У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим томилгоог хийлээ. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн хүнд үйлдвэрийн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД-аар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийг, Соёлын яамны ТНБД-аар Г.Эрдэнэбатыг томилсон бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Б.Цэнгэл удирдахаар болж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд
Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрбээр Ерөнхий сайдын нутгийн хүн юм. Ж.Болд 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль, 2007-2008 онд Удирдлагын академийг төгссөн байна. 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2006 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч болсон байна. Мөн 2015-2017 ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын үүргийг гүйцэтгэсэн байна. Улмаар 2017 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдож байжээ. Түүний энэ томилгоог Ерөнхий сайдтай холбож тайлбарлах нь бий. 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байсан юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Г.Загджав
Өмнөх Засгийн газрын үед Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Г.Загджавыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилжээ. Гэвч түүнийг хуулийн чиглэлээр ажилласан туршлага бага гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тэрбээр 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байсан аж. Г.Загджав нь "Алтай интернэйшнл" компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 2000 оноос хойш найман жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Улмаар 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж
Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй нэгэн. Тэрбээр 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаас эхлээд Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга болтлоо тушаал дэвшсэн нэгэн аж. 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх болж байжээ. Харин 2018 оноос УБЕГ-ын даргаар томилогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас СЕХ-ны орон тооны бус гишүүнээр сонгогдон ажилласан. Түүнийг төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн албан хаагч хэмээн салбарынхан нь үнэлдэг аж.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга
Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 1985–1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүх, нийгмийн багш, 1997–2000 онд МУИС-ийн докторантур, улс төр судлаач, 2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. 1983 – 1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990–1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994–2000 онд “Алтайн Кашмир” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж. Мөн 2000–2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007–2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009–2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013 – 2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдож байгаа нь энэ аж.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэл
1990 онд ЗХУ-д Иванаво хотын их сургуулийг төгссөн тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд менежерээр ажиллаж байгаад 2001 оноос Гаалийн ерөнхий газарт хяналтын шуурхай албаны даргаас Улаанбаатар дахь Гаалийн газарт орлогч дарга хүртэлх албан тушаалыг хашиж байжээ. 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж, 2012 онд Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд болсон байдаг. 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөхөөр ажилласан. 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүрэг гүйцэтгэж байжээ. 2017 оноос “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарын бичгийн даргаар Г.Эрдэнэбатыг томилжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбатыг олон нийт 1990-ээд оны нийтийн дууны гол төлөөлөгч гэдгээр нь илүү мэднэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тэрбээр УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр дүүргэж байжээ. 1997 онд МУГЖ болж байсан Г.Эрдэнэбат УДБЭТ-ийн захирал, Монгол Улсын Консерватор буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар томилогдож байсан. Гэхдээ дуучин Г.Эрдэнэбат Засгийн газарт “Тэтгэвэртээ гарах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл өгсөн гэдэг. Ийнхүү шинэ яам Төрийн нарийн бичгийн даргаа томилж, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгсөн байна.
Npost.mn Б.Бадралмаа
Сэтгэгдэл