УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар нийтдээ 50 орчим хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлсөн ч цаг хугацааны хувьд цар тахал, бусад асуудалтай холбоотойгоор яаралтай хэлэлцэх хуулиуд ч бас орж ирнэ. Тэгвэл хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хууль бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлаад удаагүй байгаа бөгөөд чухам ямар үндэслэлээр энэ хуулийн төслийг дахин шинэчлэн найруулах гэж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа хаврын чуулганы үеэр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад хуулийг нь шинэчлэн найруулах нь "шинэ” Ерөнхийлөгчийн эрх мэдэлд зохицуулалт хийх нь гэсэн хардлагыг төрүүлж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч сонгууль угтаж оруулж ирж байгаа нь анхаарал татаж байна.
Одоогийн хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгч нь нэг удаа зургаан жилээр сонгогдох, 45-аас дээш настай байх зэрэг зохицуулалттай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны зургадугаар сард зохион байгуулах товыг тогтоосон. Гэхдээ хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинэчлэх нь Ерөнхийлөгч 6 жилээр сонгогддог болсонтой холбоотойгоор өөрчлөлт орж, хуулийн үйлчлэлийг дараагийн буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж шинэчлэх гэж болох юм. Ямар ч гэсэн хуулийг хэрхэн өөрчлөх, ямар шинэчлэл хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл