“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?


“Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй” гэж жил хагасын өмнө мэлзэж байсан Б.Ундармаа гишүүн асан эцэстээ үнэнд гүйцэгдсэн ч өнөөдөр өөр нэг хэрэгтээ ял завшин бултах замаа олов бололтой. Олов гэхээс илүү олгосон гэвэл үнэнд нийцнэ гэлцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийг хууль бус үйлдлээр гадны банкинд барьцаанд тавьсан гэх хэргээр Ш.Батхүүгийн хамсаатнаар шүүгдээд өнөөдөр дөнгөж сая цагаатгагдсан Г.Алтан бол энэ банкны  бараг хамгийн том хадгаламж эзэмшигч байсан гэдэг. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын хадгаламжтай байсан гэх ба тухайн үед мөнгөө хэсэгчлэн татсан гэсэн шуугианы эзэн тэрээр Б.Ундармаагийн банк татан буугдах нь гэсэн мэдээллийг урьдчилан мэдсэн нь анхаарал татдаг юм.

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 16 үйлдвэр, аж ахуйн байгууллагын хөрөнгө оруулалттайгаар 1990 оны есдүгээр сарын 15-нд анх байгуулагдаж “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр арилжааны банкны анхны зөвшөөрлийг авч байсан, хожим нь “Шинэчлэл”, “Капитал” нэрээр өөрчлөгдөөд байсан Капитал банк 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буугдсан.

Капитал банкны дампуурлыг зарлахаас өмнө нөхцөл байдал нь хүндэрсэн гэдгийг хаа хаанаа мэдэж байсан ч төрийн хэдэн зуун тэрбум төгрөгийг татах санаа хэний ч толгойд ороогүй нь хачирхалтай.

Одоо бас Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд мөн яг ийм зарчмаар дампуурлаа зарлах дээрээ тулсан бөгөөд мөн л улсын мөнгийг эзэд нь хэсэг хүмүүстэй хуваагаад “залсан” сураг дуулдана лээ.

Б.Ундармаа мөн нөлөө бүхий эрхмүүдтэй нийлж:

-ЭМД-ын ерөнхий газрын 136 тэрбум

-НД-ын ерөнхий газрын 104.1 тэрбум

-Хөгжлийн банкны 56.4 тэрбум

-ЖДҮХС-ийн 42.9 тэрбум

-Сангийн яамны 16.8

-АШУҮИС-4.1 тэрбум

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар – 3.9 тэрбум

-Нийслэлийн ЖДҮХС- 3.7 тэрбум

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар – 1.9 тэрбум

-Татварын ерөнхий газар – 1.5 тэрбум (төлөх ёстой татвар)

-МУБИС – 2.9 тэрбум гээд цааш үргэлжлэх мөнгийг “саасан” байхыг олон нийт үгүйсгэдэггүй тул дээрх хоёр банкинд өнөөдөр тулгамдаад буй асуудлыг Капитал банктай жишин дурьдах болсон. Дээр тоочсон нь зөвхөн төрийн мөнгө. Үүн дээр иргэд, хувийн хэвшлийн хадгаламж, харилцах дансны үлэмж хэмжээний мөнгө нэмэгдэнэ. Ийм их хэмжээний хохиролтой хэргийн эзэн Б.Ундармаа ээлжит хэргээсээ өнөөдөр салж амжлаа.

Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий “Доктор МЭИК” компаниараа дамжуулан авсан гэх 7 хавтас, 1682 хуудас бүхий хэргээр өнгөрөгч наймдугаар сарын 10-нд 2.6 жилийн ял сонссон. Гэтэл яг өнөөдөр энэ ялыг 40 сая төгрөгөөр дэнсэлж түүнийг суллах шийдвэрийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Л.Дарьсүрэн шүүгч гаргалаа. Шүүхээс Б.Ундармааг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж ийнхүү ялыг нь хөнгөлж шийдвэрлэсэн юм байна.

Төр, иргэдийг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хохироосон түүнд “дөчхөн” сая төгрөгийн торгууль өргөс төдий ч нөлөө үзүүлэхгүй биз ээ гэх олон нийтийн шүүмжлэл яг энэ цаг мөчөөс эрчээ аван шуурч эхэллээ. Түүнчлэн 2.6 жилийн ялаар халхавч хийн, Капитал банкы том хэргийг нь сарниулах тактикыг хэсэг хүмүүсийн хамт хэрэгжүүлж яваа юм биш биз гэх хардлага ч үүнийг даган урган гарах болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.