"Эрдэнэс таван толгой” ХК дээр нэр дурдагдсан тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулсан. Энэхүү хуулийн 15 дугаар зүйлд компанийг тендерт оролцуулахдаа санхүүгийн чадамж, нөхцөл байдлыг харгалзаж үзэх талаар маш тодорхой заасан байна.
"Монннис майнинг” компанийн тухайд "Үнэлгээний комисс”-т ирүүлсэн тендерийн материалдаа арилжааны дөрвөн банкнаас тодорхойлолт авч өгсөн байдаг ч яг ямар, ямар банк гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Сүүлд бусад оролцогчдоос гомдол гаргасны дараа Үнэлгээний комиссыг ахалж ажилласан ЭТТ-ын Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу мэдээлэл хийхдээ "Моннис Майнинг ХХК-ийн хувьд ХХБ, Голомт, Капитрон гээд нэр бүхий 4 банкинд данстай, зээлийн үлдэгдэлгүй, 25 хүртэлх тэрбум төгрөгийн шугаман зээлийн үлдэгдэлтэй гэж орж ирсэн” хэмээн, нэг банкны нэрийг зориуд гэмээр орхисон байдаг. Орхисон нэг банк нь Хөгжлийн банк бол яагаад ч аятайхан тодорхойлолт гаргаж өгөх учиргүй. Яагаад гэдгийг дор тайлбарлая.
"МОННИС МАЙНИНГ” Хөгжлийн банкнаас 107 тэрбум төгрөгийн зээл аваад 124.9 тэрбум болтол нь төлөлгүй луу унжсан "ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ” компани
"Моннис майнинг” компани нь "Хөгжлийн банк”-наас 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр 107,355,000,000 /Зуун долоон тэрбум, гурван зуун тавин таван сая/ төгрөгийн зээл авчээ. Гэвч 2022 оны хоёрдугаар сард үндсэн зээл, хүү, хуримтлагдсан хүү, торгууль нийлээд 124,254, 608,866 /Зуун хорин дөрвөн тэрбум, хоёр зуун тавин дөрвөн сая, зургаан зуун найман мянга, найман зуун жаран зургаа/ төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.
"Моннис майнинг” ХХК нь тухайн үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 500 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрс хуулалтын тендер аваад ажиллаж байсан, энэ ажлаа хурдан дуусгахын тулд хүчин чадлаа нэмэх машин техник авна гэж "Хөгжлийн банк”-наас маш бага хүүтэй зээл авчхаад зөвхөн үндсэн хүүгийн өр нь 17 тэрбум төгрөгт хүрч байсан гэхээр тус компани нэг бол санхүүгийн ямар ч чадваргүй, нэг бол анхнаасаа төлөх сонирхолгүй ёс зүйгүй ААН байсан гэхээс өөр үг олдохгүй байна. Ингэж хардах үндэслэл ч бий.
"МОННИС МАЙНИНГ” Хөгжлийн банкнаас авсан 107 ТЭРБУМ-ын зээлээсээ 15 тэрбумыг нь өндөр хүүтэй ХАДГАЛАМЖИД хийжээ!
"МОННИС МАЙНИНГ” Хөгжлийн банкнаас авсан 107 тэрбум төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөлгүй "луу унжсан” төдийгүй, 17.9 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил гаргасан байна.
Хөгжлийн банкны бусад зээлдэгчдийн зориулалтын бусаар зарцуулсан гэх зөрчил нь үндсэндээ өөр арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ хаасан дүр зурагтай байдаг бол "МОННИС МАЙНИНГ”-ийн зөрчил арай өөр. Авсан зээлийнхээ 15 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын банкны тусгай нөхцөлт хадгаламжид хийсэн байгаа юм. Энэ талаар УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны хэргийн сонсголоор тодорхой мэдээлэгдсэн байдаг. Зориулалтын бус зарцуулалтыг дор харуулав.
"МОННИС МАЙНИНГ” "Хөгжлийн банк”-ны хэрэгтнүүдийн нэг ч ХАРИУЦЛАГААС хачирхалтайгаар МУЛТАРЧ иржээ!
"Хөгжлийн банк” нь хариуцлагагүй зээлдэгчдэдээ хариуцлага тооцон ангилал бууруулах, улмаар шүүхэд шилжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн байдаг. Тэгвэл "МОННИС МАЙНИНГ” зээлээ төлөлгүй удаан "луу унжсан” ч "АНХААРАЛ ХАНДУУЛАХ” ангиллаас хэтрэлгүй үлдэж чадсан байх юм.
"МОННИС МАЙНИНГ”-аас нөхцөлийн хувьд ижил, зарим талаар дээр байдалтай олон компани Шүүхэд шилжсэн, эсхүл шүүхэд шилжихэд бэлэн болж байжээ. Үүний цаана өнөө л ДАВХАР СТАНДАРТ, цаашлаад АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ нуугдаж байх магадлалтай юм.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж Newstv.mn
Сэтгэгдэл