- Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 99 хувь нь 10 хувиа бүтнээр авахыг дэмжжээ
- 2019 онд улсын төсөвт оруулсан татварын орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголт даваа гарагаас иргэдийн дансанд орж эхэлсэн. 2019 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 148 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөд эргүүлэн олгохоор болсон. Энэ нь 2018 онтой харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн. НӨАТ-ын буцаан олголтыг энэ удаад 912 мянган иргэн авч буй. Цаашид буцаан олголтыг улирал бүр олгохоор болсон. Тодруулбал, энэ оны эхний улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх юм. 2019 онд улсын төсөвт оруулсан татварын орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн бөгөөд энэ нь 2016 онтой харьцуулахад 94 хувиар өссөн дүн. Эргэн сануулахад, 2016 онд 35.1 тэрбумыг буцаан олгож байв. Өнгөрсөн онд сугалаанд хамрагдаж азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөг олгосон байна. "Засгийн газрын мэдээ” сонин цахим хуудсаараа дамжуулан "НӨАТ-ын сугалааг зогсоож, татвар төлөгчид төлсөн 10 хувиа бүтнээр нь буцаан авдаг болгоё гэвэл та дэмжих үү” гэсэн санал асуулгыг зохион байгууллаа. Гурав дахь хоног дээр үргэлжилж буй энэхүү санал асуулгад оролцсон иргэдийн 99 хувь нь 10 хувиа бүтнээр авахыг дэмжсэн байна. Одоогийн байдлаар уг судалгаанд 2000 гаруй иргэн хамрагджээ. НӨАТ далд эдийн засгийг хянах систем бөгөөд татвар биш юм. Гэтэл манай улс уг системийг Францаас нэвтрүүлэхдээ "буцаан олголт” гэх үгийг хассанаас болж хамгийн харгис татвар болж хувираад байна. Дэлхийн бусад оронд 10 хувиар НӨАТ авсан бол оны эцэст 10 хувиа буцаан олгодог. УИХ-ын гишүүн Н.Оюундарь НӨАТ-ын буцаан олголтын одоогийн 20 хувийг 70 болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувь болгосноор улсын төсөвт харин ч эерэг нөлөө үзүүлнэ гэж тэрбээр мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл