СХД-ийн сурагчид үнэгүй дата ашиглан ЭЕШ-д бэлдэх боломжтой боллоо


СХД-ийн сурагчид үнэгүй дата ашиглан ЭЕШ-д бэлдэх боломжтой боллоо

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д амжилттай бэлдэхэд нь туслах зорилгоор “Багшийн туслах 800” аппликейшнтэй хамтарч ажиллахаар болжээ. 
Сонгинохайрхан дүүргийн хувьд энэ жил 1640 сурагч ЭЕШ өгөх юм. Тэгвэл тус дүүргийн ЗДТГ мөн Мобиком компанитай хамтран сурагчдадаа сар бүр 9 GB дата эрхтэй симийг олгохоор болсон байна. Ингэхдээ тэрхүү дата эрхийг “Багшийн туслах 800” апп-ыг ашиглахад хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавихын тулд эцэг эхчүүдтэй гэрээ байгуулан ажиллах юм байна.
Уг аппликейшны тухайд, 2020 оны хоёрдугаар сарын 2-нд анх зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд ЭЕШ-д зориулсан хичээлүүд, 2013 оноос хойших ЭЕШ-ын бүх жишиг тестүүдээс гадна мөн хөл хорио тогтоосонтой холбогдуулан 1-12 дугаар ангийн теле хичээлүүдийг эндээс үзэх боломжтой. Теле хичээлийг 14 хоногийн туршилтын хугацаанд үнэ төлбөргүй үзэж болох аж.

“Багшийн туслах 800” ХХК-ийн маркетингийн менежер Л.Удвал “Уг аппликейшнийг Япон улсын боловсролын тэгш бус байдлыг арилгахад маш том хөшүүрэг болсон Study sapuri онлайн платформаас анх санаагаа авч үүсгэн байгуулсан. Япон улсын технологийн компанитай хамтран эх орондоо аппликейшн байдлаар нутагшуулсан гэж ойлгож болно. Манай сонгож авсан багш нар элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой хичээл, мэдээ материал, ном сурах бичиг зэргийг ашиглан хичээлийн хөтөлбөрөө өөрсдөө гаргадаг. Ингэхдээ ЭЕШ-д зориулсан хөтөлбөрүүдийн хүрээнд сэдэв, агуулгаа гаргаад хичээл бүр дээр тест, сорил зэргийг аппликейшн дээр байрлуулсан. Энэ нь зөвхөн манай аппликейшнд зориулсан ЭЕШ-ын тусгай хөтөлбөрөөр хичээлээ заадаг гэсэн үг. Төлбөрийн хувьд сарын 30 мянга, жилээр нь төлбөл нэг сард ногдох төлбөр нь 18 мянган төгрөг болно” гэсэн мэдээллийг өглөө.
Апп-ыг анх ашиглахдаа хэрэглэгчийн бүртгэлийг үнэн зөв, анхааралтай бөглөх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Бүртгэл үүссэн бол 5-10 минутанд баталгаажилт үүснэ. Хэрэв өөрийн мэдээллийг өөрчлөхийг хүсвэл 70-100-800 лавлах утсанд хандахыг зөвлөлөө.
“Багшийн туслах 800” апп-ыг нээснээс хойш одоогоор 10 мянга орчим хүүхэд захиалга өгсөн бөгөөд 7000 орчим хүүхэд идэвхтэй хэрэглэж байгаа аж. Төгсөх ангийн сурагчдын хувьд хямд зардлаар чанартай хичээлүүдээ үзэх боломжтой болж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна. Мөн тэд урт хугацааны хөл хорио тогтоосон энэ үед уг аппликейшнийг ангиараа ашиглах болсныг дурьдаж байлаа.
12-р ангийн сурагч Б. Номин:
-Багшийн туслах 800 аппликейшны талаар анх сургуулийнхаа багшаас мэдээлэл авсан. Хотын төвөөс алслагдсан дүүргийн сурагчдын хувьд хамгийн түгээмэл байдаг асуудал бол суралцах боломж ялгавартайгаар хүртээгддэг буюу сургуулийн орчин нөхцөл хангамж муутай, интернетийн хомс байдал, сургалтын төвүүд  хотын төв рүү хэт бөөгнөрсөн гэх мэт маш олон бэрхшээл байдаг. Харин дээрх аппликейшн нь гэрээсээ хямд зардлаар өндөр чанартай хичээлүүдийг үзэх, ойлгохгүй үедээ ухрааж үзэх, мэдлэгээ бататгаж тест ажиллах гэх мэт маш олон давуу талуудтай санагдсан.
12-р ангийн сурагч Г. Гэрэлт-Од:
-Багшийн туслах 800 аппликейшны талаар найзаасаа сонсож мэддэг болсон. Карентин тогтоосон үеэс хичээлээ хийхэд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол дата юм. Харин энэ аппликейшн ашиглах дататай ирнэ гэсэн санаа нь яг одоо үед хамгийн оновчтой шийдвэр байна лээ. Харин апп руу нэвтрэхэд и-мэйл хаяг руу баталгаажих мэдээлэл удаан ирж байгаа мөн бүртгүүлэхэд оруулсан мэдээллийг засварлаж болохоор сайжруулмаар байна” гэсэн юм.
Цаашид “Багшийн туслах 800” апп-д тусгай хөтөлбөр буюу хувь хүний хөгжил талаасаа хичээлүүд оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал,  сонирхолтой одон орон, дижитал арт, хөгжмийн сургалт, мөн гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, IELTS, TOFEL, SAT гэх мэт хичээлүүд ирэх зургадугаар сараас тусгай контент хэлбэрээр орох юм байна.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ сурагчдадаа үнэгүй дата, ухаалаг утсаа ашиглан элсэлтийн шалтгалтандаа бэлдэх таатай нөхцлийг бүрдүүлж өгөхөд бэлэн болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.