Ардын нам “алтан” боломжийг алдагдсан боломж болголоо


Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаан 77,3 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд 98,3 хувь нь санал асуулгын төслийг дэмжсэн байна.

Санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-нд явуулахаар нааш татсан /СЕХ-ноос арваннэгдүгээр сарын дундуур явуулах санал оруулсан/ бөгөөд зардлын асуудлыг дараачийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Хэрэв иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг “дэмжинэ” гэсэн санал өгвөл УИХ хуулийн төслийг баталж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөх юм.

Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсэг болоод УИХ-ын гишүүд “Нэмэлт өөрчлөлтийн төсөл нь анх өргөн баригдсан төслийнхөө хэмжээнд хүрч чадаагүй ч парламентын тогтолцоог төгөлдөржүүлж, хууль тогтоох ажиллагааг сайжруулсан, гүйцэтгэх эрх мэдлийг одоогийнхоос илүү тогтворжуулж, хариуцлагажуулсан, шүүхийг хараат бус, шударга болгох, нутгийн удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн нэмэлт өөрчлөлт болно” хэмээн ташуур өгч байна.

Гэвч парламентын гадна нөхцөл байдал, хүмүүсийн үзэл бодол өөр байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар анх хэлэлцэж эхлэх үеэс л “Энэ удаагийн парламентад Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний чадавхи, ёс суртахууны эрх байхгүй” гэлцэж байсан нь үнэнд илүү ойр тусав.

Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлт бол ганц энэ парламентын асуудал биш. Сүүлийн 2-3 парламент дамжин яригдаж, өмнөх парламентын үед бүрэн хэмжээний төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцээд Ард нийтийн санал асуулга явуулах дээр ирэхэд тухайн үеийн сөрөг хүчин болох МАН “бойкот” хийн зогсоож байв.

Тиймээс “Хүчний харьцаа ойролцоо байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй юм байна. Нэг улс төрийн хүчин дийлэнх олонхи байгаа энэ алтан боломжийг (дахиад ийм хэмжээний үнэмлэхүй олонхи парламентад бүрдэхгүй учраас) ашиглаад Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх хэрэгтэй” гэдэг үзэл, итгэл үнэмшил улс төрийн хүрээнд ч, олон нийтийн дунд ч байлаа.

Гэвч МАН энэ алтан боломжийг алдагдсан боломж болгож хувиргалаа. Өмнө нь УИХ-д өргөн баригдаж байсан, хэлэлцүүлгийн шатанд царцаасан олон төслүүдийн хамгийн муу хувилбарыг 64 суудалтай МАН Ард нийтийн санал асуулга руу түлхэж байна. Алдаа гарвал “Ард түмний хүсэл” гэж түлхээд, хариуцлагаас бултана. Ойлгомжтой.

Яг үнэндээ 1992 оны Үндсэн хууль яадгаа алдчихсан, бүх нөөцөө шавхчихсан ч хууль биш. Үндсэн хуулийг шүүмжлэлд өртүүлдэг цөөхөн зүйл бий. Ихэнх нь Цэцийн үйл ажиллагаанаас улбаатай.

Гэтэл хамгийн их маргаан дагуулдаг сонгуулийн тогтолцоо, хамгийн их шүүмжлүүлдэг Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаатай холбоотой бүх заалтыг 64-ийн бүлэг хэлэлцүүлгийн шатанд унагалаа. “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтоох” заалт байхгүй, “Цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох” заалт бас байхгүй. Дахиад 20 жил жалгын нэг наадам хийгээд, бөх, тэх, ЖДҮ-чин, концессчингууддаа дөрлүүлээд явах юм байна. Одоогийн сонгуулийн тогтолцоо бидэнд ийм л зүйлийг санал болгож байгаа.

Ажлын хэсгийн түвшинд анх боловсруулагдсан “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үндсэн эрхээ хамгаалахын тулд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах эрхтэй” тухай заалтыг 64-ийн бүлэг хамгийн түрүүнд авч хаясан. Цэц нь тэгээд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвын дунд гүйдэг “уяаны нохой” хэвээрээ үлдлээ. Хэзээ, хэнд нь үйлчилбэл хэдэн удаа улирч суухаа аль хэдийн тооцоолоод сурчихсан.

Одоо өөрчилж байгаа заалтууд нь хүртэл ердөө Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван институцийн хоорондын эрх мэдлийн зодооныг зохицуулахад л чиглэж байна. Байгууллага, институц хоорондын харилцааг л зохицуулаад байгаа болохоос биш иргэдэд наалдахаар юу ч харагдахгүй байна.

Ядаж л шүүхийн хараат бус байдал, шударга шүүхийн тухай ярьсаар байтлаа шүүгчийн томилгоог Ерөнхийлөгчид хэвээр нь үлдээж, дээр нь ШЕЗ-ийг Дээд шүүхийн хараанд аваачих жишээтэй. Намын бүлэг дээр 100 хувийн саналаар дэмжигдсэн төслийн заалт (Ерөнхийлөгч шүүгчдийг томилохгүй батламжилна. Батламжлахаас татгалзсан тохиолдолд үндэслэлээ заавал танилцуулна) нэгдсэн хуралдаан дээр хамраараа газар хатгахыг харваас гишүүдийн олонхи "төмсгөндөө хавчаартай" яваа нь илэрхий.

Тэгсэн хэрнээ сонгууль ойртож байгаа болохоор сонгогчдыг “хошгоруулдаг” нэг муу аргатай. Хоёр дахь хэлэлцүүлэг дуусч, хуулийн төслийг Ард нийтийн санал асуулга руу оруулах гэж байхад Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүн гарын үсэг зураад “Стратегийн ордын 51 хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэдэг заалт оруулаад ирж байгаа юм. Бүр нэг эх адаггүй, дүрэм журамгүй. Түүнийг нь өлгөж аваад “Стратегийн ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гээд оруулчихсан.

Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ар түмэнд ногдож байхаар... Энэ одоо юу гэсэн үг вэ? Өмнөх шигээ сан байгуулаад мөнгө тараагаад бай гэсэн үг үү? Нөгөө баригдаж дуусдаггүй сургууль, цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүд, хагалгааны өвчтөн коридортоо авч байгаа эмнэлгүүдээ яах болж байна? Нөгөө “Ирээдүйн өв сан” юу болох вэ, утаагаа яах вэ? Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, ижил тэгш боломжоор хангагдах эрх юу болох вэ?

Хэрвээ иргэний эрх, эрх ашиг тэнд байхгүй бол энэ өөрчлөлтөөр бид яах юм. Уг нь бол "дийлэнх" нь биш, бүхэлдээ ард олонд зориулагдах ёстой юм. Иргэд нийтээрээ эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсорч, хөгжиж, дэвжиж, арай илүү хөдөлмөрлөсөн нь илүү их сайхан амьдрах, эдийн засгаа өөд татах тэр нөхцөл, боломжийн тухай ярих ёстой. Гэтэл манай эрх баригчид юу гэнэ вэ? Нэг хэсгээр нь "гуйлгачдад" өглөг өгөөд, нөгөө хэсгийг нь өөрсдөө зарцуулах тухай л яриад байна, бус уу?

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.