Нэгдүгээр сарын 25-ны өдөр Орост "Татьянин день" буюу Оюутны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Өчигдөр тохиосон энэ өдрөөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оюутнуудтай цахим хурлаар уулзсан бөгөөд энэ үеэр түүний гэгдэж буй ордны талаарх асуултад хариулжээ.
"Юүтүб сувагт Геленжикт таны ордон байгаа гэх эрэн сурвалжлах баримтат кино маш их хандалттай байна. Владимир Владимирович, та үнэхээр ордонтой юу?" хэмээн оюутнуудын нэг асуужээ.
"Миний өмч гэж нэрлэгдсэн тэр газар надад, миний төрөл төрөгсдөд ч хамааралгүй, хамааралтай ч байгаагүй. Хэзээ ч " хэмээн Путин хариулжээ.
Ерөнхийлөгчийн онцолсноор Алексей Навальный Авлигатай тэмцэх сангаас гаргасан киног үзээгүй, ийм цаг зав байгаагүй гэнэ. Гэхдээ "туслахууд нь бэлдэж өгсөн хэсгүүд"-ийг гүйлгэж харсан хэмээн Путин өгүүлжээ. "Ордон"-ы тухай сэдэв 10 гаруй жил яригдаж байгаа бөгөөд энэ бүх хугацаанд ийм өмчтэй байсан бол үүнтэй холбоотой газрын бичиг, санхүүгийн баримт бичиг үлдэх байсныг Владимир Путин цохон тэмдэглэсэн байна.
"Ийм баримт бичгүүд нийтлэхийн оронд би хэзээ ч орж байгаагүй, огт мэдэхгүй усан санд намайг сэлж байгаагаар харуулсан гэрэл зураг тавьсан байна. Гэхдээ би тэгэж сэлж байсан л даа. Енисейд, 2016 онд. Энэ ерөөсөө л эвлүүлэг. Манайд ихээхэн алдартай дүрийн хэлээр илэрхийлвэл "Уйтгартай байна шүү дээ, охид оо". Өөр юм сэтгэсэн бол" хэмээн Владимир Путин өгүүлжээ.
Түүнчлэн кинонд нэрс нь дурдагдаж буй хүмүүсийн заримыг огт танихгүй, харин заримыг нь танина, нөхөрлөдөг, тэдний ихэнх нь эртнээс бизнес хийж байгаа хүмүүс гэдгийг онцолсон байна.
Путины ордны тухай
Алексей Навалный Авлигатай тэмцэх сангийн "Путинд зориулсан ордон. Хамгийн том авлигын түүх" нэртэй кино нэгдүгээр сарын 19-нд Юүтүб хуудсанд байршиж, асар их хандалт авсан бөгөөд нэгдүгээр сарын 25-ны оройн байдлаар 86 сая удаа энэ киног үзсэн байна. Авлигатай тэмцэх сангийн хоёри цаг үргэлжлэх энэ кинонд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотны хоёр найз болох Игорь Сечин, Николай Токарев нарын тэргүүлдэг "Роснефть", "Транснефть" зэрэг төрийн компаниудын хөрөнгөөр баригдсан, зардал нь санхүүждэг ордны талаар өгүүлсэн байна.
Энэ кинонд Оросын Краснодар хязгаарын төв Геленжик хотын Идокопас хошуунд баригдсан барилгын архитектурын төлөвлөгөөг нийтэлжээ. Кино бүтээгчдийн өгүүлснээр 17 691 квадрат метр талбайтай энэ ордон Орос дахь хамгийн том хувийн сууцад тооцогдох бөгөөд өртөг нь 100 тэрбум рублиэр (shuud.mn: монгол мөнгөөр 3.5 их наяд төгрөг ) хэмжигдэж байгаа гэнэ.
Путины ордонд боомт, хувийн хамгаалалт, сүм, хяналт шалгалтын хэсэг, нислэггүй бүс, тэр бүү хэл хилийн боомт хүртэл байдаг гэж кинонод өгүүлсэн байна. Цогцолборын бүрэлдэхүүнд газар доорх хоккейн талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар болон газар доорх дарсны өрөө рүү хүргэдэг хонгил байдаг аж. Түүнчлэн театр, казино, саун, усанд сэлэх хэсэг, усны дискотек, төрөл бүрийн цех байдаг гэнэ.
Навальныйн төлөөх Орос даяарх жагсаал
Энэ кинон дээр нэгдүгээр сарын 23-ны өдөр Орос даяар эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалж байлаа. Уриалгад ч хүмүүс олноор нэгдэв. Оросын 120 гаруй хотод жагсаал өрнөж, 3300 гаруй хүн баривчлагдсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Гадаад орнуудад ч эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон эсэргүүцлийн ажиллагаа нь баривчлагдсан хүмүүс болсон хамарсан цар хүрээгээрээ дээд амжилт тогтоосонд тооцогдож байгаа юм.
Эргэн сануулахад, Алексей Навальный 2020 оны наймдугаар сард Орост хордож, Германы эмнэлэгт түүнийг шилжүүлэн эмчилсэн юм. Эмчилгээгээ дуусгаад тэрбээр нэгдүгээр сарын 17-ны өдөр Орост буцаж ирмэгц цагдаагийнхан түүнийг тэнсэн харгалзах ялын хугацаа зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутган баривчилсан. Улмаар маргааш өдөр нь түүнийг саатуулах тухай шүүх хурал болж хоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл баривчлан саатуулах шийдвэр гаргасан юм. Түүнийг сангийн мөнгө зарцуулсан зэрэг хэд хэдэн хэргээр тэнсэн харгалзах ял аваад энэ хугацаандаа тогтсон үед ирж бүртгүүлж байгаагүй, хууль зөрчсөн гэж үзэн ийнхүү саатуулах болжээ.
Сэтгэгдэл