Солонгосын кино урлагт хөл тавьж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж буй Б.Сумъяасүрэн охинтой цахим сүлжээгээр холбогдож цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Эрхэм уншигч танд Өмнөд Солонгос улсын кино зураг авалтын талбайгаас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Намайг Б.Сумъяасүрэн гэдэг. 1993 оны өвөл айлын дундах, ганц охин болон мэндэлсэн.
-Саяхан фэйсбүүкийн нүүр хуудаснаас өөрийг тань БНСУ-д олон ангит киноны багт ажилладаг тухай мэдээллийг тань олж уншсан. Хэзээнээс БНСУ-д ажиллаж, амьдарч эхлэв?
-Энэ асуултад хариулахын тулд маш гоё дурсамжуудаараа аялах болох нь. Их урт яриа болж магадгүй. Арван жилийн сургуулиа төгсөөд ямар ч эргэлзэх юмгүйгээр найруулагчийн мэргэжлийг сонгож Монголд Радио Телевизийн дээд сургуульд элсэн орсон. РТДС-даа нэг жил сурсан. Гэтэл нэг өдөр ээж маань чи үнэхээр найруулагч болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна уу? гэж асуусан. Тухайн үед манай Солонгос дахь сургуулийн танилцуулгыг зурагтаар гарч байхыг хараад ээж маань тэгж асуусан юм билээ. Би ч итгэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд ээжийнхээ зөвлөснөөр 19-хөн настайдаа БНСУ-д найруулагчаар сурахаар шийдвэрийг гаргаж байлаа. Миний хувьд сонгосон мэргэжлээрээ гадаадад сурах талаар төсөөлөл байгаагүй. Гэсэн ч ээждээ чадна гэж хэлсэн учраас хичээх ёстой гэж бодсон. Ингээд визээ хөөцөлдөж эхэлтэл хоёрхон долоо хоногийн дотор виз маань гарчихсан. Гэтэл миний өмнө визээ өгөөд хоёр сар хүлээсэн хүүхдүүд олон байсан. Ингээд 2011оны есдүгээр сарын 26-нд Солонгос улсад сурахаар 10-уулаа ирж байлаа. Эхний зургаан сар Солонгос хэлний бэлтгэлд суугаад үндсэн ангидаа орсон. Гэтэл юу ч ойлгодоггүй. Хамгийн урд суугаад хичээнгүйлэн сонсдог сонсогч л байлаа. Багш намайг “Чингисийн охин” гэдэг байсан. Нэгдүгээр улирлын хичээл дуусаад хоёрдугаар улирлын хичээл ороход чих онгойгоод хичээлээ ойлгож эхлэхэд маш гоё мэдрэмж авч байсан. Үнэхээр хэл сурахад чих онгойх мөч гэж байдаг гэдгийг тэгэхэд мэдэрсэн. Ингээд 2015 онд сургуулиа маш амжилттай төгссөн.
-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-Миний хувьд Солонгост олон ангит киноны багт орж ажиллах мөрөөдөл байсан. Иймээс сургуулиа төгсөөд ажилд орох санаатай багш дээрээ ороод “Би Солонгосд ажиллах хүсэлтэй байна туслаач” гэсэн. Багш маань намайг нэг жижигхэн нэвтрүүлэг бэлтгэдэг газар нэг сая воны цалинтай ажилд оруулж өгсөн. Солонгосдоо бол маш бага цалин. Гэхдээ би голоогүй сурч мэдэж, туршлага хуримтлуулах гэж жил ажилласан боловч маш жижиг компани байсан учраас ирээдүйгүй санагдаж ажлаасаа гарсан. Дээр хэлсэн дээ. Олон ангит кинонд ажиллах мөрөөдөл юм. Бас Солонгосын одуудыг харах хүсэл ч гэсэн байсан /инээв/. Гэхдээ олон ангит кинонд ажиллана гэдэг гадаад хүнд амар олдох боломж байгаагүй. Таньдаг хүмүүсээсээ асуухаар “Том ар байх хэрэгтэй” гэдэг. Тэгээд яахаа мэдэхгүй хэсэг хугацааг өнгөрөөгөөд Монгол явахаар шийдсэн. Монголд очоод намайг үргэлж дэмждэг Солонгос гэр бүлтэй хамт нэг үйл ажиллагаа зохион байгуулсан. Яг тэр үед Солонгосын гарын таван хуруунд багтах продюсертай уулзсан юм. Солонгосд продюсер бол хаан л гэсэн үг /инээв/ Тэр хүнд олон ангит кинонд ажиллах хүсэлтэйгээ дуулгаж амжсан л даа. Гэтэл “Манай компанид ажилд ор” гэсэн. Ингээд л миний мөрөөдөл биелэх эхлэл тавигдсан юм. Зөв бодол зөв амьдрал зорилгодоо хүрэх замыг нээдэг гэдгийг мэдэрсэн. Миний анхны бүтээл маш их хөрөнгө хүч хөдөлмөр шингэсэн бүтээл байсан. Найруулагчийн багт орох хүсэлтээ өгөөд их ажил эхэлсэн юм.
-Анхны киноныхоо тухай...
-Анхны найруулагчийн багт орж ажилласан кино маань Солонгосын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан бүтээсэн MBC телевизийн “Хоёр өөр мөрөөдөл” гэх кино байсан. Хорин тэрбум вонд бүтсэн кино. Киноны зураг авалт 110 өдрийн турш үргэлжилсэн. Энэ ажлынхаа ард гарах мөчид Монгол хүн гэдгээрээ бахархаж, баярын нулимс гарч байсан шүү. Одоо дөрөв дэх төсөл дээрээ ажиллаж байгаа.
-Анх кино төслүүд дээр ажиллахад ямар бэрхшээл тулгарч байв. Тэр дундаа анхны төсөл нь түүхэн кино байж шүү дээ?
- Ажиллах явцад хэлний тал дээр бэрхшээл бол байгаагүй. Хэлэхгүй бол Солонгос хүн л гэж боддог байсан. Найруулагчийн баг гэдэг маш олон хүнтэй харилцаж, тэдний аргыг олох шаардлага гардаг. Хүмүүсийг хооронд нь зохицуулах найруулагчийн итгэлийг олох л хамгийн хэцүү байсан. Солонгосд ажилчдаа маш их ажиглаж алдаа гаргах болов уу гэж байнга харж байдаг. Алхам тутамдаа хүмүүсийн харцан дунд нэг ч удаа анхаарал алдаагүй ажилласан байсан. Маш их хариуцлага дунд эцэст нь тэр олон хүмүүсийн итгэлийг олж чадсан. Хүнд харагдах гэж бус сэтгэлээсээ өөрийн юм шиг ажилласан минь илүү их боломжийг олгосон юм болов уу. Бас гол дүрийн жүжигчнийхээ орлон тоглогчийг хийдэг байсан.
Мөн түүхэн кино гэдэг утгаараа Солонгосын түүхийг бусад хүмүүсээс илүү судлах шаардлага гарсан. Солонгос хүмүүсээс дутахгүй мэдэх ёстой гэж найруулагч үргэлж хэлдэг байсан. Драм маань Монголын түүхтэй холбогдож байсан болохоор илүү үнэ цэнэтэй бүтээл болж үлдсэн. Ер нь кино урлаг гэдэг маш их хөдөлмөр, олон хүний хөлс, ур ухаан, амьдралынх нь ирээдүй шийдэгдэх урлагийн гайхалтай бүтээл байдаг гэдгийг ойлгосон. Хүн хийж байж мэдэрдэг юм байна лээ. Одоо кино хийнэ гэж амархан амнаас гарахаа больсон. Суралцаж байна аа л гэдэг болж хувирсан. Тэр тусмаа ийм том зах зээлд хөлөө олно гэдэг би өөрийгөө хэн ч биш болгож байж амьд үлдэнэ гэдгээ мэдэрсэн. Одоо бол тодорхой хэмжээнд хэн нэгэн болсон.
-Тийм шүү үнэхээр том зах зээлд хөл тавьж чадсан байна. Энэ туршлагаа Монголынхоо кино урлагт зориулах хүсэл байгаа биз дээ. Монгол найруулагчидтай хамтран ажиллах бодол бий юу?
-Мэдээж энэ бүх цаг хугацаа, хүч хөдөлмөр, туршлага маань эцэстээ Монголын минь кино урлагт тус дэм болоосой гэж бодон амьдарч байгаа. Гэхдээ Монголын кино урлаг хэзээ ч хоцроогүй гэж боддог. Зах зээл жижиг л болохоос туршлага, ур чадварын хувьд үнэхээр мундаг санагддаг. Одоогоор зорилгын минь нэг хэсэгт Монгол найруулагч баг хамт олонтой хамтран хоёр орны хамтарсан кино хийх төлөвлөгөө байгаа. Үнэндээ тэр цаг үеийг тэсэн ядан хүлээж байгаа. Саяхан Солонгосын дөрөвдүгээрт ордог энтертайнмент FNC-тэй хамтран ажилласан. Монголд төсөл хийх санал орж ирсэн. Цаашдаа маш их зүйлсийг төлөвлөн хүлээж байгаа.
-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Солонгос жүжигчидтэй хамтарч ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Гурван төсөл дээр ажиллаж байгаа. Залуучуудад зориулсан Romantic comedy "Ийм гентэй хүмүүсийн дурлал" гэдэг ОАК дээр ажиллаж байгаа. Кинонд маань АОА хамтлагийн дуучин Chanmi болон бусад залуу одууд тоглож байгаа. Бас бидний сайн мэдэх Жангумийн хааны дүрд тоглосон Lim ho жүжигчинтэй хамтран “Доктор Х-ын үхлийн ирмэг” гэдэг ОАК-н дээр ажиллаж байгаа. Олны танил олон жүжигчидтэй хамт ажиллаж байсан. Анх маш их сандарч догдолдог байсан. Зан ааш нь телевизээр гардагаасаа илүү өөр. Та яагаад ийм өөр юм бэ, гэж хэлж байсан жүжигчин ч байсан /инээв/. Түүхэн кинон дээр ажилладаг байхдаа би жүжигчдээ хариуцаж байсан. Зурганд орох цагийг нь тааруулж бэлдэж, найруулагчийн үгийг дамжуулах гээд л жүжигчдээ бүрэн хариуцдаг. Маш дотно болсон хүмүүс байгаа. Зургийн талбай дээр үргэлж надад хүч болдог Ji Tae Yu ,Ju Hwan Lim, Sung Tae Heo, Yo Yowon Lee, гээд олон мундаг жүжигчидтэй дотно болсон.
-Солонгос жүжигчдийн онцлог, давуу талууд юу байдаг вэ?
-Солонгос жүжигчидтэй анх уулзаад хүнд аура гэж юм байдгийг мэдсэн. Мэдээж жүжиглэлттэй бол ярих юм байхгүй. Маш өндөр үнээр тоглодог тэр хэмжээгээрээ асар их хөдөлмөр, хариуцлага, зориулалтыг гаргадаг. Одоогоор Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин олон ангит киноны нэг ангид 200 сая вон авч байгаа. Тэд зургийн талбай дээр хэнийг ч ялгахгүй харьцаж, хамгийн доод албан тушаалтай хүнтэй илүү ойр байхыг хичээдэг юм шиг санагдсан. Залуу шинэ жүжигчдийн хувьд өөрийгөө хэн ч биш болгож, их золиос гаргаж чаддаг. Тэр хэмжээгээрээ стаф болон найруулагчийн нүдэнд өртдөг гэх үү дээ. Нэг дутагдалтай талаа харуулахад тэр хүний ирээдүй хэцүү болдог. Цуу яриа гэдэг Солонгосын урлагт маш том орон зайг эзэлдэг. Том зах зээл ч гэсэн урлагийн салбар нь маш жижиг бас асар их өрсөлдөөнтэй.
-Уран бүтээлч хүний хувьд цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Манай гэр бүлээс нэг ч хүн хил давж үзээгүй байсан. Анхных нь би байсан. Анх Ээж маань жоохон охиноо хол явуулаад их уйлж, санадаг байсан гэсэн. Харин ээж маань одоо “хожсон байна” гэж ярьдаг. Би ч бас 19 насандаа бодож мөрөөдөж байсандаа хүрч ирээдүйнхээ эхлэлийг тавьсан юм болов уу гэж боддог. Энэ эрчээрээ Солонгосын урлагын салбарт хүчээ үзэж продюсер болохыг зорин ажиллаж байгаа. Солонгосд бол бүх зүйл боломжтой гэдгийг олж харсан. Энэ жил Америк гаралтай Солонгос жүжигчин Холливуудад албан ёсоор хөл тависан. Солонгосчууд цаашдаа Холливуудад гарах боломж бага багаар нээгдэнэ гэж харж байгаа. Кино урлагт хайртай хүний хувьд Холливуудыг мөрөөдөл болгон зорин ажиллаж байна. Амаргүй ажил байх гэхдээ бодол бүхэн минь биелэх болно гэж итгэж байгаа. Эцэст нь Монголынхоо кино урлагт сурсан мэдсэнээ нэгтгэн дэлхийд гаргах л миний зорилго болоод байгаа. Одоохондоо хариуцлага гэдэг үгийн үнэ цэнийг мэдрэн маш их зүйлийг суран ажиллаж байгаа.
П.Гоо
Эх сурвалж: Olloo.mn
Сэтгэгдэл