Д.Цогтбаатар сайд аа, Монгол улсын гадаад нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна


Монгол Улсын нэр хүнд гадаад орчинд аль муу муухайгаар дуудагдах болов. Монгол Улсын хууль цаазын тэргүүн нь бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр торгуулж, энэ тухай мэдээлэл ОУ-л түймэр шиг тархсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт бас нэгэн шившигт үйл явдал болсон байх юм.
Сануулахад, өнгөрсөн хавар Монгол Улсын дипломатч Б.Баттүшиг гэх нөхөр их хэмжээний буюу 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Герман улсын Дрезден хотын тойргийн шүүх болжээ. Б.Баттүшиг шүүх хурлын үеэр “Би тагнуулын ажилтан. Тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай холливүүдийн бүрэн хэмжээний кино хийчихээр түүх ярьсан байна. Энэ талаар түүний өмгөөлөгч “Б.Баттүшиг өөрийгөө Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажилладаг өндөр албан тушаалын тагнуулч. Монгол Улсын дипломат ажилтнууд хуурамч бараа, тамхи, хар тамхи наймаалж болзошгүй гэх мэдээллийн дагуу өөрөө дунд нь орж нууц ажиллагаа явуулсан” гэж хэлсэн хэмээн ярьсан байна.

Хамгийн инээдтэй тус улсын тусгай албад энэ талаар ямар ч мэдээлэлгүй байснаас үүдэн Б.Баттүшигийн эл яриаг хэвлэлүүд нь шоглож, хошигносон маягаар олон нийтэд хүргэхэд хүрчээ. Ийнхүү дипломатч Б.Баттүшиг өөрийгөө хамгаалахын тулд Монгол Улсын нэр хүнд шившигт хутгалаа. Энэ бол өнөөдрийн төрийн өндөр албан тушаалтнуудын үнэн нүүр царай. Тэд улсаасаа илүү өөрийгөө илүүд үздэг. Тэр тусмаа дипломат алба хашиж байсан хүнээс улсынхаа нэр хүндийг уландаа гишгэнэ гэдэг байж болох асуудал билүү.

Монгол улсын гадаад нэр хүнд бол тусгаар тогтнолын баталгааны цөм нь. Иймээс дипломат ажилтны хариуцлага, ёс суртахуун өндөр түвшнийх байх ёстой. Тэгээд ч дипломат хүний үндсэн үүрэг бол өөрийн орон, түүний иргэдийн эрх ашгийг төлөөлөх, хамгаалах юм. Гэтэл дипломат ажилтан Б.Баттүшиг хар тамхи зөөвөрлөсөн нь багадаад улсынхаа тагнуулын албаны нэр хүндийг ашиглан, шүүх танхимд шороотой хутгаж суугааг хэрхэх вэ, Д.Цогтбаатар сайд аа.
Монгол Улсын хуулиар шийдэгдэхгүй болохоор улсынхаа нэр хүндийг шороотой хутгаж болох уу? Монголын төр цаашид дипломат албаныхан тамхи, хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, зөөж байгаад баригдсан дипломат албаа хэрхэн цэгцлэх вэ?

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.