АНУ-ын энхийн хэлэлцээчид Путинтэй хэлэлцээ хийхээр Москвад хүрэлцэн ирсэн үетэй зэрэгцэн Санкт-Петербург хотод Оросын хурандаа машинд нь суурилуулсан байсан тэсрэх бөмбөгт өртөж, амиа алдлаа. Энэ хэрэг өнөөдөр /2026.11.12/ тус хотын Пушкин дүүргийн Колпинскийн өргөн чөлөөнд болжээ. Хохирогч хурандаа өөрийн эзэмшлийн жийп машинаа жолоодож явсан бөгөөд машины доод хэсэгт зайнаас удирддаг тэсрэх төхөөрөмж суурилуулсан байжээ.
Зарим хэвлэлд мэдээлж буйгаар, хохирогч нь Оросын Агаарын довтолгооноос хамгаалах 6-р армийн ахлах навигатор байсан бололтой.
Энэ хэргийн хариуцлагыг хэн хүлээх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ уг халдлагыг Украины оролцоотой байж магадгүй гэх сэжиг таамаг үүсчээ. Оросын цэрэг, аюулгүй байдлын албаныхны эсрэг чиглэсэн энэ төрлийн халдлагуудын ард Украины тагнуулын алба байсан гэж Москва удаа дараалан буруутгасаар ирсэн юм.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо цэргийн албан хаагчийг хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Агаарын довтолгооноос хамгаалах 6-р арми нь Оросын хамгийн чухал стратегийн анги нэгтгэлийн нэг. Тус анги нь Санкт-Петербург хотын агаарын орон зай болон НАТО-той хиллэдэг баруун хойд хил хязгаарын ихэнх хэсгийг хамгаалах үүрэгтэй байдаг.
Дайныг дэмжигч "Voevoda" телеграм хуудас уг халдлагын дараа "Дахин нэг машин дэлбэрлээ. Цэргийн албан хаагчийн эсрэг чиглэсэн дахин нэг террорист халдлага боллоо. Холбогдох байгууллагууд аа, та нар ямар нэг арга хэмжээ авахгүй юм уу? Хариу цохилт өгнө гэж бол худлаа биз. Гэхдээ ядаж л наад захын хамгаалалтын арга хэмжээ авахгүй юм уу?" гэж бухимдлаа илэрхийлжээ.
Дашрамд дурдахад, энэ цаг мөчид АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч нар болох Жаред Кушнер, Стив Виткофф нар Москвад хүрэлцэн ирээд байгаа юм. Тэд Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабид болсон хоёр өдрийн хэлэлцээнд оролцчихоод явж байгаа билээ. Мөн тэдний дараагийн зогсоол нь Дублин хот бөгөөд тэнд Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах бололтой.


Сэтгэгдэл