ЛАРРИ КИНГ: Миний булшин дээр "Дараагийн дугаараар эргэн уулзъя" гэж бичнэ гэж найдаж байна
- Таны амьдрал, амьдралын хэв маягийг бүрмөсөн өөрчилсөн үйл явдал тохиолдож байв уу. Таны амьдралд онцгой дурсамж үлдээсэн мөчөө хуваалцахгүй юу?
- Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Миний аав 46 настайдаа өөд болсон. Тэр үед би есөн настай л байсан байх. Бид маш дотно байдаг байлаа. Гэвч аав минь нэг л өдөр гэнэт зүрхний шигдээсээр нас барсан. Би тэр үед хэзээ ч хичээлээ тасалдаггүй сайн сурагч байлаа. Би тэр өглөө номын сан орж, зургаан ном зээлээр авсан юм. Тэгээд гэртээ ирэх үед цагдаа нар манай шатаар бууж байсан. Манай аав их алдартай хүн байсан. Цагдаа нар бараг бүгд түүнийг таньдаг байлаа. Тэгээд нэг цагдаа намайг тэвэрч машиндаа суулгаад "Аав чинь нас барсан” гэж хэлсэн.
Дараа өдөр нь би маш их бухимдсан. Тэгээд аав минь намайг орхиж явсанд маш ихээр гомдож, түүний оршуулганд ч оролцоогүй. Есөн настай хүүхдийн хувьд аавыгаа алдана гэдэг маш том орон зай хоосорчих шиг болсон. Би энэ бүхнийг зохицуулж, гэрийн тэргүүн байж чадаагүй. Үүнээс хойш би хэзээ ч сайн сурагч байгаагүй. Хичээлээ тасалж, олон удаа худлаа ярьж, ахлах сургуулиа орхисон. Тэгээд коллежид ч сураагүй. Аав минь нас барсан явдал надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Гэхдээ намайг өөрчилсөн нэг зүйл бол би радиод үнэн сэтгэлээсээ хайртай байсан явдал юм. Би таван настай хүүхэд байхаасаа л радио сонсох болсон. "Los Angeles Dodgers”-ийн тоглолтыг бол үргэлж чагнана. Тэгээд радиогийн хөтлөгчид нэвтрүүлгээ хөтлөхийг сонсоод тэднийг дуурайдаг байлаа. Бейсбол тайлбарлагчдыг бас дуурайна.
Намайг 12 эсвэл 13 настай байхад манайх Нью-Йоркийн Бруклин рүү нүүсэн. Тэр үед би Манхэттен дүүрэг орж, радио шоунуудад очдог байлаа. Зөвхөн радио хөтлөгчдийг хэрхэн нэвтрүүлэг хөтөлж байгааг харах гэж шүү дээ.
- Таныг зүгээр оруулчихдаг байсан юм уу. Эсвэл хулгайгаар хардаг байсан юм уу. Өнөөдөр бол зүгээр нэг хүн аль ч радио руу нэвтрэх хэцүү шүү дээ?
- Үгүй ээ. Би зүгээр л "Та нарыг харж болох уу” гээд орчихдог байсан. Зарим шоу бол бүр үзэгчидтэй байдаг. Миний сэтгэл радиод маш их татагдсан. Гэхдээ ажиллаж чадаагүй. Ер нь бол би 19, 20 насандаа маш олон ажил хийсэн. Тэр үед дүү маань хуулийн сургуульд орсон учир би ээждээ туслах хэрэгтэй байсан юм. Манайх Нью-Йоркод очсон эхний хоёр жилээ халамжаар л амь зуудаг байлаа. Би тэр үеэс харааны шил зүүж эхэлсэн. Нью-Йорк бол үнэхээр өгөөмөр хот. Гэхдээ хоёр жил бүхнийг халамжаар зохицуулна гэдэг үнэхээр ичмээр. Тийм ч учраас би нас ахих тусмаа илүү либериал үзэлтэй болсон байх. Би халамжийн бодлого, нийгмийн халамж, ядуурал зэрэг асуудлыг маш гүнзгий ойлгодог.
- Аав тань нас барсны дараа хотын удирдлага танай гэр бүлд тусалдаг байж ээ?
