Ууланд гараад эргэж ирээгүй таван Солонгос хүүгийн хэрэг яагаад өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн бэ?


Ууланд гараад эргэж ирээгүй таван Солонгос хүүгийн хэрэг яагаад өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн бэ?

 

1991 оны 3-р сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын Тэгү хотод орон нутгийн сонгууль болж, бүх нийтээрээ амарч байв. Сургууль, цэцэрлэг, албан газрууд хаагдсан тул хотын ихэнх иргэд гадуур зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлж байтал таагүй мэдээ тэднийг цочроожээ. Тухайн өдөр амьдардаг хорооллоосоо холгүй газарт гүрвэлийн өндөг хайхаар явсан бага насны таван хөвгүүн ор сураггүй алга болсон нь тодорхой болов. Улмаар өнөөг хүртэл тэрхүү таван хүүтэй холбоотой хэрэг тайлагдашгүй нууц хэвээр үлдэж, дэлхий дахинд "Мэлхийн хөвгүүдийн нууц" хэмээх нэрээр алдаршсан юм.

1Эргэж ирээгүй хөвгүүд

 

1991 оны 3-р сарын 26-ны Мягмар гарагт нэг ангийн таван найз сургуулийнхаа ард байрлах Варён уулын горхинуудаас гүрвэлийн өндөг хайхаар гарчээ. Тус уул нь ердөө 2 километрийн зайд байдаг тул хүүхдүүд явган явахаар шийдсэн аж. 

Тэрхүү таван хүүхдийг У Чол-Вон (13 настай), Чо Ху Ён (12 настай), Ким Ён Гю (11 настай), Пак Жан-Ин (10 настай), Ким Жон-Шик (9 настай) гэдэг байв. Тэдэнтэй мөн 10 настай Ким Тэ-Рён хэмээх хүү цуг гарах гэж байсан ч өглөөний цай уугаагүйгээ санаад гэртээ буцаж оржээ.

 

Эргэж ирээгүй хөвгүүд

 

Гэвч хөвгүүд үдшийн бүрий болсон ч эргэж ирээгүй аж. 

Эцэг эхчүүд нь тэднийг Варён ууланд гарсан гэдгийг мэдээд сандралд автаж эхлэв. Хүүхдүүд нь тэдэнд ойролцоох цөөрмөөс мэлхий барьж тоглохоор явлаа хэмээн хэлээд гарцгаасан аж. Хожим энэхүү хэргийг "Мэлхийн хөвгүүд" хэмээн нэрлэсний учир нь энэ юм.

 

2Эрэл эрчимжив

 

Эцэг эхчүүд нь сураггүй болсон хүүхдүүдийнхээ зураг бүхий хуудас тараах аргаар эрлээ эхэлсэн байна. Сургуулийн ажилчид болон бусад сурагчдын эцэг эх тэдэнд мөн тусалсан юм. 

Удалгүй Өмнөд Солонгосын тухайн үеийн ерөнхийлөгч Ну Тэ-ү энэ хэргийн тухай мэдээд улс даяар эрлийн ажиллагааг эхлүүлэх үүрэг өгчээ. Ийнхүү 300 мянган цагдаагийн албан хаагчид тус хотын оршин суугчид болон сайн дурынхантай хамтран хөвгүүдийг хайсан байдаг. Түүгээр ч зогсохгүй олон нийт дэмжлэг үзүүлж, хандив өргөсөн нь 35 мянган ам.долларт (өнөөгийн ханшаар 70 мянган ам.доллар) хүрсэн байна.

 

Эрэл эрчимжив

 

Харамсалтай нь Варён уулыг бүхэлд нь 500 гаруй удаа самнасан боловч юу ч олдоогүй аж. Тэр бүү хэл "Мэлхий хөвгүүд" явсныг илэрхийлэх өчүүхэн төдий ул мөр ч илрүүлж чадаагүй гэнэ. Ийнхүү цаг хугацаа өнгөрөх тусам хөөрхий хүүхдүүд олдох магадлал багассаар, эцэст нь найдвар тасарсан юм. 

 

3Цогцоснуудыг илрүүлсэн нь

 

Үүнээс 11 жилийн дараа буюу 2002 онд Варён ууланд самар түүж явсан нэгэн эр урагдаж сэмэрсэн хувцасны үлдэгдэл болон таван ширхэг гавлын яс олсон байна.

