй, хүний нөөц дутмаг байна. УГТЭ-д 10 ортой сэргээн засах тасаг ажиллаж байгаа ч орны хүрэлцээ хязгаарлагдмал. Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл зүйч зэрэг мэргэжилтнүүд баг болон ажиллах шаардлагатай. Ялангуяа мэргэшсэн хэл засалч Монгол Улсад маш цөөн, тав хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа талаар ярилцлагад дурдсан. Орон нутагт сэргээн засах үйлчилгээг хүргэх нь чухал асуудал юм.
-“Харвасан хүнийг хөдөлгөж огт болохгүй” гэж ярьдаг шүү дээ. Энэ зөв үү. Анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
-Ухаан алдсан эсвэл хоол идэж байхдаа харвасан байж болзошгүй хүний амны хөндийг шалгаж, хиймэл шүд зэрэг амьсгалын замыг бөглөж болох зүйл байгаа эсэхийг анхаарна. Хэл суларч амьсгал боогдуулах эрсдэлтэй тул амьсгалын замыг хамгаалах нь чухал. Хүнийг хөдөлгөх, толгойг нь байрлуулах асуудал харвалтын хэлбэр, биеийн байдлаас хамаардаг. Тархин доторх цус харвалтын үед толгойг хамаагүй хөдөлгөх нь эрсдэлтэй тул тархийг хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Харин тархины цус хомсрох харвалтын үед гол зорилго нь аль болох хурдан эмнэлэгт хүргэх юм. Харвалтын төрлийг гэрийн нөхцөлд найдвартай ялгах боломжгүй учраас эмчийн үзлэгээр л шийдэх юм.
-Өнөөдөр “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг угтан ямар ажил, арга хэмжээг хийгээд байна вэ?
-Дэлхийн тархины харвалтын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 29-нд тэмдэглэдэг бөгөөд 2006 оноос хойш дэлхий дахинд тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтан Анагаах ухааны хүрээлэнгийн мэдрэл судлалын сектор тархины харвалтын олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам тархины харвалт нь хүн амын өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад ихээхэн дарамт үзүүлж буйд анхаарал хандуулахаа илэрхийлсэн.
Дэлхийн тархины харвалтын байгууллага болон ЭМЯ “Улаанбаатар тунхаглал”-ыг баталж, санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт Дэлхийн тархины харвалтын байгууллага, ЭМЯ, Анагаах ухааны хүрээлэн гурван талаас оролцсон бөгөөд хүрээлэн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэнэ.
Эдгээр баримт бичигт тулгуурлан Монгол Улсын хүн амын дундах тархины харвалтыг бууруулах таван жилийн төлөвлөгөө боловсруулах зорилготой. Энэ нь 2026 оны тавдугаар сарын 22-нд болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дэх чуулганаар тархины харвалтын эсрэг баталсан тогтоолын үндсэн чиглэлтэй уялдаж байна. Гол чиглэл нь урьдчилан сэргийлэлт, яаралтай тусламж болон эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ юм.
Чулуунхүү БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





Сэтгэгдэл