Х.Баттулга ерөнхийлөгч С.Соёмбо-Эрдэнэ шүүгчийн "агтны хариу"-д Дээд шүүхийг өгөв үү


Шүүгч нарын бичлэг дэлгэгдсэн дуулиан ид өрнөж байхтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулгын бас нэгэн томилгоо анхаарал татаж, шүүмжлэл дагуулж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн зарлигаар С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Соёмбо-Эрдэнэ нь Х.Баттулга ерөнхийлөгч ба ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарын нэр холбогддог 280 сая ам.долларын төмөр замын хэргийг шүүсэн шүүгч бөгөөд уг хэргийг 40 сая төгрөгийн торгууль ногдуулан хааж байсан удаатай. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, АМГТХЭГ-ын дарга агсан А.Амарсайхан, түүнчлэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргүүд гэх мэт олны анхааралд байсан томоохон хэргүүдийг шүүж, бүгдэд нь хорих ял оноосон шүүгч юм.

Харин өөрөө 2016 онд тухайн үеийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч байхдаа Ерөнхий шүүгч Л.Даваасүрэнгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт тус бүртээ 3300 м.кв газар өмчилж авчээ. Өөр хэд хэдэн хүнд газар авч өгсөн гэдэг. Тусгай хамгаалалттай ойн сан бүхий газар хууль тогтоомж зөрчин олгосон эдгээр газруудыг тухайн үеийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр олгосныг сэтгүүлч Б.Отгон олон нийтэд ил болгосон. Д.Ганбаяр нь тухайн үед хууль зөрчин ойгоос их хэмжээний нойтон мод бэлтгэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байжээ. Улмаар тус хэрэг нь замхарсан нь дээрх газрын асуудалтай холбоотой байж мэдэх юм.

Ийнхүү ээлжит томилгооны эзэн С.Соёмбо-Эрдэнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүхийн шүүгч болж байгааг урьдын хамтын ажиллагааны урамшуулал гэж харагдах болжээ. Анхаарал татсан томилгоо түүний эрээвэр хураавар намтрыг дахин сөхөхөд хүргэв. Ерөнхийлөгчийн ойрын хүмүүс ээлж дараалан шүүгчээр томилогдож байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн нөлөөллийг шүүх байгууллагын хүрээнд бий болгож байна гэх хардлагыг төрүүлж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.