Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...


Эл этгээд зургийг 2015 онд Монголын ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн Оросын ГХ-ны сайд С.Лавровын урилгаар Москвад айлчлах үед сэтгүүлчийн ажлаа хийж явахдаа татуулсан юм. Л.Пүрэвсүрэн, С.Лавров нар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийхийн өмнөх агшин. Сайд нарын суудлын чанх ар талд байрлуулсан хоёр улсын далбаа энэ юм. Зөндөө гуйлгатай очсон зөрүүд Монголын нэг муу сэтгүүлч нь хүртэл сэхүүн гэж өөртөө үглээд л сахилгагүйтчихсэн санаатай ха ха. Энэ айлчлал хоёр талаас харилцан айлчилдаг амьд харилцаа тасраад есөн жил болсны дараа болсноороо онцлог. Тиймээс Л.Пүрэвсүрэн онгоцноос буумагцаа Монголын хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр айлчлалаа албан ёсоор эхэлнэ гэж монгол ёс, жудаг, чанар заан урьдчилан мэдэгдсэн байдаг. Монголыг төлөөлж байгаа гэдэг утгаараа Л.Пүрэвсүрэн оросуудын монголчуудад тулгасан тэртээх 1937 оны нүглийг ийнхүү найрсагаар сануулж, Москва ч хүндэтгэн угтаж, хүлээцтэй хандаж, Монголын талын хүссэн болгонд толгой дохихоос аргагүй болсон юм даг. Үүгээрээ би дипломат бодлого, харилцаа, за бүр дипломат харц, хөдөлгөөн, биеийн хэл, битүү хэл гэдэг чинь яах аргагүй тусгай мэргэжлээр дамжин хүнд хоногшин суудаг чадвар гэдгийг хэлэхийг хүсч байна. Л.Пүрэвсүрэн ГХ-ны сайдаар ажиллаж байхдаа дэлхий мэдэхгүй байсан Ц.Элбэгдоржийг дээлтэй, ааштай, авиртай нь цэнхэр гаригийнханд танилцуулж, Монгол Улсын гадаад харилцааг алхам урагшлуулсан даа. Үүнтэй хэн ч маргахгүй. Үр дүнд нь Элбэгээ ч энэ тал дээр яахын аргагүй томорсон. Харамсалтай нь мэргэжил, мэдлэг чадвар, мэдрэмж, зангарагаар авч явдаг дипломат харилцаа, дипломат бодлого улс төрийн томчуудын хүүхдүүдийн албан тушаалд хүрэх хөнгөн наадгай, хөл дүүжлэх хөөрхөн уналга болоод удлаа. Хор уршиг нь өнөөдөр их тод харагдлаа. Хоймроо эзлээд сууж байх учиртай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань Хятадын ГХ-ны сайд Ван И-гийн тухалсан уулзалтын өрөөний үүдэнд хүүхэд шиг зогсчихоод хөгийн царайгаа үзүүлцгээлээ. Олон нийт ч үүнд огшин бухимдаж байна. Ван И Герман, Итали, Франц зэрэг Европийн таван оронд айлчлаад харихдаа Монголд саатаж, ГХ-ны сайд Энхтайвантай хэд хэдэн гэрээ үзэглэсэн. Үүний нэг нь Монгол, Хятадын хоорондын хилийн боомтыг гурваар нэмэгдүүлэх тухай байлаа. Европт айлчилсан нь Америкаас өрсөж хөгшин Европт таалагдах зорилготой. Монголд айлчлахдаа 700 сая юань буюу 280 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн тухай хэвлэлийнхэн бичиж байна. Сая доллар юм даа. За зүгээр өнгөрсөн цагаан сараар манай энхрий хайрт Ерөнхийлөгч тэтгэврийн зээл тэглэхдээ юун 280 тэрбум, 700 гаруй тэрбум төгрөг тараагаад цацчихсан хүн шүү дээ. Ингээд харахаар тусламж ч бай, зээл ч бай бусдаас гуйж, бөхийж авахдаа бид Ерөнхийлөгчөө жижигрүүлэх хэмжээний үнэ төлдөг юм байна. Ерөнхийлөгчийн ард Монгол Улс жижгэрч байгаа нь бас үнэн. Ерөнхий сайдтай хамт есөн тугт Монгол бөхөлзөж байгаа нь ч үнэн. Чухам яагаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзалтын танхимд гаднаас орж ирж, зочин нь хоймор эзэлснийг энэ албан айлчлалыг дэглэсэн ГХЯ-ны ажилтнууд тайлбарлах үүрэгтэй. Бичгийн соёлд хүртэл улсынхаа нэрийг бусад орнуудын урд бичдэг дэг жаяг бий гэдгийг сануулъя. Ван И-г Европийн холбоо жижигрүүлж, Уйгар Шинжааны хүний эрхийн асуудлыг хөндөн хятадуудад хатуурхсаны дараа Монголын төрийн томчууд бие болоод сэтгэлийн хэлээ ийнхүү түргэн түүхий дэлгэсэн нь чухам ойлгомжгүй байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ван И-д хандан "Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдалд би санаа зовниж байна. Монгол хэл бичиг бол бидний үнэт зүйл. Та бүхэн хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Дэлхий даяар тархсан Монголчууд үүнд маш эмзэг хандаж байна" гэж онцолж хэлсэн хэдхэн өгүүлбэр л энэ удаагийн айлчлал тусгаар Монгол Улсад болсон гэдгийг нотлон түүхэнд үлдэх нь. Өөрөөр бол эзэн нь колони улсаа эргэхдээ хоймортоо заларчихаад, хоточ хөтөч нарынхаа тайланг сонсож байгаа юм шиг л харагдаж, бодогдож байна. Цаашдаа чих халууцуулаад байдаг Хүрэлсүх, Баттулга, Занданшатар нарыгаа олон улсын харилцаа, дипломат ёсонд сургаж, дадуулахгүй бол энэ байтугай онигоонд орно шүү. Тэртэй тэргүй хоёр хөршдөө уяатай жижигхэн Монголыг тив дэлхийд төлөөлөхдөө том бай даа, гурав аа! Биеийн хэл, бэлчээрийн хэл, сэтгэхүйн хэл, сэтгэлзүйн хэл чинь том байж гэмээнэ эр зориг, их ухааныг энэ дэлхий үнэлэхгүй гээд хаачих юм? Хаачих ч үгүй, хүрээд ирдэг гэдгийг нөгөө надад хүртэл муу хэлүүлж, модоор цохиулдаг Элбэгээ харуулсан л биз дээ.

Р.ЭМҮЖИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.