Толгойтын замд 30 жилийн дараа их засвар хийнэ


Толгойтын замд 30 жилийн дараа их засвар хийнэ

 

Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 урт метр, 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажлын нээлт өчигдөр боллоо.

Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг анх 1978 онд, Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг 1985 онд ашиглалтад оруулж байжээ.

Тус замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байгаа бөгөөд өнөөг хүртэл их засвар хийж байгаагүй юм.

Энэ замыг 4 эгнээ, зорчих хэсгийн өргөнийг 14 метр болгож, 2 талдаа 2,85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгоно.

Гүйцэтгэгчээр "Тотал инж” ХХК ажиллаж байна. Замын нэгдүгээр хэсэг буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг долдугаар сарын 5-нд, харин хоёрдугаар хэсэг буюу Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 30 гэхэд шинэчлэн дуусгаж, 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Барилга угсралтын ажлын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргаЭ.Бат-Үүл "Сонгинохайрхан дүүргийн иргэд Толгойтын замыг шинэчилж өгөх хүсэлтийг олон удаа ирүүлсэн. Гэвч уг замын ажлыг гүйцэтгэх компани олдохгүй байсан. Өмнө нь  энэ замын ажлыг гүйцэтгэх компанийг хоёр удаа сонгон шалгаруулж байсан ч тэнцсэн компаниуд замын ажлыг эхлүүлж зүрхлээгүй. Харин "Тотал инж” ХХК богино хугацаанд замын ажлыг гүйцэтгэхээр болсонд маш их талархаж байна. Иргэдийн хүсэн хүлээсэн энэхүү замыг өргөтгөн шинэчлэх ажил биеллээ олж  байгаад баяртай байна” гэжээ.

Тус замыг улсын төсвийн хөрөнгөөр Хөгжлийн банкны эх үүсвэрээр барих бөгөөд 230 айлын газрыг чөлөөлөх юм. Одоогоор айлуудад газар чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.