ТӨХ-ны таван дарга, “Эрдэнэт”-ийн хоёр захирлаас 100 гаруй сая доллар хаачсаныг асууя


ТӨХ-ны таван дарга, “Эрдэнэт”-ийн хоёр захирлаас 100 гаруй сая доллар хаачсаныг асууя
"Эрдэнэт үйлдвэр”-ээс Орост төлөх дөр­вөн жилийн ногдол ашгийн 100 гаруй сая ам.долларын өр босч ирээд байна. ТӨХ-ны дар­га Ц.Нанзаддорж энэ мэ­дээллийг УИХ-ын чуул­ганы танхимд хэлс­нээр нийтэд ил болсон юм.
 
Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед дээрх өрийн тухай мэдээ тэнгэр ниргэх шиг сонсогдов. Өрийг хаанаас, яаж төлөх нь тодорхойгүй. Юутай ч Орост ийм өртэйгээ мэдэж авлаа.
 
Гэхдээ энэ 100 гаруй сая ам.доллар бол 2012-2015 онд Орост очих ёстой ногдол ашиг нь. Дээрх хугацааны эхэн үед Монгол Улс санхүүгийн боломжтой, энэ байтугайг төлөх чадалтай болоод байсан үе. Гэтэл хураасаар байгаад үгүй хийж орхижээ.
 
"Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын талын 51хувийг ТӨХ төлөөлөн эзэмшдэг. Тэгвэл ногдол ашгийг өгөлгүй хураасан он жилүүдэд Д.Сугар, Б.Заяабал, Ш.Солонго, Д.Цогтбаатар, Ц.Нанзаддорж нар ТӨХ-ны даргын албан тушаалыг ээлжлэн хашсан байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар Ч.Ганзориг ажиллаж байгаад, 2013 оны нэгдүгээр сард одоогийн захирал Ц.Даваацэрэнд хүлээлгэн өгсөн байх юм. Ингэхээр өр болсон 100 гаруй сая ам.долларын асуудал энэ хэдэн хүнтэй яахын аргагүй холбоотой болж таарна.
 
Ц.Нанзаддорж даргын хэлснээр өнгөрсөн хаврыг хүртэл ногдол ашгийн хөрөнгийг банкинд хадгалаад л байж. Гэхдээ ингэж байлгасан эсэх нь баталгаагүй. Байлгасан бол энэ их хэмжээний мөнгийг байршуулсны хүү хаагуур яваад хэний дансанд орж байв гэдэг асуулт бас гарч ирнэ.
 
Нөгөө талаар Монголд бас энэ хэмжээний үүнээс их ногдол ашиг орж ирж байжээ. 2012 оны зургадугаар сард тухайн үеийн сангийн дэд сайд Ч.Ганхуяг нэгэн ярилцлагадаа "Эрдэнэт”-ийн ногдол ашгийг хэрхэн "зарцуулснаа” ярьсан юм. Тэрээр "...Нэг сая төгрөгийг иргэн бүрт олгоход хүндрэл гарч байна. Улстөрийн хувьд ч олон саадтай тулгарлаа. Гэхдээ манай нам зохих хариултаа өгч, ажлаа хийж үүргээ гүйцэтгэж байгаа.
 
Ахмадууддаа эхний шатны 333 мянган төгрөг олгох ажил өрнөж байна. "Эрдэнэт” үйлдвэрээс ногдол ашиг орж ирсэн. Өмнөх жилийн ногдол ашиг 70 сая ам.доллар орж ирсэн. Тэр мөнгө Монголбанк, Төрийн сангийн дансанд орж ирэхээр холбогдох ХААН, Хадгаламж, Капитал банкуудын дансанд шилжүүлж байж 333 мянган төгрөг эхний ээлжинд олгоно” гэсэн юм. Эндээс үзвэл Чалкогийн 350 сая ам.доллараас гадна Монголд оногдсон "Эрдэнэт”-ийн ногдол ашиг ч сонгуулийн амлалтаа биелүүлэхэд зарцуулжээ. Тиймээс Орост очих ёстой 100 гаруй сая ам.доллар ч ийм замаар үрэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй нь.
 
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.