2023 оны зун нүүрлэсэн айхтар үерийн дараа "Акуа Гарден"-ыг нураах шийдвэрийг гаргасан ч нурах нь битгий хэл эсрэгээрээ хоёр сарын дараа буюу ирэх тавдугаар сард ашиглалтад орохоор зэхэж байна. Хоёр ч хотын даргын нүүрийг үзэж буй "Авлига хороолол" өнөөдөр 600 гаруй захиалагчдаас захиалга авч хүлээж авахад бэлэн болоод буй.
Тус барилгын маргаан хэрхэн эхэлж, яагаад хоёр ч хотын дарга дамнан, шийдэгдэлгүй энэ хүрсэн талаар нэхэн сурвалжиллаа.
"Акуа Гарден" хотхоны өнөөдрийн нөхцөл байдлын талаар борлуулалт, маркетингийн албанаас нь тодруулахад,
"Манай хотхоны м.кв нь давхараасаа шалтгаалан үнэ нь нэмэгдэн худалдаалагдаж байна. Хоёр болон гуравдугаар давхарын байр 5.6 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол арав болон түүнээс дээш давхар нь 6.4 сая төгрөгөөр борлуулж байна.
Урьдчилгаа 30 хувиа төлөөд, байрандаа орсны дараа үлдсэн 70 хувиа төлөх, мөн ипотекийн зээлд хамрагдах боломж бий. Нийтдээ 600 орчим айл захиалга өгөөд, тавдугаар сард байрандаа орно. Шүүхээс голын гольдролыг өөрчилсөн гэх дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Тиймээс "нураах" шийдвэр гарахгүй. Одоо бүх блок баригдаж дуусаж байна. Үүний дараа УОК-т барилгыг хүлээлгэн өгч, зөвшөөрөл гарсны дараа захиалагчдаа оруулж эхэлнэ. Ямар нэгэн байдлаар "Нурна, нураах вы" гэж эргэлзэх хэрэггүй. Оршин суугчдад зориулсан блок болгонд байх дулаан зогсоолыг 60 сая төгрөгөөр худалдаална" гэх мэдээллийг өгөв.
Тус хотхоныг нураах шийдвэр, хотын дарга асан Д.Сумъяабазараас эхэлж, Х.Нямбаатарын үед ашиглалтад орох болсон талаар үйл явдлыг хураангуйлан хүргэе .
Хамгийн анх 2023 оны долоодугаар сард Улсын онцгой комисс үерт ажиллахдаа “голын голдиролд баригдсан "Aкуа Гарден" хороолол нь “үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй томоохон хүчин зүйл болж байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Улмаар нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар "Aкуа Гарден" хорооллын хоёр блок болон "Шунхлай ШТС", "S Outlet" дэлгүүрийг нураах захирамж гаргасан. Захирамжийн дагуу "Шунхлай ШТС" болон "S Outlet" дэлгүүрийг нураалтын ажил эхэлсэн боловч, "Акуа Гарден"-ы зүгээс "нураах үндэслэлгүй" хэмээн хариу тайлбар өгсөн. Үүний дараа хотын дарга асан Д.Сумъяабазар тухайн барилгын газрын маргааныг сөхөж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Гэвч уг шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Удалгүй тэрбээр даргын суудлаасаа бууж, түүний оронд Х.Нямбаатар хотын шинэ даргын үүрэгт ажлыг авсан.
Х.Нямбаатар шинэ хотын дарга болсон даруйдаа хуучин даргын шийдвэрийг дэмжиж, "Акуа Гарден"-ыг нураана гэдэгт итгэлтэйгээр дуугарч эхэлсэн. Гэтэл тухайн хэргийн эхний шүүх хурлаар "Голын голдирол өөрчлөөгүй. Тиймээс Акуа Гарден-ыг нураахаас түдгэлзүүлсэн" шийдвэр гаргав.
Үүний дараа хотын дарга 2024 оны "хавар барилгыг бүхэлд нь нураана" гэдгээ мэдэгдсэн. Гэвч дулаан орохтой зэрэгцэн "Акуа Гарден" өнгө нэмж, барилгын ажил эхлэв.
Х.Нямбаатар дарга "Шунхлай ШТС", "S Outlet" дэлгүүр болон далангийн урсцыг хааж барьсан, автозамын гүүрэн гарцыг амжилттай буулгасан.
Үүнээс хойш хэд хэдэн удаа "Акуа Гарден"-ыг нураах талаар дугарсан ч удалгүй чимээгүй болж, хэргийн шүүх хурал ямар шатандаа байгаа эсэх нь тодорхойгүй болж эхэлсэн юм.
Харин "Акуа Гарден" талаас "Шүүх нураах үндэслэлгүй хэмээн хэргийг түдгэлзүүлсэн" гэх тайлбар өгч, барилгын ажлаа хийсээр.
Ийнхүү хотын дарга асан Д.Сумъяабазарын гаргасан нураах шийдвэр Х.Нямбаатар дарга дээр чимээ сураг алдарч, улмаар тус барилга тун удахгүй ашиглалтад орохоор болжээ.

"Акуа Гарден"-ы тухай хөндвөл, орхигдуулж болохгүй нэгэн сэдэв бий. Хамгийн анх Усан парк барихаар зөвшөөрөл авсан газарт хэрхэн 25 давхар бүхий дөрвөн блок хотхон баригдсан.
2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар мэдээлж байв.
Монголчууд аль ч улиралд далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “Эм Эн Жи” ХХК-ийн тэр гоё үг биелэлээ олоогүй.
2022 онд "Усан парк барина" гэж хашаалсан газарт" 25 давхар орон сууцны хороолол" шаваа тавьж, өдгөө сүндэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар тухайн барилгыг "БҮТИ" ХХК барьж, гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн компанийн талаарх мэдээллийг opendata сайтаас нягталлаа.
Тухайн компани 2006 онд байгуулагдсан бөгөөд хувь эзэмшигчээр нь Гэндэнгийн Батжаргал, Володъяагийн Ганбаатар нар бүртгүүлжээ.
Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад, “БҮТИ” ХХК-ийг тендерт шалгараагүй гэж бүртгэгдсэн байна.
Харин цахим орчноос тус компани болон хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг нягтлахад, “БҮТИ” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп”-ийн захиалгаар:
- 2009-2011 онд ХУД-ийн I хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд “Рапид харш” хорооллыг барьсан.
- Мөн 2011 онд “Хурп групп”-ийн захиалгаар СБД-ийн VI хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд “Новотел” зочид буудлыг барьсан.
- 2015 онд “Хурд групп”-ийн захиалгаар ХУД-ийн XV хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно “Кэй Эйч апартмент” хотхоныг барьсан.
- Мөн “БҮТИ” ХХК нь блок үйлдвэрлэдэг бөгөөд “Хүннү 2222” хотхоны блокны ерөнхий нийлүүлэгчээр ажиллаж байсан" гэх мэдээлэл байна.
Дээрх үйл явдлаас харахад, “Шүүхийн асуудалтай” гэх бүдэг үгээр халхавч хийсээр “Акуа Гарден” ашиглалтад орох дөхжээ. Нөгөө талаараа нэгэнт баригдсан энэхүү барилгыг дахин буулгах асуудал яригдах үед төрийн өмнөөс ард түмнийг босгохоор эхний захиалагчдадаа орон сууцыг нь хүлээлгэн өгч, дараа дараагийн захиалгаа хийсээр байна.
https://eguur.mn/575331/
Сэтгэгдэл