Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарыг 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ


Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарыг 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, иргэн Д.Бямбажав нарыг Монгол Улсад тагнуул хийсэн хэргээр өнгөрсөн гуравдугаар сар /2024.03.29/-д Тагнуулын байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар тус хэргийг мөрдөн шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм.

Тэгвэл прокуророос З.Санждорж нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэг буюу "Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тус зүйл ангид "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Товчхондоо,гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, иргэн Д.Бямбажав нарт 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэрэг нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг учир хэргийг хаалттай шүүх юм. 

Ташрамд өгүүлэхэд, “Монголын бурхан шашинтны шинэ төв” гэх хийдийн хамба лам З.Санждоржийг эх орноосоо урвасан буюу Х Богдын асуудал зэрэгтэй холбоотойгоор баривчлан шалгаж эхэлсэн байж магадгүй байдаг. Учир нь З.Санждорж өнгөрсөн оны гуравдугаар сар /2023.03/-д мэдээлэл хийж, "Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш "X Богд" гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Төвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн. Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан.

Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэх агуулгатай зүйлийг мэдээлж байсан юм. Мөн тэрбээр өөрийн хүүгээ Х Богдоор тодруулж байсан тухай баримт ч байдаг юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.