Монголын рок поп хөгжмийн урлагт 30 гаруй жил зүтгэж үзэгч, сонсогч олныг чадалтай хоолой олон сайхан аялгуут дуу, уран бүтээлээрээ хөглөж ирсэн МУГЖ Т.Ариунаа шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. Тэрбээр UBS телевизийн цоо шинэхэн уран бүтээл болох “Нарны садан” киноны дууг дуулсан бөгөөд киноны нээлттэй зэрэгцэн клип нь ч мөн цацагдаад байна. Орчин цагийн дуунууд энгийн үг хэллэгтэй, хөнгөн аятай, хэмнэл талдаа илүү их анхаарсан уран бүтээлүүд түлхүү төрөх болсон.
Харин МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Нарны садан” киноны дуу, клип нь Монгол үндэстний биет ба биет бус өв тэр дундаа нүүдэлчдийн аж амьдрал, ахуй соёлыг залуучуудын хайр дурлалтай холбосон шинэлэг, цогц уран бүтээл болсон гэж урлаг судлаачид онцолж байна.
Нарны садан киноны дууны хөгжмийг МУУГЗ Л.Балхжав, шүлгийг яруу найрагч Ж.Мөнхбат бичсэн бөгөөд клипний зураг авалт киноны зураг авалттай зэрэг болсон нь том хэмжээний, чанартай, цогц уран бүтээл болгожээ.
Клипний зураг авалт нь орчин цагийн хөгжмийн урлагыг Монгол үндэсний язгуур урлаг, үндэсний бүжгийн дэглэлттэй хослуулсан этник стилийн уран бүтээл болсноороо онцлог юм.
Сэтгэгдэл