- Тийм ээ. Нью-Йорк хот бол маш том гэр бүл. Тиймээс хотын удирдлагууд гэр бүлүүдийн хийдэг тэр л зүйлийг хийсэн. Би нэг хэсэг юу ч хийлгүй явж байтал гудамжинд тааралдсан нэг залуу надад Маяамид ажиллах санал тавьсан юм. Тэгээд л би анх радиод хөл тавьсан. Хэрэв би өөрийн бүх амьдралаа эргэн харах юм бол тэр мөч миний хувьд амьдралыг минь бүхэлд нь өөрчилсөн үйл явдал байсан. Би угаасаа найз нартаа спорт, кинонуудыг үргэлж тайлбарладаг байлаа. Би зүгээр л аливаа зүйлийг тайлбарлах дуртай байсан.
- Тэгвэл та төрөлхийн тайлбарлагч байж ээ?
- Тийм ээ. Мөн би үргэлж маш сониуч байдаг нэгэн. Найруулагч Энтони Куинн намайг "Чи бол төрөлхийн хамгийн тансаг зэрэглэлийн сониуч зантай этгээд” гэж байсан удаатай. Миний энэ зан чанар намайг хэзээ ч орхиж байгаагүй.
- Энэ таны хамгийн сайн чадвар уу?
- Гарцаагүй. Өнөөдрийг хүртэл. Миний сониуч зан "Би хэзээ ч бүх зүйлийн хариултыг олж, мэдэж чадахгүй" гэдгийг надад ойлгуулж, өнөөдрийн миний ертөнцийг үзэх үзлийг бий болгосон. Би бүхнийг мэддэг юм шиг аашилдаг ч тийм биш хүмүүсийг үзэн яддаг.
Би хэзээ ч өөрийгөө зочноосоо илүү мэдлэгтэй гэж боддоггүй. Энэ хугацаанд надаас дутуу хууль мэддэг хуульч, надаас дутуу улс төр мэддэг улстөрч, надаас дутуу шоу бизнес мэддэг дуучинтай нэг ч удаа ярилцлага хийж үзээгүй. Учир нь, би үргэлж сониуч нэгэн байсаар ирсэн. Амлая. Би үргэлж автобусны жолоочоос "Та яагаад автобусны жолооч болсон юм бэ.? Та автобус жолоодоогүй үедээ юу хийдэг вэ?” гэж асуудаг есөн настай сониуч хүү хэвээрээ. Миний хийсэн бүх ярилцлагуудыг нөхөж үзсэн ч би "сонирхолгүй юм”, "онцын ач холбогдолгүй юм”, "хамааралгүй юм” гэх үгсийг бараг л хэлж байгаагүй байх.
- Сониуч биш байна гэдэг бол танд хэцүү тийм үү?
- Үгүй ээ. Чи надаас ямар хариулт авахыг хүсэж байгааг би мэднэ. Тиймээс л би чамд чиний хүссэнийг хариулж байгаа юм. Хэрэв энэ миний шоу байсан бол би ярьж байгаа сэдвээс шал хамааралгүй юм гэж бодох байлаа. Зочдын хувьд бол надаар дамжуулж өөрийгөө үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа. Тиймээс би бол түүх өгүүлэгч. Би ярих дуртай. Бас би хүмүүсийг хөгжөөж, инээлгэж чаддаг. Би маш олон зочинтой ярилцлага хийсэн. Гэхдээ би үргэлж сониуч байсаар ирсэн. Та надтай онгоцонд зэрэгцэж суухыг үнэхээр хүсэхгүй л болов уу.
Би анх Майамид "Pumpernick’s” гэж ресторанд шоу хийдэг байлаа. Майамигийн далайн эрэг дээрх ресторан. Нэг өдөр Бобби Дарин миний шоунд оролцлоо. Тэр бол миний ярилцлага хийсэн хамгийн анхны алдартай хүн. Кофе уух зуураа, хөгжмийн аянд ярилцдаг шоу байсан юм. Өглөө бүр нэг цаг орчим зочинтой ярилцана. Би ч түүнээс өмнө худалдаачин, зөөгч гээд олон хүн урьж ярилцсан. Бүр нэг өдөр сантехнигч хүртэл миний шоунд оролцож байлаа. Би тэр үед 22 настай байсан. Би тэр сантехникчээс 35 минутын турш асуулт асуусан. Би одоо хэрнэ тэр ярилцлагаас сурсан зүйлээ үргэлж санаж явдаг. Тэр залуу надад "Хэрэв би ус алдаж байгаа хоолойг засах юм бол тэр өдөржингөө аз жаргалтай байдаг” гэж хэлсэн юм. Миний хувьд би хөтлөгчийн хувиар ярилцлага хийсэн хүн бүрээсээ нэг зүйл олж авч, суралцдаг. Энэ бол яагаад би ажилдаа, хийж байгаа зүйлдээ ийм их хайртай вэ гэдгийн хамгийн сайн илэрхийлэл юм.
- Хэрэв таны хэн нэгэн шүтэн бишрэгч, эсвэл хөтлөгч болохыг хүсдэг хэн нэгэн би өөртөө их эргэлздэг, олны өмнө гарах айдастай гэж хэлбэл та юу зөвлөх вэ?
- Би зүгээр л "Хэрэв чи айдастай бол тэр айдастайгаа нүүр тулж, айдас руугаа оч” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв чи олон хүний өмнө гарахдаа сандардаг бол би ч гэсэн анх тэгсэн.
- Сандарч байгаагаа зүгээр хүмүүст хэл гэж үү?
- Тийм ээ. Мэдээж хэрэг. Би шууд дамжуулалт хийсэн анхны өдрөө санадаг юм. Би энэ дурсамжийг хэзээ ч мартаж чадахгүй байх. Би бүхэл амьдралынхаа турш радио хөтлөгч болохыг хүсэж, мөрөөдөж ирсэн. Би Маяамид очлоо. Радиод анх ороход "Бидэнд манай өглөөний хөтөлбөрийг хөтлөх хүн хэрэгтэй байна. Чамайг ажилд авлаа" гэсэн. Баасан гариг байсан юм. Даваа гаригийн өлгөө би анхны шууд хөтлөлтөө хийнэ. Би бүхэл амралтын өдрүүдийн турш унтаж чадаагүй. Их сандарч байсан. Тэгээд л хаа явсан газраа "Сайн байцгаана уу. Өглөөний мэнд” гэдэг үгийг давтаж байлаа. Нэвтрүүлэг өглөө есөн цагт эхэлнэ. Би үүрийн тав гэхэд студид очлоо. Маш сайн бэлдсэн. Тэгээд найм хагасын үед менежер надад "Ларри амжилт хүсье. Чиний карьер ингээд эхэлж байна. Чи ямар нэр ашиглах вэ?” гэдэг юм. Би "Юу гэсэн үг вэ?” гэлээ. Чи "Зайгер” гэдэг нэр ашиглаж болохгүй. Магадгүй Ларри Зага гэвэл яаж байна гэдэг юм. Гэхдээ Зага гэхээр хэт хуучинсаг, бас хүмүүс тогтооход хэцүү юм. Чамд өөр нэр хэрэгтэй гэж байна. Би ч дотроо "Юу яриад байгаа юм бэ? Би 15 минутын дараа шууд эфирт орох гэж байна шүү дээ” л гэж бодож байлаа. Тэгээд би "Miami Herald” сониныг нээж үзтэл "Кингийн архины бөөний худалдаа” гэсэн сурталчилгаа байна. Хаяг нь Вашингтоны өргөн чөлөө гэсэн байсан. Тэгээд тэр "Ларри Кинг гэвэл ямар вэ” гэлээ.
- Тэр сонгосон хэрэг үү?
- Тийм ээ. Би ч давгүй сонсогдож байна гэлээ. Тэгээд дараа нь би нэрээ албан ёсоор Ларри Кинг гэж өөрчилсөн. Радиод миний тоглуулсан анхны дуу "Les Elgart”-ын "Swingin Down the Lane” гэдэг дуу байсан юм. Ая ч явж эхэллээ. Тэгээд дуу дуусах үед би дууг нь бага, багаар сулруулж ярих хэрэгтэй боллоо. Дуу дууслаа. Би юу ч хэлээгүй. Сандарсан хэрэг. Тэгээд шууд өөр дуу эхлүүлээд цаг руу хартал нэвтрүүлэг эхлээд аль хэдийн хоёр минут өнгөрчихсөн байлаа. Хэрэв та тэр өглөө радио сонссон бол хэн ч юу ч ярилгүй, хөтөлбөрийн турш хөгжим нэг нэгээрээ солигдсоор байлаа. Гэтэл радиогийн ерөнхий менежер студийн хаалгыг өшиглөөд ороод ирлээ. Маршал Симмон гэж хүн. Тэгээд "Энэ бол харилцааны бизнес. Хараал ид. Харилцаа” гэж хэлээд хаалга саваад гараад явлаа. Гарсных нь дараа би хөгжмөө зогсоогоод "Өглөөний мэнд. Намайг Ларри Кинг гэдэг” гэж хэлсэн. Ингэж л би энэ нэрийг анх удаа хэлсэн юм. Хэдий би радио хөтлөгч болохыг бараг бүх насаараа мөрөөдөж, хүлээсэн ч яг миний мөч ирэх үед сандарчихсан. Айсандаа миний гар хүртэл чичирч байлаа. Энэ өдрийн дараа би өөртөө "Хэрвээ би энэ ажлыг хийх юм бол хамгийн шилдэг нь байх болно” гэж хэлсэн. Тэгээд бүхэл амьдралынхаа турш би ахиж хэзээ ч сандраагүй.
- Та бол дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Тэр хэрээр таны амьдралд бусадтай харьцуулахад илүү сайн боломжууд тохиолддог ч стресстэх, дарамтанд орох тохиолдол мөн илүү байдаг байх. Та ер нь стрессээ тайлахын тулд юм хийдэг вэ?
- Миний хувьд стресс бол сайн зүйл.
- Ямар утгаар?
- Маяамигийн их сургуулийн захирал Хенри Кинг гэж хүн "Зарим хүн стресстэхийг хүсдэггүй. Харин би бол стресстэх дуртай” гэж хэлж байсан юм. Заримдаа маш их стресстэй үед телевизийн шууд хөтлөлт хийнэ. Гэхдээ би нэвтрүүлэг эхлэхээс өмнө түүнийгээ дарж чаддаг. Би үүндээ ч дуртай. Учир нь, бүх хяналт миний гарт байна гэдгийг мэдрэх сайхан байдаг. Намайг "CNN”-д байх үед Манхэттен дахь нэг барилгад тэсрэх бөмбөг тавьж, дэлбэлсэн юм. Тэр барилга яг миний байрладаг зочид буудлын хажууханд байсан юм. Тэгээд би шууд дэлбэрэлт рүү гүйж очсон. Тэр үед гал сөнөөгчид намайг таньж оруулсан. Бүх хүн л барилгаас зугтаж байлаа. Харин би гал руу гүйж ороод "CNN” рүү шууд дамжуулалт хийсэн. Тэгээд би миний ард шатаж байгаа барилгын нөхцөл байдлын талаар тайлбарлаж эхэлсэн. Өмнө нь бол хэзээ ч шатаж байгаа барилга тайлбарлаж байгаагүй.
- Зураглаач байхгүй биз дээ?
- Тийм ээ. Би зүгээр л өөрийнхөө хоолойг дамжуулсан. Би тэр үед зүгээр л өөрийн зөн совингоо дагасан.
- Та тоо томшгүй олон одтой ярилцлага хийсэн хүн. Мэдээж тэдний зарим нь олны өмнө гарахдаа сандардаг. Та тэдэнд юу гэж зөвлөдөг вэ?
- Би тэднийг тайвшруулахыг хичээдэг. Би тэдэнтэй нүдээрээ харилцаж, хоолойныхоо өнгийг зөөллөж, өөрт нь анхаарч байгаагаа үзүүлдэг. Зарим хүнтэй ярилцлага хийхэд үнэхээр хэцүү байдаг. Жишээ нь, Франк Синатра. Би түүнээс та яагаад ярилцлага өгөх ийм дургүй юм бэ гэж асууж байсан. Ийм хүмүүсийн сэтгэл хөдлөлийг гаргаж ирэх чухал. Зарим хүн төрөлхийн ийм байдаг. Гэхдээ зарим зочинтой ярилцахдаа өөрийн зөн совиндоо найдахаас өөр аргагүй. Миний хөтлөгчийн зөн совин намайг үргэлж зөв залдаг. Миний хөтлөгчийн зөн совин миний амьдралын зөн совингоос тэс өөр. Би амьдралдаа шууд нэвтрүүлгийн үеэр гаргасан алдаанаасаа олон алдаа хийсэн.
- Таны хамгийн том алдаа юу байсан бэ. Тэндээс та юу сурсан бэ?
- Би буруу эмэгтэйтэй гэрлэсэн. Би маш олон буруу шийдвэр гаргасан. Мөнгөө хэзээ ч зөв зарцуулж байгаагүй. Ядуу тарчиг дунд өссөн хүүхэд нас минь намайг үүрд дагасан. Би хэт үрэлгэн хүн. Би хамгийн том машиныг унадаг байж дахиад хэнд ч хэрэггүй том машинтай хүн.
- Таны бодлоор амжилттай хүнийг юу бүтээдэг вэ?
- Амжилтыг яаж тодорхойлж байгаагаас л шалтгаална. Магадгүй нэг хүний хувьд мөнгөтэй болох нь амжилт байж болно. Нөгөө хүний хувьд нэр алдар бол амжилт. Хүүхдүүд нь ямар хүн болж төлөвшсөн бэ гэдэг амжилт байж болно. Хүн бүр амжилтыг өөр өөрөөр тодорхойлдог.
- Тэгвэл ихэнх хүний хувьд амжилтыг юу гэж тодорхойлдог гэж та бодож байна вэ?
- Ихэнх хүн энэ талаар огт боддоггүй. Ихэнх хүн бусдын хашаанд байгаа зүлэгийг илүү ногоон гэж боддог. Гэхдээ надад чамд хэлэх нэг сайхан зөвлөгөө байна. Бүх зүлэг ногоон өнгөтэй биш. Чиний хашаанд байгаа зүлэг л хамгийн ногоон өнгөтэй. Тиймээс өөртөө байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. Чи өмнө нь нэг удаа сорилт гэж ярьж байсан. Жеки Глисон надад сорилтын талаар нэг юм хэлж байсан юм. Тэр сорилт гэдэг бол юу дуртайгаа хийх явдал гэсэн юм. Өөрөөр хэлбэл, чи дуртай зүйлээ хийхийн тулд заавал өөрийгөө сорих хэрэгтэй гэсэн үг.
Миний бодлоор амжилт гэдэг бол санхүүгээ удирдаж, ямар нэгэн нийгмийн байр суурь эзлэх тухай ойлголт биш. Амжилт гэдэг бол байх газраа байж, ямар нэгэн үнэ цэнтэй гэж үзсэн, чамд хамаатай тэр зүйлийнхээ нэг хэсэг болж, түүнийхээ араас явсаар байхыг хэлнэ.
- Тэгэхээр амжилтыг өөрийнхөөрөө тодорхойл гэсэн үг байх нээ. Тэгвэл хүмүүст амжилтыг өөрийнхөөрөө тодорхойлоход юу саад болдог вэ?
- Үймээн самуун. Урьдаас тооцоолоогүй, төлөвлөөгүй зүйлс. Жишээ нь, зам тээврийн осол ч юм уу, эсвэл нэг л өдөр гэртээ ирэхэд аав нь нас барчихсан байх, өвдөх гэх мэт. Жон Кенниди "Амьдрал шударга биш” гэж хэлсэн байдаг. Угаасаа шударга биш. Тэнд нэг хүүхэд үхэж байхад энд нэг хүүхэд зүгээр л амьдарч байна шүү дээ. Адольф Гитлер 67 насалсан. Гэтэл хэн нэгэн 12 насандаа нас бардаг. Угаасаа шударга биш. Тиймээс чиний амьдралд үймээн самуун тохиолдох үед хамгийн сайнаараа давж гарах ёстой.
- Та яаж үүнийг давж гарсан бэ?
- Би амьдралдаа "Би ийм ч зүйлийг хийх болно. Тийм ч зүйлийг хийх болно” гэдэг хэрнээ огт хийдэггүй маш олон хүнтэй уулзаж байсан. Би бичих болно. Би энэ хэлэлцээрийн ард гарч амжилтад хүрнэ гэдэг. Гэхдээ тэд тэгдэггүй. Вүүди Аллен энэ талаар "Эхлээд тэнгэрээс буух хэрэгтэй” гэж их гоё хэлсэн байдаг. Маш амархан. Зүгээр л газарт буу. Би үргэлж газарт л байсаар ирсэн. Кинг Коул ингэж хэлсэн байдаг юм. "Дэлхий дээр ердөө хоёр төрлийн хүн байдаг. Тэдний 98 хувь нь үнэг агнахыг харж суудаг” гэж. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ихэнх нь тэнгэр дээрээс хүмүүс үнэг агнахаар хойноос нь хөөж байгааг харж суудаг. Тэд ялагчдад алга ташиж, ялагдсан хүмүүсийг чичилдэг. Гэхдээ ердөө хоёр хувь нь л үнэгийг хөөдөг. Би үргэлж үнэгний араас явдаг.
- Та телевизээс зодог тайлсан. Цаашдаа юу хийе гэж төлөвлөж байна?
- Үнэндээ би юу бодох талаараа ч мэдэхгүй байна. Би чинь одоо 80 гарсан хүн шүү дээ. Би өөртөө анхаарал тавих, эрүүл мэндийнхээ талаар л бодож байна. Эсрэгээрээ өөрийгөө бухимдуулж, янз бүрийн юм бодохыг хүсэхгүй байгаа.
- Тэгвэл та өөрийн туулсан амьдралдаа өнөөдрийг хүртэл өөрийгөө ямар нэгэн зүйлийг бүтээж, хүссэндээ хүрч, хүмүүст ямар нэгэн мессэж өгч чадсан гэж бодож байна уу?
- Миний бодлоор би хүмүүсийг хөгжөөж чадсан. Би хүмүүсээс сайн асуултууд асууж, түүгээрээ дамжуулан хүмүүст мэдлэг, боловсрол өгч чадсан гэж бодож байна. Миний хүмүүст мэдлэг өгсөн энэхүү бяцхан үйл хэрэг минь төгсөшгүй томоос том ертөнцөд ямар нэгэн зүйлийг бүтээж чадсан гэж найдаж байна. Би хэн ч биш, ямар ч хэрэгцээгүй хэн нэгэн байхыг хүсээгүй. Би үргэлж Годфрей шиг хүмүүсийг дурсахыг хүсдэг. Хүмүүс намайг хэний талаар яриад байгааг мэдэхгүй байж болох юм. Тэгвэл энэ хүн "CBS” телевиз болон радиогийн бүх цаг үеийн орлогын 38 хувийг дангаараа олсон хүн. Тэр бол домог. Гэхдээ хүмүүс түүнийг танихгүй. Тэд хүмүүст танигдаж, илүү ихийг хүртэх ёстой. Би бол хүмүүст танигдсан. Бас миний булшны чулуун дээр "Дараагийн дугаараар эргэн уулзъя” гэж бичнэ гэж найдаж байна.
- Таны хамгийн их бахардаг зүйл юу вэ?
- Би маш олон зүйлээр бахархдаг. Би гэр бүлээрээ их бахардаг. Тэдний зарим нь амжилттай яваа. Зарим нь тийм биш ч, бүгд сайн хүүхдүүд. Би эхнэрээрээ бахархдаг. Би өөрийнхөө хамгийн хайртай, хамгийн их анхаарал хандуулдаг хүмүүсийг хамгийн ихээр шүүмжилдэг. Хэдий тэр галзуу ч гэсэн гайхалтай эмэгтэй. Хэдий тэр хамт амьдрахад тийм амархан хүн биш ч гэсэн ер нь би яагаад заавал тийм төгс хүнтэй хамт амьдрах ёстой юм гэж үргэлж боддог. Мөн би өөрийнхөө амжилтуудаар маш их бахархдаг. Би өөрийн салбартаа алдрын танхимд бичигдэж чадсан. Хэдий би маш олон "EMMY" шагнал хүртсэн ч үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол хамгийн гайхалтай зүйл. Мөн гудамжинд явж байхад хүмүүс намайг таньж, "Сайн уу, Ларри” гэх нь үнэхээр гайхалтай. Би энэ талаар өмнө нь огт ярьж байгаагүй. Нэг удаа би Жон Маккейнтэй ярилцлага хийхээр Тампа руу ниссэн юм. Маккейн тэр үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Бид хоёр Тампагийн их сургуульд ярилцлага хийхээр тохирч, тэнд зэрэг газардсан. Тэгээд бид ярилцлагаа хийхээр оюутнуудын цайны газарт орлоо. Гэтэл тэнд байсан оюутнууд бүгд л "Сайн уу, Ларри” гэж байсан. Гэтэл Жон Маккейн надаас "Чи яагаад Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй юм бэ” гэж асуусан. Энэ бол миний хувьд үнэхээр бахархмаар мөч байсан.
- Хэрэв энэ таны амьдралын хамгийн сүүлийн ярилцлага байвал та юу хэлэх вэ?
- Би "Дараагийн дугаараар дахин уулзъя” гэж хэлмээр байна. Гэхдээ би чамд миний оршуулга дээр хүмүүс эмгэнэл илэрхийлэхдээ юу хэлэх ёстой талаар хэлье. "Би түүхэн дэх хамгийн хөгшин эр. Өнөөдөр аз жаргалтайгаар инээмсэглэсээр нас барлаа” гэж хэлэхийг хүснэ. Түүхэн дэх хамгийн хөгшин эр гэдэг маш чухал шүү. /Ларри Кинг 1933-2021/
ORIGINAL VIDEO:
https://ergelt.mn/news/94/single/21773
Сэтгэгдэл