Улсын I, II, III төв эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн иргэд дүүргийн эмнэлгээсээ заавал “13А” маягт гэх бичиг авч байж үзүүлэх эрх нээгддэг, тэр нь ихээхэн бухимдал, чирэгдэл учруулдаг байв. Тэгвэл цахим үйлчилгээг нэвтрүүлснээр дээрх хүндрэл чирэгдлийг арилгаж байна хэмээн өрхийн эмнэлгээс “13А” маягт буюу кодыг цахимаар илгээдэг болсон нь мөн л бухимдал үүсгээд байна.
Иргэд эмнэлэгт очоод буцаж өрхийн эмнэлэг рүүгээ явж код авах ёстой болж байгаа юм. Зарим эмч тоог буруу, зөрүү оруулах зэрэг чирэгдэл гарч байгааг өвчтөнүүд хэлж буй.
Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд тайлбарлахдаа “Өрхийн эрүүл мэндийн төв нь тухайн өвчтөнд өөрийн өгч чадах тусламж үйлчилгээг үзүүлээд, хэрэв өөрийнх нь тусламж үйлчилгээнээс давсан байвал дараагийн шатны эмнэлэг рүү "Энэ иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгнө үү" хэмээн шилжүүлж буй бичиг нь “13А” маягт гэж хэлдэг. Нэгдүгээр шатлалд өрх болон сумын эмнэлэг, сум дундын эмнэлэг орно.
Хоёрдугаар шатлалд дүүргийн эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг орж байгаа. Гуравдугаар шатлалд Улсын I, II, III төв эмнэлэг, төрөлжсөн эмнэлгүүд ордог. Тэгэхээр “13А” маягт буюу өдгөө цахимаар илгээж буй код нь харин ч ачааллыг бууруулна гэж үзэж байгаа” гэдэг. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас “Цахим гэдэг нь цаасаар авдаг байсан маягтыг л цахим хэлбэрт шилжүүлсэн, утсаар болон цахим хаягаар “13А” маягтыг авах боломжгүй. Заавал тухайн өвчтөн өрхийн эмнэлэг дээрээ биечлэн үзүүлж байж авах боломжтой. Эмнэлгийн тусламж үйлчилгээг анхан шат руу түлхүү чиглүүлэхэд бид анхаарч байгаа. Иргэд өрхийн эмнэлэг дээрээ эхлээд үзүүлж, тусламжаа авах ёстой. Гэтэл шууд хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт ирж ачаалал нэмж байгаа нь буруу. Шаардлагагүй үед эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдол их байна. Үүнийг шийдэх хөшүүрэг нь “13А” маягт” гэсэн тайлбарыг өгсөн.
Гэтэл “13А” маягт олж авах хүндрэл чирэгдэл багасах бус харин ч тэрийг олж авах нь бараг л амьнаас үнэтэй болчихжээ. Гэнэт өвдөх, сандрах юм бол эмнэлгийн тусламж авах бүү хэл “13А” маягт буюу цахим кодыг олж авах гэсээр амиа алдах ийм л нөхцөл бүрдсэн гэдгийг эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд хэлж байна. Тухайлбал, иргэн Г.Очбаяр “Өмнө нь инсулин тариулдаг хүн шууд эмчээрээ бичүүлээд тариагаа авдаг байсан бол одоо өрхийн эмнэлгээс “13А” маягт авч байж дараагийн шатлалын эмнэлэгт очих болж байна. Ингэж байж тариагаа бичүүлдэг болсон. Энэ нь өмнөхөөсөө ч илүү хүндрэлтэй байна шүү дээ. Цахим болж илүү хялбар болох бус улам ярвигтай болсон байна” гэсэн. Иргэн Х.Чанцалдулам “Би эрсдэлтэй жирэмслэлтэй гэх шалтгаанаар ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтанд байдаг. Наймдугаар сарын 1-нээс эхлэн “13А” маягтыг өрхийн эмнэлэгээсээ аваад дүүргийн эмнэлэгээс мөн адил “13А” маягт гэх код авч байж хяналтандаа ордог болсон. Ингэж олон шат дамжлагаар явах нь үнэхээр хэцүү, замын түгжрэл, цаг зав, зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй байна. Гадуур явж урт дараалалд зогсохоор тонус өгч хүүхэд эндэх эрсдэлийн нэмэгдүүлж байна” гэв. Тэгвэл иргэн А.Сайнбаяр “Өвдөж зовсон улс л эмнэлэгт очно шүү дээ. Гэтэл нэг эмнэлгээс нөгөө рүү явуулж, өчнөөн явж байж ганц бичиг авна. Тэрийг авах гол нь өчнөөн явдал чирэгдэл болно. Нас дээр гарсан бид чинь ганцаараа энэ олон эмнэлгээр орж гарч явахад замдаа уначих гээд байх юм. Зуны халуун, эмнэлгүүдийн холыг хэлэх үү, эмнэлэг явах болгондоо хүүхдүүдтэйгээ хамт явна гэж байхгүй шүү дээ. Тэд чинь ажил төрөлтэй улс шүү дээ. 14 хоноод л “13А” маягтын хүчинтэй хугацаа дуусчихаж байна. Ингээд ахин дахин явж маш их цаг алдаж байна. Энэ хооронд өвчтэй хүний өвчин нь хүндрээд, эрүүл мэндэд нь эрсдэл гарвал яах вэ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн.
