Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хар тамхины хэрэг замхрах уу


Хар тамхины хэргээр дуулиан шуугиантайгаар баригдаж хоригддог ч удалгүй асуудал намжиж, хэрэг замхардаг. Үүний нэг жишээ Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охины холбоотой гэгдэх хар тамхины хэрэг юм. Сануулахад,Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан байдаг.

Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авч, дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон тухай мэдээлж байв. Улмаар нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын иргэн Болдбаатарын Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангуа, Лай Фужун нарт Эрүүгийн хуулийн 20.7-2 2 дахь хэсэгт заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. 

БНХАУ-аас хар тамхи оруулж ирж зарсан гэх өвөрлөгч эмэгтэй Нарангуа, хятад иргэн Лай Фужун нараас У.Анхбаяр гэх залуу бараагаа авсан тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин У.Анхбаярыг саатуулах үед дэд сайдын охин Б.Буянжаргал хамт байсан гэж байгаа. Энэ хэргийн холбогдогч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Эрүүл мэндийн дад сайдаар ажиллаж байсан Болдбаатарын охин Буянжаргал нь нэгдүгээр сард хоригдсон дараа сар нь буюу хоёрдугаар сард батлан даалтад гарсан байна. Хэргийн талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дээр уг хэрэг шалгагдаж байна. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ учирлаж байв. Ийнхүү хоёр дах удаагаа хар тамхины хэрэгт холбогдсон сайд асаны охиныг ганцхан сар хориод батлан даалтад гаргасан байх юм. Монгол Улс хар тамхи хэрэглэгчдийн хувьд диваажин болсныг илтгэх баримт бол энэ юм. Ингэж л хар тамхичид өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.