Украины Зэвсэгт хүчин Херсон мужийн хоёр сууринг эзэлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Холбогдох мэдэгдлийг тэрбээр Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын “Telegram” хуудсанд 10 дугаар сарын 2-ны орой нийтэлсэн дүрс бичлэгтээ хийсэн байна.
Украины удирдагчийн хэлснээр, Херсон мужийн Миролюбовка, Архангельское суурингуудыг Украины нутаг дэвсгэрийн хамгаалалтын нэг бригад эзэлжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков 10 дугаар сарын 2-ны өдөр мэдээлэхдээ, тус улсын Зэвсэгт хүчний нисэх хүчин, их буунууд Херсон мужийн Архангельское суурин дахь Украины Зэвсэгт хүчний уулын довтолгооны 128 дугаар бригадын түр байрлах цэгүүдийг устгасан гэжээ.
Оросын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгөх боломжийг үгүй хийхийн тулд Украинд явуулж буй тусгай ажиллагааны газар зүйн байршлыг өргөтгөх шаардлагатай байна гэж Херсон мужийн засаг захиргааны орлогч дарга Кирилл Стремусов өмнө нь мэдэгдсэн байна.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсад, түүнчлэн Запорожье, Херсон мужуудад ОХУ-тай нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан нь есдүгээр сарын 27-нд дуусаж, санал асуулгыг хүчинтэйд тооцсон билээ. Уг санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дэлхийн улс орнууд мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл