О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу


О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу

 

ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийс­лэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Бо­лор­чулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ах­лах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тус­гай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат­ны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа. 
О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цог­жар­галд хөндлөнгөөс нөлөөлж, шийдвэр гүй­цэт­гэгч Г.Идэр­чулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн ну­тагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгө оруулж барьсан 11 давхар шилэн фа­сад­тай, дөрвөн тэрбум төг­рөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн иргэн С.От­гонжаргал (О.Магнайгийн ээж)-ын “Дархан цамхаг” ком­панид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.дол­лароор зарсан газар дээрээ ба­рилга бариулчхаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт холбогдсон билээ. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төг­рөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн ха­маарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн байдаг. 
Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажил­лаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийн­хээ эзэмш­лийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж ял­лаг­даг­чаар татагдсан юм. 
Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Ши­жиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Ням­даваа­гийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг 12 649 болгон нэмэг­дүүлж, газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг цөөнгүй үйлдэлд яллагдагчаар татагдсан билээ. О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэр­гүү­тэй 11 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 13.5-3.1-ийн албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн хэмээх заалтын дагуу яллах дүг­нэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн ан­хан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Г.Орчлон

https://www.unuudur.mn/a/273398


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.