Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монголд ДОХ/ХДХВ-ын халдвартай 229 тохиолдол бүртгэгдээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15 настай хүүхдээс халдвар илэрсэн талаар мэдээлсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга, их эмч, анагаах ухааны доктор Ж.Даваалхамаас дараах асуултад хариулт авлаа.
-ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монголд гарч буй тохиолдлын насны ангилал, хүйсийн хувьд ямар байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-ХДХВ-ын үүсгэгч нь ретровирус юм. Үүний эсрэг эмчилгээг хийхгүй бол хүний дархлааг дарангуйлж ДОХ-ын шатанд шилждэг. Өөрөөр хэлбэл Дархлалын олдмол хомсдол буюу хүндрэлийн хэлбэр рүү шилжинэ гэсэн үг. Хүмүүс ДОХ-ын халдвар гэж ярьдаг нь буруу юм. 2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм. Тодруулбал 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарсан. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж байгаа. Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн 23.1 хувийг эзэлж байна. Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй юм. ДОХ-оор нийт 37 хүн нас бараад байна.
-ЕБС-ийн хүүхдүүдээс энэ өвчин илэрч байгаа нь эмгэнэлтэй юм. 15 настай хүүхдээс ХДХВ илэрсэн нь үнэн үү?
-Анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдээд байна. Энэ нь бэлгийн харьцаанд орсон хэн ч өвчин авах магадлалтай гэдгийг илтгэж байна. ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эрсдэл байгаа учир хүүхдүүд халдвар аваад байгаа юм. 15-тай хүүхэд ДОХ-ын халдвар авч байгаа нь ДОХ хэнийг ч ялгахгүй гэдгийг илтгэж буй хэрэг юм. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм. Манайд илэрч байгаа ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа.
-Манай улс бусад орнуудаас ДОХ-ын тархалтаараа ямар түвшинд байгаа вэ?
-Манай орны хувьд нийт хүн амын дунд бага тархалтайд ордог. Тодруулбал нөхөн үржихүйн насны хүмүүсийн хувьд 0.1 хувиас бага тархалттай. Эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд халдварын тархалт 5 хувиас дээш гарсан учраас олон улсын ангиллаар төвлөрсөн тархалттай гэсэн ангилалд багтсан
-ДОХ-ын халдварын шинэ тохиолдол илрэхэд анхаараад орхигдуулдаг жишиг тогтчихлоо. Олон нийтийг энэ өвчнөөс сэрэмжлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-25 жилийн хугацаанд халдвар бүртгэгдсэн тохиолдлыг 229-д барина гэдэг бусад орнуудыг бодвол харьцангуй том амжилт. Жишээ нь, Эрхүү муж 2-3 сая гаруй хүнтэй халдвартай хүмүүсийн тоо хэдэн мянгаар нэмэгдсээр байна. Буриадад гэхэд халдвартай 4000 гаруй хүн бий. Өвчлөлийг шууд зогсоох боломжгүй. Учир нь монголчуудын шилжилт хөдөлгөөн, гадаад дотоодод зорчиж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Энэ байдал халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тиймээс юун түрүүнд хүмүүст эрсдлийн талаарх ойлголтыг сайн өгөх хэрэгтэй. Үүнийг зөвхөн эрүүл мэндийн болон боловсролын байгууллага дангаараа хийнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Хүний эрүүл байх эсэх нь өөрөөс 70 хувь шалтгаална. Тиймээс хувь хүн өөрийнхөө хариуцлагыг өндөржүүлж, үлдсэн хувьд нь эрүүл мэндийн салбарынхан тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын байгууллага эрүүл мэнийн хичээлдээ түлхүү оруулж өгөх шаардлагатай.
-ЕБС-ийн хүүхдүүдийг ДОХ-ын халдвар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс нэгдсэн журмаар үзлэг оношилгоонд хамруулж болдоггүй юм уу?
-ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээ тодорхой заавар журмын дагуу явдаг. Бид ямар ч насны хүнийг албадан шинжилгээнд оруулах хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй шинжилгээнд хамруулах боломжгүй. ЕБС-ийн хүүхдүүд, өсвөр үеийнхэнд бэлгийн хавьталд эрт орохгүй байхыг хэлдэг. Хэрэв орсон тохиололд бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Шинжилгээнд заавал хамрах шаардлагатай хүмүүс бол жирэмсэн эмэгтэйчүүд юм. Жирэмсний эхний гурван сар болон 28 долоо хоногтойд заавал ХДХВ-ын халдвар, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх ёстой. Мөн цэцэрлэг, сургууль, үйлчилгээний байгууллага, ресторан бар, хоолны газруудад ажиллаж буй тодорхой ажил мэргэжлийн хүрээнд зайлшгүй шинжилгээ өгөхийг шаарддаг. Мөн мэс ажилбарт орох гэж буй эмнэлгийн ажилтнууд Эрүүл мэндийн сайдын 191 тоот тушаал буюу "Үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар ХДХВ-ын халдвар илрүүлэх заавар”-ын дагуу тодорхой дарааллаар шинжилгээ өгдөг. Улсын хэмжээнд ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний 40 төв ажиллаж байна. Тиймээс иргэд дээрх төвүүдэд хандаж шинжилгээ өгөх бүрэн боломжтой.
-ХДХВ-ын халдвартай нэг хүний эмчилгээнд хэр их мөнгө зарцуулдаг вэ?
-Халдвартай хүмүүсийн эмчилгээнд ретровирусын эсрэг эм хэрэглэдэг. Энэ эмийг 2013 он хүртэл ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангаас санхүүжүүлж байв. Үүнээс хойш Засгийн газар санхүүжүүлж байгаа. Бид ЮНИСЕФ-ээр дамжуулан зах зээлийн үнээс 100 дахин хямд, чанартай эм авдаг. Халдвартай хүмүүст эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байна. Ретровирусын эмээ ууж, эмчийн хяналтанд байгаа халдвартай хүмүүс ДОХ-ын шатанд шилжиж нас барах эрсдэл нь буурдаг.
-Сүүлийн үед ДОХ-ын халдвар гей эрчүүдээс илэрч байгаа гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Манай улсад бусад орон шиг цус, цусан бүтээгдэхүүн, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. 100 хувь бэлгийн замаар халдварлаж байгаа. Гей эрчүүдийн хувьд шулуун гэдсээр бэлгийн хавьталд орж байгаа учраас бэлгийн харьцааны үед арьс салст маш их гэмтдэг. Үүнээс үүдэлтэй халдвар амархан дамждаг.
-Ингэхэд сайн дураар үзлэг шинжилгээ өгч байгаа хүмүүс хэр нэмэгдэж байгаа вэ. Замбараагүй бэлгийн харьцаанаас болж бэлгийн замын өвчлөл нэмэгдэж байгаа гэдэг. Энэ тухайд?
-Ер нь жилдээ давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамардаг. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 28 мянган хүн шинжилгээ өгсөн гэсэн тооцоо гарсан. 2016 онд тэмбүүгийн тохиолдол 1700 орчим тохиолдлоор буурсан дүн бий. Өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүгийн 42 тохиолдол, 2015 онд 52 тохиолдол бүртгэгдсэн. Халдвартай ээжээс халдвартай хүүхэд төрж байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Энэ нь юунаас болов гэхээр 90 орчим хувь нь жирэмсний хяналтад ороогүйтэй холбоотой. Жирэмслэхээр бэлдэж байгаа хүн өөрийгөө эрүүл мэндийг онцгой анхаарах хэрэгтэй. Жилд 87 мянга гаруй ээж төрдөг. Тэдний 5 орчим хувь нь тэмбүү өвчтэй байна. Тиймээс үүнд бодлогоор анхаарал хандуулах шаардлагатай.
-ХДХВ-ын халдвартай ээжүүдээс төрсөн хүүхдүүд халдвар авсан тохиолдол бий юу?
-ХДХВ-ын халдвартай 10 ээжийн 15 хүүхэд төрсөн. Бүгд эмчийн хяналтад, халдваргүй бойжиж байна. Бэлгийн замаар дамжих халдвар бол хоолны хордлого биш, амьсгалын замын халдварт өвчин биш. Нэг өрөөнд агаар амьсгалснаараа, санамсаргүй хоол идээд халдвар авах биш, цэвэр ухамсарын үйл гэдгийг хүмүүс ойлгомоор байна. Бэлгийн хавьтлын үед өвчин авч байгаа учир үүнээс 100 хувь хамгаалах бүрэн боломжтой. Энэ бол таны гарт байна.
-Та нийт хүмүүст хандаж юу хэлэх вэ?
– Тохиолдлын бэлгийн хавьталд орох хэрэггүй. Бэлгэвч хэрэглэ. Найз охин, найз залуу, гэр бүлдээ үнэнч байх хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж:www.montsame.mn
Сэтгэгдэл