Ирэх жил болох УИХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандат буюу хаана хэдэн хүн нэр дэвшүүлэх вэ гэсэн мэтгэлцээн эхлэх нь. Өнгөрөгч сонгуулиар 76 тойрогт тус бүр нэг хүн нэр дэвшүүлэн өрсөлдсөн намууд энэ удаа тойргоо томсгож, тоог нь цөөлөхөөр болж байна. Ингэснээр тойргийн тоо, түүнд ногдох мандатыг хаана, хаана хэдээр тогтоох вэ гэсэн тактикийн ажил өрнөж буй юм. Эл хувилбарыг манайх 1992, 2008 оны сонгуульд ашигласан. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч мажоритар хувилбараар сонгосон 48 гишүүн одоогийнхоор буюу олон мандаттай томсгосон тойргоос гарч ирсэн билээ. Ингэхдээ 1992, 2008 онд 26 тойргоос 76 гишүүнийг сонгосон.
Аль алинд нь 21 аймгийг 21 тойрог болгож 56, есөн дүүргийг зургаан тойрогт хуваан 20 гишүүн сонгосон түүхтэй. 1992 онд нийслэлийн Ажилчны, Туул, Багахангай районыг хамруулан 21 дүгээр тойрог болгож, хоёр мандат хуваарилж байсан нь 2008 онд тус тойрогт Хан-Уул, Багахангай дүүргийг хамааруулснаас өөрөөр огт өөрчлөгдөөгүй гэсэн үг. Гэхдээ 16 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам өссөн, сонгогчийн тоо нэмэгдсэн. Ингэхдээ хөдөөнөөс нийслэлийг зорих их нүүдэл эхэлж, хүн амын тал нь Улаанбаатарт төвлөрөх суурь тавигдсан. 1992 онд УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн 70 гаруй хувь нь аймгуудад амьдарч байв. УИХ Монгол Улсын ард иргэдийн төлөөллийн бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага талаас нь хэлбэл, хөдөөнөөс сонгосон 56 гишүүн хүн амын 70 гаруй хувьтай дүйж байсан хэрэг. Харин 2008 онд хөдөөгийн сонгогчдын тоо 10 гаруй хувиар буурч, нийслэлийнхэн мөн хэмжээгээр нэмэгдсэн. Гэвч тойргийн болон мандатын тоо огтхон ч өөрчлөгдөөгүй. Өдгөө, 11 жилийн дараа Улаанбаатарт нийт сонгогчийн (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бичигдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэв) 50 орчим хувь нь байгаа тохиолдолд тойргийн тоо хийгээд түүнд ногдох мандатын хуваарилалтыг хуучнаар нь үлдээх үү.
Ер нь томсгосон, жижигсгэсэн мажоритар болон холимог хувилбарын аль нь ч бай өнгөрсөн долоон удаагийн сонгуульд нийслэлд хамгийн ихдээ 28 мандат олгосон байх аж. Энэ нь 76 суудлын гуравны нэгтэй л дүйх үзүүлэлт. Түүх сөхвөл, МАХН буюу одоогийн МАН 2008 онд томсгосон мажоритар хувилбараар явуулсан сонгуулийн үр дүнд 39 суудал авч илүүрхээд, дараагийн сонгуулийн дүрмийг өөрийнхөөрөө зохиосон. Тэр нь хувь тэнцүүлсэн 28, томсгосон мажоритар хувилбараар 48 гишүүн сонгох холимог хувилбар байсан. Ингэхдээ тойргоос сонгосон 48 гишүүний 28-ыг нь нийслэлээс сонгохоор хуульчилж байв. Энэ нь тойргоос сонгосон гишүүдийн бараг 60 орчим хувийг нь Улаанбаатараас сонгосон хэрэг. Харамсалтай нь, тэдний бодож олсон эл хувилбар Ардын намынханд ээлтэй байгаагүй. Тус сонгуулиар МАН ердөө 26 суудал авч, сөрөг хүчин болсон.
Ингэхдээ нийслэлийн тойргуудаас Д.Сумъяабазар ганцаархнаа сонгогдсон түүхтэй. Улмаар эрх барьж байсан АН-ынхан 2016 оны сонгуулийн дүрмийг зохиохдоо мөн л өөрсдөдөө давуу тал авчирна гэж тооцсон хувилбараа хуульчилсан. Жижигсгэсэн мажоритар буюу 76 тойрог бүхий хувилбарынх нь 28-ыг нь Улаанбаатараас сонгохоор зурсан. Парламентын түвшинд тойрог хуваах тулаан ид өрнөж байхад сөрөг хүчин МАН-ынхан “Та нар нийслэлээс олонхын санал авдаг учраас хотын тойргийн тоог нэмлээ” хэмээн АН-ынхныг шүүмжилж байв. Харамсалтай нь, энэ удаа АН-ынхан навс ялагдаж, МАН үнэмлэхүй олонх болсон. АН-ынхан ердөө есөн суудал авсны гурав нь нийслэлийнх байлаа. Харин одоо эрх баригч Ардын намынхан дараагийн сонгуулиар гарч ирэх нүхээ малтаж байна. Нэгэнт одоо мандат хуваарилах эрх нь тэдэнд байгаа учраас МАН-ынхан үүнийг бодолцож, болгоомжтой хандах нь ойлгомжтой. Ингэхдээ өнгөрсөн сонгуулиар нийслэлд хуваарилсан 28 суудлаасаа сугалж, цөөрүүлэх үү.
Хэдийгээр нийслэлд олгож ирсэн мандатын дээд хэмжээ болох 28 суудал нь хүн амын тоотой дүйхгүй ч чамлаж болохгүй. МАН-ынхан хүрсэн үр дүнгээсээ буцаж, хотын мандатаас хумслахгүй байгаасай гэж залбирах ёстой байж ч мэднэ. Томсгосон мажоритар хувилбараар сонгууль хийж ирсэн туршлагаас харвал тогтмол 26 тойрог байгуулсан байх аж. Ингэхдээ зургаан тойрог нь нийслэлд хуваарилагддаг. Нийслэлийн мандатыг цөөрүүлэхгүй, хүрсэн үр дүнгээсээ буцахгүйгээр томсгосон тойргуудад мандат хуваарилна гэвэл Улаанбаатарын зургаан тойргоос 28 гишүүн сонгож таарна. Энэ тохиолдолд тойргийг нь томсгож, тоог нь өөрчилсөн ч аль аймгаас хэдэн хүн нэр дэвших вэ гэдэг нь өмнөх сонгуулийнхаар буюу өөрчлөгдөхгүй байж болох юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн нэг, хоёр, гуравдугаар тойрог тус бүрт нэг хүн дэвшүүлэх бус, Архангай аймгийн нэгдүгээр тойрогт гурван хүн өрсөлдөх л хэрэг. Ингэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо “усалсан” өнөөгийн гишүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж сандрах нь бага байж мэднэ.
Томсгоод, тойргийн дугаарыг нь л өөрчлөх үү гэдэг нь эрх баригчдын шийдэх хэрэг. Юутай ч УИХ төлөөллийн байгууллага болохын хувьд тэнд сонгогдох гишүүн хүн амын төлөөллийг жигд хангасан байх учиртай. Тиймээс ч ард түмнээс шууд сонгогдсон нь илүү, хэн нь олон сонгогчийг төлөөлж байна вэ гэдгээрээ гишүүд зиндаархах нь бий. Жишээ нь, 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан сонгуулиар пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбараар гарч ирсэн 28 гишүүнд “Намын нэрээр гарч ирсэн хүмүүс. Та нарыг бодвол бид тойрогтой, сонгогчтой түшээд” гэх үгийг нөгөө 48 нь үе үе хаягладаг байсан нь нууц биш. Мөн парламентад орж ирсэн хойноо “Чамайг бодвол би төдөн хүний санал авч гарч ирсэн” хэмээн бие биенээ дээрэлхэх нь бий. Тиймээс тухайн гишүүний ард хэдэн сонгогч байгаа вэ гэх зиндаархал хэдийн үүссэн гэсэн үг. Тэр хэмжээгээр улс орныг хамарсан нэгдмэл, жигд бодлого урагшлах уу, жалга дов тойрсон үзэл санаа газар авах, эсэх нь хамаарна. Хэрэв урьдын адил хотоос 20, хөдөөнөөс 56 гишүүн сонговол хүн амын тал нь суурьшсан, тэр хэмжээгээр асуудлууд овоорсон нийслэлийг төлөөлөх түшээд аймгуудаас мандаттай хүмүүсийн өмнө хүчин мөхөстөнө. Тэд Улаанбаатарын иргэдэд урьтаж санаа тавихгүй.
Үүнийг бүгд мэддэг. МАН-ын нийслэлийн хороо, фракцынхан энэ талаар огт ярьдаггүй юм биш. Гэхдээ газар авдаггүй. Учир нь УИХ-аас гадна Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиудаас харахад нийслэл болон хуучин хотын статустай байсан Дархан-Уул, Орхоны сонгогчид АН-ыг илүүтэй дэмждэг нь анзаарагддаг. Жишээ нь, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аймгуудын нэгдсэн дүнгээр 50.25 хувийн санал авсан Н.Энхбаяр хөдөөд ялалт байгуулсан бол Ц.Элбэгдорж нийслэлийн сонгогчдын 55.59 хувийн саналыг авснаар нийт дүнгээрээ илүүрхсэн.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл