ОХУ Украины тавьсан нөхцөлөөр хэлэлцээ хийхгүй


ОХУ Украины тавьсан нөхцөлөөр хэлэлцээ хийхгүй

 

ОХУ "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украины нутаг дэвсгэррүү халдаж, өнөөгийн дайн эхлээд 10 сар өнгөрч байна. Сөргөлдөөн эхэлснээс хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр талууд хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлж, цаашлаад гуравдугаар сард Турк улсад хэлэлцээ хийсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй, дайн үргэлжилсээр байгаа юм. Украин, ОХУ-ын хэлэлцээ сэргэх талаарх яриа үе үе гардаг ч аль аль тал нь болзол тулгасаар өдийг хүрсэн. Талууд нэгнийхээ болзлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтайгаар хэлэлцээ хийхээс татгалзсаар байгаа бөгөөд энэ удаад ч  Оросын тал Украины болзлыг хүлээж авахгүй гэж мэдэгджээ. 

 

Тодруулбал, Орос улс Украинтай хэлэлцээ хийхээс татгалзаагүй, гэхдээ Украины тавьсан нөхцөлөөр хэлэлцээ хийхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Михаил Галузин мэдэгдсэнийг Коммерсант агентлаг дамжууллаа. Түүний өгүүлснээр, "Киев болон түүний барууны зааварлагчид хямралыг шийдэх урт хугацааны улс төр, дипломат шийдэлд бэлэн байгаа эсэх"-ээс бүх зүйл хамаарах гэнэ. 

 

"Орос улс хэдийгээр хэлэлцээ, сөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдэх хувилбарыг үгүйсгээгүй ч Украины удирдлагын тавьж буй нөхцөлөөр бид хэлэлцэх бодолгүй байна" хэмээн Галузин мэдэгджээ. 

 

Түүнчлэн, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг байж болшгүй хэмээн нэрлэсэн байна. Түүний үзэж байгаагаар "зул сарын баяр гэхэд Украины нутгаас Оросын цэргүүдийг гаргах" нь утгагүй асуудал гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/545932

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.