Дэлхийн хэд хэдэн оронд хэт халууны улмаас ихээхэн хохирол амсаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Европын орнуудад өнгөрсөн сараас л эхэлсэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа бол АНУ, Хятадад урьд хожид бүртгэгдэж байгаагүй өндөр хэмд хүрч халсан талаар ВВС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ болон Хятадад Цельсийн 50 хэм давж халжээ. Энэ долоо хоногийн дунд үе хүртэл хэт халуун өдрүүд үргэлжилнэ гэж цаг уурчид мэдээлсэн байна.
Сардинийн өмнөд зүгт лхагва гарагт +46 хэм хүрэх бол эх газрын Италид +43 хэм хүрч халах төлөвтэй байна. Испанийн өмнөд зүгт +46 харин Францын өмнөд хэсэгт +40 хэм хүрнэ гэж цаг уурчид тооцоолжээ.
АНУ-ын баруун өмнөд нутгуудаар ч хэт халуун тохиож, 38 хотод температурын дээд үзүүлэлт бүртгэгдэнэ гэж цаг уурчид сэрэмжлүүлжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, ням гарагт Невада мужийн Лас-Вегас хотод Цельсийн +46 хэм хүрч халсан байна. Энэ долоо хоногт бага зэрэг буурч, +45 хэм хүрчээ. Харин Аризона мужийн Феникс хотод Цельсийн +47,2 хэм хүрч халсан нь урьд хожид бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт аж.
Хамгийн халуун өдөр ням гарагт Калифорнид тохиосон байна. Энэ мужид байх, дэлхийн хамгийн халуун уур амьсгалтай газруудын нэг болох Үхлийн хөндийд Цельсийн +53,9 хэм хүрч халжээ. Дэлхий дээр цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр температур энэ хөндийд бүртгэгдэж байв. 1911 онд Үхлийн хөндийд Цельсийн +56,7 хэм хүрсэн байна.
Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өдрийн цагаар хэт халах нь биш харин шөнийн цагаар температур хангалттай буухгүй байгаа нь л гол асуудлыг дагуулж байгаа гэнэ. Аризонад гэхэд л ойрын өдрүүдэд шөнө агаарын хэм +32 хэмээс буурах төлөвгүй байгаа аж.
Урд хөрш Хятадад ч хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Ням гарагт Хятадын Шинжаан мужид Цельсийн 52,2 хэм хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр температур аж.
Цаг агаарын онц үзэгдлийн улмаас Өмнөд Солонгост аадар бороо орж, үер, хөрсний нуранга үүсэж олон хүн амиа алдсан бол Японд ч мөн хэт халсны улмаас олон хүн эмнэлэгт хүргэгджээ.
Испанийн нийслэл Мадрид хот болон түүний дагуул хотуудад хэт халууны улмаас гудамж талбай хүнгүй болсон байна. Мөн энэ хотын захиргаа 14.00-17.00 цагийн хооронд гудамж цэвэрлэх ажлыг зогсоожээ.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүмүүс болон орон гэргүй хүмүүст зориулан хэт халуунд орогнох зориулалтаар асрамжийн газрыг хотын эрх баригчид нээсэн байна. Энэ хотод +40 хэм давж халж байгаа аж.
http://www.shuud.mn/a/551094
Сэтгэгдэл