Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу


Олон жил уралдсан хурдан морьд “жагсаалаас хасагдсан” ч наадам дөхөх тусам хар аяндаа л өөрийгөө сойдог гэдэг. Түүн лугаа адил Монголчууд ч сар, шинэ наадам буюу үндэсний хэмжээний баяраа хэн хүнгүй л өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэдэг. Гэхдээ яг энэ цаг үед бол ”юун наадам”. Дэлхий нийтээрээ цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ өвчинтэй тэмцэж, сөхөрчихгүйг хичээн зүтгэж байхад монголчууд наадам ярьж байгаа нь мөхөл рүүгээ ойртох гэж буйн илрэл гэж харагдаж байна.

Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил, шийдлийг ашиглан ард түмэндээ хүргэнэ гэж зарлав. Тэгсэн хэрнэ ухаан нь самуурсан хүн шиг “огт үзэгчгүй, цахим наадам болно гэж ташаа ойлгож болохгүй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга. Энэ нь нийслэлчүүдийн нэг хувьд ч хүрэхгүй хүн ам. Тэгээд ч Үндэсний баяр наадмын тухай хуулиар онц байдал зарлахаас бусад тохиолдолд үндэсний баяр наадмыг хийх эрх зүйн зохицуулалттай” гэчихэв. Онлайнаар үзүүлэхээр болов уу, онц байдал зарлаагүй учраас наадамлахаар болчихов уу... Түүгээр ч зогсохгүй худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ жил янз бүрийн ажил үйлчилгээ эрхлэхгүй, нийтийн тээврийн үйлчилгээ явуулахгүй. Зөвхөн наадмын нээлт хаалт л болох гэнэ.

Морь, бөх хоёроо дээдэлдэг монголчууд энэ хоёрыгоо харахыг хүсэх нь мэдээж. Цар тахлын нөхцөл байдалд наадамлаж байгаа учраас бөхчүүд коронавирусын шинжилгээнд хамрагдсан байх, төв цэнгэлдэх хүрээлэнд засвар үйлчилгээ хийхгүй зөвхөн ариутгал халдваргүйтгэл хийсэн байх юм гэнэ.

Суугаад наадамлах нь тийм байж. Тэгвэл хурдан морь унах хүүхдүүдээ яах болж байна вэ. Халуун салхи сөрөн хурдлах хүүхдүүд амны хаалттай  байх уу, моринд нь бас маск зүүлгэх үү гээд асуудал захаас аван байна. Байдал ийм байхад наадамлах гэж муйхарлахын хэрэг юун. Сар шинийн баяраа тэмдэглэхгүйгээр болоод л ирсэн. Албан газар, айл өрхүүдийн төсөвт ч сайнаар нөлөөлсөн гэх судалгаа бий. Гэтэл эдийн засаг суларсан энэ цаг үед баяр наадам хийхээр хөөрцгөөж байгаа нь “Жил бүр  төсвөөс тоншдог хэдэн төгрөгөө үгүйлэхдээ л тэр“ гэх хардлага дагуулж байгааг нуух юун. 

Эцэст нь хэлэхэд наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу. Бодох л асуудал. Тэгээд ч НАЙМАН удаагийн үнэлгээгээр “ӨНДӨР  ЭРСДЭЛТЭЙ” гэж гарчхаад байхад “НААДАМ ЦААШАА” л байна шүү. 

С.Туул

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.