“МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдаан амжилттай зохион байгуулагдлаа


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн зөн Монгол олон улсын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, МУБИС, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр МТҮП -д амжилттай зохион байгууллаа.

Мөн тус уралдаанд ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, дэд дарга В.Алтансүх, ДЗМОУБ-ын мэргэжилтэн Б.Түмэнжаргал, МТҮП-ын ерөнхий захирал Содномдамба, ЗУХ-ийн дарга Г.Мөнхсүх, НЗДТГ-ын төлөөлөгч, ДЭМБ-ын төлөөлөгчид, БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын албаны төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцон, салбарын бодлого үйл ажиллагаа болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан цаашид олон улсын энэхүү тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор 2017 оноос үндэсний хэмжээнд "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг уламжлал болгон зохион байгуулах гэж буйгаа албан ёсоор мэдэгдэн оролцогчдод өндөр амжилт хүслээ...

Уралдаанд Хараа, Сонсгол, хэл яриа, Тулгуур эрхтэн, Сэтгэц, оюун ухааны бэрхшээлтэй гэсэн 4 хэлбэрээр 12 аймаг, 6 дүүргээс мэдээлэл технологийн ур чадвартай 13-18 насны 32 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус оролцсон бөгөөд тэд дараах программууд дээр ажиллаж ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон юм.

-etool Challenge: MS-office-ийн MS-Excel

-etool Challenge: MS-office-ийн MS-power Point

-elifeMap Challenge: Хайлтын сангаас мэдээлэл хайх

 

Харааны бэрхшээлтэй оролцогч нь MS-Excel программ дээр ажиллан даалгавар гүйцэтгэсэн бөгөөд эх уншигч JAWS зэрэг программ ашиглан уралдаанд оролцсон юм.

 

Уралдааны төрлүүдэд амжилттай оролцсон 4 оролцогч БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ”уралдаанд 2017 оны 09-р сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдах "Мэдээлэл, технологийн сорилт-2017”-д оролцох эрхээр шагнагдсан бөгөөд ирэх 09 сар хүртэл СЗСҮТ-д бэлтгэлээ хангах юм.

·Улаанбаатар хотын харьяат СЗСҮТ-ийн оюутан сонсголын бэрхшээлтэй Т.Төгсжаргал

·Улаанбаатар хотын харьяат 116-р тусгай сургуулийн сурагч харааны бэрхшээлтэй А.Лхамсүрэн

·Ховд аймгийн харьяат СЗСҮТ-ийн оюутан тулгуур эрхтний бэрхшээлтэй Э.Отгон-Эрдэнэ

·Хэнтий аймгийн харьяат Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч тулгуур эрхтний бэрхшээлтэй Г.Цолмон-Од нар шалгарлаа.

Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье...

СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Мэдээ бэлтгэсэн: СЗСҮТ-ийн мэргэжилтэн Г.Лувсан-Одсэр










Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.