СТОКХОЛМ, 2024 оны аравдугаар сарын 7 /BBC/. Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Америкийн эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар тодорлоо. Уг шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулдаг микроРНХ-г нээснийх нь төлөө тэдэнд олгосон байна.
Өдгөө 72 настай Гэри Равкан молекул биологи, ген судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Тэрбээр АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Анагаах Ухааны Академи, Философийн Нийгэмлэгийн гишүүн юм.
Харин Виктор Эмброс бол АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Америкийн Урлаг, шинжлэх ухааны академийн гишүүн юм. Өдгөө 70 настай тэрбээр микроРНХ судлаач гэдгээрээ алдартай бөгөөд Гэри Равкантай олон судалгаа хийжээ.
Нобелийн хорооны мэдээлэлд дурдсанаар, уг шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчмыг нээснийнх нь төлөө олгосон байна.
Бидний хромсомуудад хадгалагддаг мэдээллийг бидний бие махбодын бүх эсийн үйл ажиллагааны заавартай зүйрлэж болно. Эс бүр ижил хромосом агуулдаг тул эс бүр яг ижил генийн багц, яг ижил зааварчилгаатай байдаг. Гэхдээ эсүүд нь огт өөр шинж чанартай байдаг. Эдгээр ялгааг эс бүр зөвхөн шаардлагатай зааврыг сонгох боломжийг олгодог генийн зохицуулалтаар тайлбарладаг бөгөөд ингэснээр эсийн төрөл бүрд зөвхөн зөв генүүд идэвхтэй байдаг.
Харин В.Эмброс, Г.Равкан нар янз бүрийн эсүүд хэрхэн хөгжиж байгааг судалжээ. Тэд генийн зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг РНХ молекулын шинэ төрөл болох микроРНХ-г илрүүлсэн байна.
Тэдний нээлт нь генийн зохицуулалтын цоо шинэ зарчмыг илрүүлсэн бөгөөд энэ нь олон эсийн организм, тэр дундаа хүний хувьд маш чухал нээлт болжээ. Хүний ген нь мянга гаруй микроРНХ-г кодолдог. Тиймээс микроРНХ нь организмын хөгжил, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Генийн үйл ажиллагааг хянахын тулд эсүүдэд ашиглагддаг амин чухал зохицуулалтын механизмыг нээсний төлөө Нобелийн шагналыг эрдэмтэд хүртжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл