Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны дүнг танилцуулав.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр болон Давж заалдах хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ноос энэ сарын 22-ны хугацаанд нийт 345 байгаа юм байна. Үүнээс Анхан шатны шүүх 290, Давж заалдах шатны шүүх 64 хэрэг, Хяналтын шатны шүүх 67 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэрэгсэхгүй болгосон хэргийн улмаас 2 тэрбум 503 сая 60 мянга 917 төгрөгийн хохирол учирсан аж.
Мөн мөнгө угаах гэмт хэрэгт дангаараа зуучлагдсан хэргийн талаарх тоон мэдээлээр шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг өнгөрсөн оны байдлаар тав байсан байна. Үүнд 20 хүн холбогджээ. Тэгвэл энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар ийм төрлийн хэрэг бүртгэгдээгүй гэнэ.
Хэргийн шийдвэрлэлт ямар байсан талаар үргэлжлүүлэн хүргэе. Анхан шатны шүүхээр нийт 41779 хэргийг хянан шийдвэрлэжээ. Мөн 11297 зөрчилд шийтгэл оногдуулж, 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч, 1443 хүний цагдан хорих хугацааг сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3798 хэргээр буюу 8.3 хувиар буурсан бөгөөд үүнээс иргэний хэрэг 4746 хэргээр буюу 13.5 хувиар буурч, эрүүгийн хэрэг 867 хэргээр буюу 9.4 хувиар, захиргааны хэрэг 81 хэргээр буюу 7.4 хувиар өссөн байна.
Давж заалдах шатны мөн улиралд эрүүгийн 1735, зөрчлийн 261, иргэний 2364, захиргааны 909 хэрэг, нийт 5269 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 2.7 хувиар буурсан байх ба үүнээс задалж үзвэл иргэний хэрэг 4.8 хувиар, захиргааны хэрэг 10.3 хувиар тус тус буурч, эрүүгийн хэрэг 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн Хяналтын шатны шүүх эрүүгийн 413, иргэний 1004, захиргааны 226 хэрэг нийт 1643 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 75.8 хувиар, иргэний хэрэг 18.8 хувиар, захиргааны хэрэг 3.7 хувиар өсчээ.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
Сэтгэгдэл