Австралийн санхүү, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг “Financial Review” сонин Мөнгө угаах, терроризмтой тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас эрчимтэй ангиллын бүсэд үлдээсэн асуудлыг хөндсөн байна. Тодруулбал энэ жагсаалтад нэг биш хоёр ч удаа багтаж байгаа энэ улсад тэр дундаа “Оюу Толгой” төсөлд хөрөнгө оруулахдаа ихээхэн няхуур болгоомжтой хандахыг уриалжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчидтай энэ асуудлаар ойрын хугацаанд нэг ширээнд суухыг ч сануулсан байна. “Financial Review” сонинд нийтлэгдсэн мэдээллийг та бүхэнд хүргэе.
“Рио Тинто”-гийн хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн эх нутаг Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад эрчимтэй ангиллын бүсэд багтлаа.
Энэ улсын санхүүгийн систем мөнгө угаадаг, угаасан мөнгөөрөө терроризмыг санхүүжүүлдэг байж болох тул энэ ангилалд багтжээ. ФАТФ-ын гишүүн Авсралийг оролцуулаад 39 улс Монгол Улсыг энэ ангилалд багтаахыг дуу нэгтэй зөвшөөрөв. Тэдэнтэй хамт Исланд, Зимбабве улс багтсаныг дурдах нь зүй. Энэ жагсаалтад багтсан улсыг эрсдэлтэй гэж үзэн багтаадаг болохоос багтсан учраас л мөнгө угаадаг, терроризмыг санхүүжүүлдэг гэж ойлгож болохгүй. Гэхдээ эдийн засгийн чадамж нь тааруу, хөгжиж буй гэх тодотголтой, нэг салбараас хараат жижиг улсад хүсээд байхаар зүйл гэдэг нь ойлгомжтой.
Сүүлийн гурван жил Дэлхийн банкны бизнес эрхлэх нь судалгаагаар алхам алхмаар ухарсаар ирсэн энэ улсад “саарал” жагсаалт бол шинэхэн сануулга бус. Аль жилийн өмнөөс ФАТФ-ын зүгээс шаардлага тавин санхүүгийн системээ хяналттай болгох, мөнгө угаах, терроризмтой тэмцэх стратеги, бодлогоо шинэчлэхийг сануулсаар ирсэн. Нийслэл Улаанбаатар хотод нь олон улсын санхүүгийн хэд, хэдэн төлөөлөгчийн газар байдаг ч энэ нь “саарал” жагсаалтаас сугарч үлдэх шалтгаан болсонгүй. Одоо тэдэнтэй хамт Сири, Пакистан, Ботсвана, Панам, Йемен, Бахамын арлууд, Тринидад ба Тобаго, Гана, Камбож зэрэг улсууд жагсаж буй.
“Манай байгууллага Исланд, Монгол, Зимбабве улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй, эрсдэлтэй гэж үзэн энэ ангилалд багтаасан. Ингэснээр эрчимтэй хяналттай байх юм” гэж ФАТФ-ын албан мэдээнд дурджээ.
Саарал жагсаалтад орсон энэ улсын хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төсөлд 2015 оноос хойш зөвхөн далд уурхай барих чиглэлд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Гэхдээ энэ тоо өнгөрсөн долоодугаар сард нэмэгдэн 7.2 тэрбум ам.доллар болсныг сануулъя. Газар орны нөхцөл, геологийн нөхцөл байдлаас шалтгаалж буй энэ их зардал дээр одоо баригдах цахилгаан станц барих зардал ороогүй юм шүү. Хэрэв энэ зардал нэмэгдвэл нэмэлт санхүүжилтийн 2.8 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ талаар “Рио тинто”, “Туркойз Хилл” Ресурс компаниуд хэд, хэдэн удаа уулзаад байна.
“Яг одоогийн байдлаар 3.4 тэрбум долларын өр (төслийн санхүүжилт болон цахилгаан станцын дэд бүтцийн санхүүжилт), 500 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилт гэж бид тооцоолж байгаа” гэж Канакорд судалгааны төвийн шинжээч Далтон Барретто ярьжээ.
Барретто болон шинжилгээний бусад ажилтан өнгөрсөн сард Монгол Улсад ажилласан. Зээлийн нөхцөл, цаашид ажиллах нөхцөл байдлын шинжилгээ хийсэн энэ байгууллага нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзээд байна.
Тэдний шинжилгээнээс харвал дараах хэд, хэдэн асуудал урган гарсан юм. Төслийн нэмэлт санхүүжилтийн хэмжээ өссөн нь эргэлзээтэй байгаагаас гадна Монгол Улсын Засгийн газар байгуулсан хэлэлцээрийг дэмжин ажиллах итгэлцэл дутмаг гэж дүгнэжээ. Үүнээс “Рио тинто”-д ч, Монголын Засгийн газарт ч асуудал байгааг нь харагдаж буй тул итгэлцлээ нэмэгдүүлэх ёстойг Канакортын шинжээчид онцолжээ.
Үүнээс гадна Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 оноос хойш багтаж энэ жилээр дуусгавар болж байна. Сүүлийн таван жилийн дотор хоёр ч томоохон олон улсын байгууллагын эрчимтэй хөтөлбөр, саарал жагсаалтад багтсан энэ улсад хөрөнгө оруулагч ихээхэн няхуур хандах шаардлагатай болж байна. ОУВС-аас Монгол Улсыг төсвийн сахилга бат сахих ёстой гэж сануулахаас гадна, банкны салбарын хяналтаа сайжруулахыг ч сануулж байсан удаатай.
“Оюу Толгой макро эдийн засгийн утгаараа Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой байх нь гарцаагүй. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар төсөл зогслоо гэж үзвэл эдийн засаг, төлбөрийн тэнцэл, ДНБ-нд хүртэл хүчтэй нөлөө үзүүлэх тул нэн даруй тооцоолол хийх шаардлагатай. “Рио тинто” ч мөн адил ийм тооцоолол хийх хэрэгтэй болов уу” гэж ОУВС-ийн Монгол дахь хөтөлбөрийн ахлагч Геофф Готтлеб ярьжээ.
Яг энэ эргэлзээтэй цаг үед Монгол Улсын Засгийн газар популист чиг хандлагатай байгаа нь төслийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн эргэлзээтэй байдал дагуулж байгааг Геофф Готтлеб онцолсон юм. Монгол Улс одоогоос 20 жилийн дараа үүнээс дээр нөхцөл байдалд байхыг хүсэж л байгаа бол санхүүгийн системээ илүү хяналттай, банкны салбараа тунгалаг болгохгүй бол болохгүй. Үүнийг гаднын шинжээчид ч дуу нэгтэй хэлж байна.
Б.Болорсүх
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл