Найман настай охиныг өвөө нь хүчирхийлжээ


 

Найман настай охиныг өвөө нь хүчирхийлжээ

 

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт, мэдээллүүд харуулдаг. 

Энэ нь ихэвчлэн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, асран хамгаалагчийн хараа хяналт сул байдгаас үүдэлтэй. 

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн материалд хийсэн суурь судалгаанаас харахад бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна.

Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байжээ. Хүчирхийлэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь тогтоогдсон аж.

Хамгийн сүүлд гарсан хүчирхийллийн хэргийн тухайд, энэ сарын 22-ны өдөр өвөө нь ач охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг Архангай аймагт гарчээ. Хохирогч охин найман настай ба хохирогчийн өвөө гэх 62 настай этгээд согтуурсан байх үедээ охиноо хүчирхийлсэн байжээ. Энэ хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хохирогч охиныг сэтгэлзүйн эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. 

Дээр дурдсанчлан дулааны улирал болон сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг. Хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх шаардлагатайг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.