Мэдээж тэдгээр нь олон жилийн өмнө сураггүй болсон "Мэлхийн хөвгүүд"-ийнх мөн байх магадлалтай гэсэн таамаг тэр даруй гарч иржээ. Мөн гавлын яснуудыг хөвгүүдийн гэрээс хоёрхон км-ийн зайд булсан байсан нь нөхцөл байдлыг илүү сэжигтэй болгожээ. 

 

Цогцоснуудыг илрүүлсэн нь

 

Таван цогцосыг нарийн шинжилгээнд оруулсны дараа шүүх эмнэлгийнхэн нэг хүүгийн толгойноос хоёр сумны нүх олсон бол өөр гурван хүүгийн гавлын ясыг мохоо зүйлээр цохиж гэмтээснийг илрүүлжээ. Авсан гэмтэл, ясны цууралтуудаас нь харвал тэднийг зодож амийг нь хөнөөсөн болохыг цагдаа нар хожим дүгнэсэн байдаг.

 

 

Харин нөгөө хүүгийн гавлын ясанд байсан сум нь цэргийн биш харин хийн бууны зориулалттай байжээ. 

Энэхүү явдал хохирогчдын ар гэрийнхэн төдийгүй нийгэмд бүхэлд нь хүнд туссан юм. Хэдий хэрэгтэн олдоогүйн дээр үүнтэй төстэй хэрэг дахиж гараагүй ч бага насны хүүхэдтэй хүмүүс нэг хэсэгтээ айдас дунд амьдарчээ.

 

4Таамаглалууд

 

"Мэлхийн хөвгүүд"-ийн нийгэмд үзүүлсэн нөлөөг дагаад тэдэнд юу тохиолдсон болох талаар хэд хэдэн таамаглал байдаг.

Харь гаригийнхны онол

Зарим хүмүүс тэдгээр хөвгүүдийг харь гаригийнхан хулгайлж хөнөөгөөд хожим нь өнөөх газар булсан гэж үздэг. 

Хойд Солонгосын онол

Хоёр дахь нь хөвгүүдийг Хойд Солонгосчууд хөнөөсөн гэх онол юм. Өмнөд Солонгос, Хойд Солонгосын харилцаа тур үед хурцдаад байсан учраас тэднийг энэ хэрэгт буруутгадаг хүн цөөнгүй бий. 

 

Таамаглалууд

 

Цэргийн оролцооны онол

Гурав дахь нь "Мэлхийн хөвгүүд"-ийн хэрэгт Өмнөд Солонгосын арми оролцсон гэх онол юм. Энэ нь арай хэтэрхий сонсогдож болох ч 1991 онд тус улсын цэргийнхэн бүх зүйлээ чанд нууцалдаг байсан гэдэг. 

Хохирогчийн цогцосноос ердөө 300 метрийн зайд цэргийн бааз байрлаж байсан бөгөөд хөвгүүд тийшээ орохыг завдаад улмаар амиа алдсан байх боломжтой. 

 

5Өнөө цагт

 

Бусдын гарт амиа алдсан хүүхдүүдийнхээ төлөө ар гэрийнхэн нь эцсээ хүртэл явсан байдаг. Гэвч 2002 онд цогцоснуудад задлан шинжилгээ хийсний дараа өөр мөрдөн байцаалт хийгдээгүй аж.

Хөвгүүдийг 2004 оны 3-р сарын 25-д оршуулсан бөгөөд Кёнбүкийн их сургуульд гавлын ясыг нь судалгааны зориулалтаар хандивлажээ. 

Өмнөд Солонгосын хуулинд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 15 жил гэж заасан байдаг учраас 2006 онд албан ёсоор хаажээ. Мөн одоог хүртэл шинэ эд мөрийн баримт гарч ирээгүй байна.

 

Өнөө цагт

 

Гэхдээ 2015 онд БНСУ-ын Үндэсний Ассемблей хүн амины хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шийдвэр гаргаж, сэжигтэн илэрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг нээж өгсөн байна. 

Амиа алдсан хөвгүүдийн түүхээс сэдэвлэн бүтээсэн "Хүүхдүүд" (Children) хэмээх кино 2011 оны 2-р сарын 17-нд нээлтээ хийсэн юм. 

 

https://www.caak.mn/view/8288876/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.