Дээр нь гурав дахь шатлалын эмнэлгийн “Дотор”, “Мэдрэлийн тасаг”-ийн эмч нарт үзүүлэх бол өрхийн эмнэлгээсээ заавал бичиг авч очих ёстой. Харин Чих, хамар, хоолойн тасагт үзүүлэх бол “13А” маягт шаардлагагүй гэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ өмнөхөөсөө ч улам их хүндрэл, чирэгдэл гарч байна. Мөн “Чих, хамар, хоолойн тасаг”-т үзүүлэхээр нарийн зураг авахуул гэдэг. Томографийн зураг авахуулах гэхээр “13А” авчирч байж дугаараа бичүүл гээд буцаадаг. Нэг эмнэлэгт очиход дотроо өөр тасгийн эмчид үзүүл гэсэн бичиг хийж өгөх тохиолдол гарах юм. Дахиад л өрх, дүүрэгтээ очиж бичиг авах шаардлагатай болж байна” хэмээн иргэд ярьж байсан.
Эмч нарын хувьд ч гэсэн “13А” маягт ажилд нь ачаалал болж, стресс бухимдал нэмэгдэж байгааг хэлж байлаа. Тэд хэлэхдээ наймдугаар сарын 1-нээс батлагдсан энэ шинэ журам нь бидний ажлын ачааллыг нэмэгдүүлэхээс гадна хүмүүст бүр ч илүү хүндрэл чирэгдэл учруулж байна” гэцгээж байна.
Иргэдийн эрхийг хамгаалж энэ асуудлаар ЭМЯ, холбоглох газруудад асуулга тавьсан хуульч Р.Булгамаа хэлэхдээ “13А маягт нь гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах бууруулах, иргэдийг хорооны эмнэлэгүүдээр үйлчлүүлэх зорилготой гэнэ. Яг үнэндээ өрхийн эмнэлэгүүд иргэдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хөгжөөгүй байна. Цусны ерөнхий шинжилгээ авч онош тогтоох, зүрхний бичлэг хийж оношлох, холтер зүүж оношийг нарийвчлан тогтоох зэрэг наад захын хэрэгцээ шаардлагыг хангах боломжгүй. Тэнд өвчний оношийг тогтоох нарийн мэргэжлийн эмч нар байхгүй, өрхийн эмчийг бүгдийг мэддэг байх ёстой гэж шаардах нь ч учир дутагдалтай. Энэ мэт асуудлыг Эрүүл мэндийн бодлого тодорхойлогчид анхаарч үзэх нь зүйтэй. Өрхийн эрүүл мэндийн төв бол Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т зааснаар “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэсэн заалттай” гэсэн юм.
Эцэст нь хэлэхэд “13А” маягт иргэдэд ачаа, дарамт л болж байгаагаас асуудал шийдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах гарц гаргалгаа биш. Төрийн байгууллагын зүгээс явуулж буй хамгийн хөлдүү бодлого, хүнээ боддоггүй сайд, дарга нарын ээлжит нэгэн попролт ажээ. Төрөөс гарч байгаа аливаа бодлого шийдвэр хэзээ монгол хүнд ээлтэй болох юм бол... Монгол Улс Үндсэн хуульдаа заасан иргэдийнхээ язгуур эрх ашгийг хэзээ бүрэн дүүрэн хамгаалах юм бэ?
С.НОМИНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл