ПАРИС./BBC/.Франц наад зах нь ирэх оны дунд үе хүртэл коронавирусний халдвартай тэмцэж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.
Францад баасан гарагт халдварын 40 мянга гаруй тохиолдол шинээр илэрч, 298 хүн нас баржээ. Мөн ОХУ, Польш, Итали, Швейцар зэрэг оронд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европт халдварын тохиолдол нэмэгдэж буйг вирусний эсрэг хийж буй тэмцлийн эгзэгтэй үе хэмээн тодорхойлоод, эмнэлгийн ачаалал хэтрэхээс сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээнүүдийг авахыг уриалжээ.
Европт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 хоногт хоёр дахин нэмэгдэж, сүүлийн мэдээллээр 7.8 сая хүн халдвар авч, 247 мянга орчим хүн нас барсан байна.
Францад юу болж байна вэ?
Эрдэмтэд вирусийг ирэх зун хүртэл тархаж болзошгүй гэж үзэж байгаагаа өөрт нь хэлснийг Э.Макрон Парисын нэгэн эмнэлэгт очих үеэрээ уламжилжээ. Гэвч Францад дахин бүрэн юм уу хэсэгчилсэн хөл хорио тогтоох эсэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр хэлсэн байна.
Францад баасан гаргийн шөнө дундаас шөнийн цагаар хөл хорих цаг тогтоосон бүсийг өргөтгөсөн бөгөөд зургаан долоо хоногийн турш хэрэгжих уг арга хэмжээ 46 сая оршин суугчийг хамарч байгаа юм.
Э.Макроны хэлснээр, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 3000-5000-д хүрч буурух үед хөл хорих цагийг сулруулахаар төлөвлөжээ. Хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр ийм тооны тохиолдол өдөрт бүртгэгдсэн байна.
Европын бусад орны тухайд
- Италийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллага олон мужид нөхцөл байдал хүндэрч буйг дурдаад, ойрын хавьтлыг бүрэн тогтоох боломжгүй болсныг мэдэгджээ. Кампаниа мужийн удирдлагууд хэдийн хөл хорих цаг тогтоож, сургуулиудыг хаах шийдвэр гаргаснаас гадна хөл хорио тогтоохыг эрх баригчдад уриалсан байна.
- Швейцарт өдөрт хамгийн олон буюу 6634 тохиолдол бүртгэгджээ. Ирэх долоо хоногоос улс даяар хатуу хязгаарлалтыг тогтоохоор төлөвлөж байгаа боловч сургуулиудын сургалтыг зогсоох төлөвгүй байна.
- ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 17340 тохиолдол илэрсэн нь урьд бүртгэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
- Чехийн Ерөнхий сайд Андрей Бабис шөнийн цагаар амны хаалтгүй гадуур гарсан зураг нь сонинд нийтлэгдсэн Эрүүл мэндийн сайд Роман Примулад албан тушаалаасаа огцрохыг уриалжээ.
- Нидерландын эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тул өвчтөнүүдээ Герман руу шилжүүлж эхэлжээ.
- Португалын хойд хэсгийн гурван дүүрэгт буюу 150 мянга оршин суугч бүхий бүсэд хөл хорио тогтоожээ.
- Грекийн Афин болон өөр хэд хэдэн бүсэд шөнийн цагаар хөл хорих цаг тогтоохоор болжээ. Өнөөдрөөс хэрэгжих уг арга хэмжээ00:30-05:00цагийн хооронд үргэлжилнэ.
Сэтгэгдэл