Эрт илрүүлгийн талаар хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөр /2024.12.06/ АШУҮИС-ийн хурлын танхимд болж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:
-Өнгөрсөн 2019 онд 1990-2019 оны нас баралтын тоон мэдээллийг харьцуулахад, зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж байна. Иргэд эдгээр өвчнөөр өвдөхөд нь нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл нь хүний дадал, ёс заншил, агаарын бохирдол. Бид олон судалгааг уялдуулж судлах шаардлагатай. Эрт илрүүлгийн судалгаагаар олон асуумж авч, судалсан ч үндэсний хэмжээг хийдэг олон судалгаануудтай уялдуулах шаардлагатай. Иргэдийн тамхи, архины хэрэглээ, илүүдэл жинтэй, жин багатай иргэдийн тоо нэмэгдэж байна. Өвлөлийн тоон мэдээллийг энэ бүхэнтэй холбож, судлах зайлшгүй шаардлагатай.
Эрт илрүүлгийн судалгаагаар 6-14 настай хүүхдүүдийн нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна. Шүд цоорол гурван хүүхэд тутмын хоёрт нь байна. Зургаан настай хүүхдүүдийн шүд, нүд, зүрх судасны системийн үнэлгээг хийж, хотын 6 настнуудыг хамруулаад эхэлсэн.
Насанд хүрэгчдэд гарсан үр дүнгээс дурдвал, 440 мянган хүнээс 68.7 хувь нь артирын судас хатуурах эрсдэлтэй гэдэг дүн гарсан. Дурангийн шинжилгээнд хамрагдсан шаардлага хангасан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй байна. Артирын даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эмээ тогтмол уудаггүй, хяналтад байдаггүй. Ийм учраас нас баралт өндөр байхаас аргагүй. Жороор эмээ авч уух ёстойгоос 85 хувь нь жоргүй, замбараагүй эм ууж байна. Даралт ихсэхээр ямар ч хамаагүй эм ууж байна.
Элэгний В вирусийн сэжигтэй тохиолдлын сонирхолтой судалгааны үр дүн гарсан. Тодруулбал, 18-30 насны хүмүүс нийт сэжигтэй тохиолдлын 10 хувийг эзэлж байна. Энэ тоо нийгмийн эрүүл мэнд рүүгээ эргэж харахыг хэлж өгч байна. Вакцинжуулалтыг 1990 оноос хийж эхэлсэн. Гэтэл 1992 оны хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан мөртлөө яагаад сэжигтэй тохиолдлоор илрээд байна вэ. Яг халдвар авсныг нь батлах шаардлагатай. Бидний вакцины дархлаа тогтоцын асуудал байгааг харуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн чухал хэсэг. Тиймээс судалгааны ач холбогдол өндөр байна. Судалгааны хүрээнд сүрьеэгийн өвчлөлтэй 137 хүнийг илрүүлсэн. Дахиад л эрсдэлт хүчин зүйл рүүгээ орж байна. Бид энэ өвчний эсрэг 100 жил тэмцээд дийлэхгүй байна вэ. Эрсдэлт хүчин зүйлээ бууруулахгүй бол энэ өвчлөл буурахгүй. Нөгөө л тамхи, архи, хоол тэжээлийн дутагдлын асуудал байна.
Хоол тэжээлийн үндэсний зургаа дахь судалгааг хийж дууссан. Товч мэдээллийг авсан. Энэ судалгаагаар бидний хийсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ чинь үр дүнгүй байна гэдгийг харуулсан. Жишээлбэл, А, Д аминдэмийн асуудал шийдэгдээгүй байна гэсэн. Мөн таргалалтын асуудал шийдэгдээгүй байна. Энэ болгоныг эрдэмтэн судлаачид холбож судлах шаардлагатай. Иоджуулсан давсны хэрэглээ буурсан. Тэгвэл иод дутагдалтай холбоотой эмгэг нэмэгдсэн эсэхийг судлаачид гаргаж ирэх ёстой.
Сэтгэгдэл