УТАА энэ аюулын харанга дэлдсэн үг нийслэл хотын иргэдийн төдийгүй ихэнх аймгийн төвүүдийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Том зургаар нь харвал МОНГОЛ УЛСЫН асуудал болоод 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Бид эхний ээлжинд утаагүй түлш, утаагүй зуух, халаагуур гээд туршиж үзсээр л байна. Гэхдээ үр дүн нь үнэндээ гарт баригдаж нүдэнд үзэгдсэнгүй. Утааг арилгах томоохон төсөл хөтөлбөрүүд хэдхэн компанийн бизнесийг өргөжүүлэн тэжээх ажил болоод дуусч байгаад харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг "Өглөөний цай” бизнес уулзалтад оролцох үеэр утаанаас ангижирч болох оновчтой саналыг дэвшүүлж цугларсан олны анхаарлыг татсан Ч.Мөнхбаатар гуайтай ярилцлаа.
Сайн байна уу? Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзалтад оролцож энгийн хүрэн нүүрснээс боловсруулан гаргаж авсан "Утаагүй цэвэр түлш”ээр Улаанбаатарыг хангаж болох талаар ярилцсан. Танхимд байсан хүмүүс таны тавьсан асуудлыг ихээхэн сонирхож таатайгаар итгэл өгсөн байдлаар хүлээж авсан. Тэгэхээр ерөнхий сайд танд ямар хариулт өгсөн бэ? Та хоёр дотночлон ярилцах шиг болсон?
Би унаган Улаанбаатар хотын хүн. Энэ хотод төрж өсөж 50 гаруй насыг насаллаа. Улаанбаатарынхнаа хөгжил дэвшил түүхийг харж байгаа шигээ сөрөг талыг нь бас харж байна. Хүн ам ихээр өсөж байгаа шиг олон янзын хүмүүсийн муу муухайг ч олж харж байна. Хүн бүхний ярьж байгаа шиг Улаанбаатарын бохирдол, агаарын бохирдол, угаарын бохирдол, утааны бохирдол, тоос, шороо, улаанчулуутын хогийн цэгийг ч очиж үзлээ. Миний хувьд 31 дэх жилдээ Монголын уул уурхай түүний дотор нүүрсний салбарт ажилласан. Би нүүрсийг их сайн мэддэг гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ бид ямар ч байсан бусдаас илүү нүүрстэй ойрхон байдаг гэх гээд байгаа юм. Монгол Улсын тавьсан стандартад нийцэх илүү ойртох шахмал түлш, түлш байхгүй. Ер нь тэгээд сүүлийн үед ямар ч аргагүй болсон, мухардсан мэт яриад байна. Тийм биш ээ. Энгийн хүрэн нүүрснээс гарган авсан дээд зэргийн утаагүй нүүрсэн бүтээгдэхүүн байна. 2015 онд бид энэ асуудлыг тавьж яваад ямар ч амжилтад хүрэлгүй орхисон. Ерөнхий сайд цаг алдалгүй шийдвэрт хүрч чадвал бид энэ өвөл эхнийхээ утаагүй түлш хийх нүүрсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж байгааг бид хэлээд байгаа юм.
Таны хэлснийг би ойлгож байна. Харин ерөнхий сайд танд ямар хариулт өгсөн бэ гэдэг л сонин байна?
Шууд ийм нийтийн уулзалтаар хариу өгнө гэж байхгүй ээ. Би ерөнхий сайдаас цаг гарган хүлээн аваач, илүү дэлгэрэнгүй тайлбарлаж ойлгуулах зүйлс байна гэдгийг хэлсэн. Ерөнхий сайд зөвлөхүүдтэйгээ холбогдон уулзаарай гэж нэг зөвлөхийнхөө нэрийг цохож өгсөн. Бидний хувьд дараагийн уулзалтад бэлдэх, хүлээх ажил л үлдлээ.
Үнэнийг хэлэхэд шахмал түлш төрөл бүрийн зуух, халаагуур энэ бүх зүйлд итгэл алдарч байна шүү дээ ард түмэн?
Энэ асуудал бидэнд ч бас бэрхшээл авчирч байна. Гэхдээ ард түмэн хэрэглээд ирэхээрээ ойлгоно. Өмнөх жилүүдэд шахмал түлш гэхээр ард түмэнд сайн сайхан гэж ойлгогдох хэмжээнд "шахмал түлш” байсангүй ээ. Янз бүрийн хүмүүс бизнесийн зорилгоор шахмал түлш хийсэн. Гэхдээ нүүрсийг огт боловсруулаагүй. Гайгүй сайн нүүрсийг нунтаглаад буцааж хэвэнд шахаад л түүнийгээ "шахмал түлш” гэж нэрийдээд байсан. Нүүрсээ боловсруулаагүй учраас хичнээн сайн нүүрс байсан ч тодорхой хэмжээний утаа угаар гаргах нь ойлгомжтой. Өнөөдрийн бидний хэрэглээд байгаа шахмал түлш гэдэг бол зүгээр л хэлбэр гол нь боловсруулсан нүүрсэн бүтээгдэхүүнийг л бид яриад байгаа юм. Монголчуудын бахархал бол энэ сайхан нутагтаа дөрвөн улиралдаа ээлжлэн амьдарч байгаад оршдог. Бид цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэх, дамжуулах станцууд, трансформаторуудынхаа чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын хөндлөн огтлол буюу утсаа бүдүүрүүлэх, наад захын гал түлдэг айл бүхэнд цахилгааныг хүргэх нэмэлт цахилгаан дамжуулах шугам инженерийн байгууламжуудыг барих гээд төрийн алсын болоод ойрын зорилтоо тодорхойлоод хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг мэдээд цаг хугацаанд хувиарлаад хийх л байх. Үүнийг төр тодорхой хугацаанд хийх байх. Гэтэл айлуудыг 4 квт цахилгаан халаагуураар хангахдаа айлынхаа бусад хэрэглээ, энэ ачаалалдаа тохирсон тоолуур, гал хамгаалагчууд, айлаас шон хүртэлх шугамын утасны асуудлуудыг цуг шийдэхгүй бол болохгүй. Айлуудын хуучин хэрэглээний утаснууд тодорхой хугацаанд халж байгаад нэг шөнө унтаж байхад нь шатчих вий дээ. Энэ л гамшиг. Би өнгөрсөн онд түлш эрчим хүчний салбарт бүх насаа зориулсан Ө.Гүржав сайдтай уулзаж ярилцаж байлаа. 1970 онд манай төр засгаас 100 айлыг сонгож цахилгаанаар хангах гэж багагүй хөрөнгө үрээд болохгүй байсан тухай сонсож байлаа. Халаагуураар халааж бүтэхгүй гэж байгаа юм биш миний хэлээд байгаа аюулгүй байдал чухал. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ жил 60 мянган айлыг эхний ээлжид халаагуураар хангана гэж байна лээ. Одоо байгаа систем нь даах юм болов уу. Цахилгаан түгээх нам хүчдэлийн сүлжээ, системийн яг түүнийг хийдэг хот, дүүргийн түгээхийн инженер техникийн ажилчид юу гэх юм болдоо. Тэдэнд шуурхай хөрөнгө оруулалт, санхүүжилт очих болов уу гэдэг асуудал байна. Бодвол төр засаг, яам, тамгын газрынхан тооцсон л байдаг байлгүй дээ.
Асуудал одоо л ойлгогдож байна. Бид ер нь хот, дүүргийн цахилгаан түгээх сүлжээнүүдийг бас сонирхож судлах хэрэгтэй юм байна? Агаарын бохирдол бууруулахад өөр ямар асуудал байна вэ?
Агаарын бохирдол гэж яримгүй байна. Одоо бид агаарын бохирдол үүсгээд байгаа тэр хүчин зүйлүүдээ заагламаар байгаа юм.
– Байгалийн өөрийнх нь тоос, шороо байна.
–
Хүмүүсийн ахуйн хог хаягдал, байгууллага, хүнтэй холбоотой нийгмийн хог
хаягдал гэж байна. Нийтийн байрнаас, байгууллагын контороос, нийтийн
хоолноос гэх мэт.
– Бүх нийтийн машин, техникийн утаа, угаарын хортой хийн бохирдол, мөн нийт механик бохирдол.
–
Ахуйн, өвлийг даван туулах гэсэн галлагааны угаарын бохирдол. Энэ л
гамшиг болоод байна ш дээ. Энд мөн усан халаалтын хотыг тойрсон зуухнууд
байна.
Дулааны цахилгаан станцын
бохирдол байна. Үнэндээ бол цахилгаан станцын яндангаас бараг утаа
гардаггүй юм даа. Нарийн ширхэгт үнс тоосонцор гарч байгаа. Бидний
нүдэнд үзэгдээд байгаа цагаан утаа шиг юм нь үнэндээ хэрэгтээ уур юм.
Дулааны үзэгдэл л бидэнд утаа шиг харагдаад байгаа юм.
Тэнгэрт
утаатай онгоц нисэж байна гэдэг шиг. Онгоц үнэндээ утаа гаргадаггүй юм.
Бидний нүдэнд халуун, хүйтэн агаарын хөдөлгөөн, физикийн зүгээр л нэг
үзэгдэл харагдаж байгаа. Нэг тийм онигоо байдаг юм "Хэдэн архичид
гудамжинд байсан гэнэ. Тэгсэн тэнгэрт нэг онгоц явж байж. Тэгтэл нэг нь
яасан их утаатай онгоц явж байна гэж. Гэтэл өөр нэг нөхөр нь дээшээ ч
харалгүй тайвнаар өө тийм тэгдэг юм кольц нь муудахаар тэгдэг юм гэжээ
”. Хүмүүст янз бүрийн ойлголт, хуримтлагдсан мэдлэг байна. Гэхдээ энэ
жишээгээр дулаанаас хамааралтай гэрлийн хугарал бидний нүдэнд ирж байгаа
үзэгдлийг мэдэхгүй байгаа нь жишээ.
Та хэдхэн хоногийн өмнө "Утаагүй Улаанбаатар Форум”д оролцож байсан. Гэхдээ та ер үг хэлээгүй?
Би дургүй хүрээд сүүлд нь хаяад явсан. Зохион байгуулагчид нь нэрээ буруу өгчихсөн юм уу буруу хүмүүсийг урьчихсан юм уу бүү мэд. Тоо нь дотор ганц үсэг зохиж явна гэдэг шиг би өөрөө төөрөөд буруу юм руу орчихсон гэлтэй байсан. Улаанбаатар хотын барилгажилт, барилгын үйлдвэрлэл ярьж байна лээ. Хүн төрөлхтөн, хөгжсөн орнууд ч гэсэн бүрэн барилгажиж амжаагүй байна. Нөгөө талаараа хүйтэн орнуудад ч бас уламжлалт маягийн галлагаа хэвээрээ оршиж байна.
Таны ярианаас та хамаг шийдлийг л үгүйсгээд байна. Таныхаар бол ямар шийдэл, гарц байна вэ?
Би үгүйсгээд байгаа юм биш л дээ. Асуудлууд цаг хугацаагаар шалгагдчихсан шүү дээ. Шалгагдаж амжаагүй халаагуурын хувьд дутагдалтай байж болзошгүй, аюултай, эрсдэлтэй талыг нь урьдчилан анхааруулан хэлж байна. Энэ засгийн Ц.Даваасүрэн сайд сонгууль хүртэлх хугацаанд юуг шийдэж чадах вэ? гэхдээ арай халаагуур, орон сууц хоёрыг урдаа тавиагүй л байх. Ерөнхий сайд бүхий л бодит арга замуудыг дэмжих утгатай асуудлыг нийтийн өмнө ярьсан. Ерөнхий сайд биднийг хүлээн авч бидний шийдлийг сонсохыг хүлээж байна. Нийслэлчүүд бид цаг алдмааргүй байна. Бид шийдэлд хурдан хүрч чадвал яг хэлснээр нь 2019 оны эцэст утаагүй "цэвэр түлш”ыг хангалттай үйлдвэрлэсэн байж чадна. Барилгыг аваад үзье. Барилга эцсийн зөв шийдэл гэж Ерөнхий сайд болоод бусад хүмүүс хэлж байна. Болоогүй ээ. Одоо борлогдоогүй 30 гаруй мянган орон сууц байна. Жилд хэдий хэмжээний барилга, орон сууц нэмж барих юм. Гэр хорооллын уламжлалт галлагаатай айлуудын хэд нь жилд орон сууцанд орж чадах юм. Тэр олон барилгууд чинь үнэгүй байх юм уу. Сарынхаа СӨХ-ын мөнгийг төлж чадахгүй эхний ядмаг айлууд байхад, дээр нь орон сууцанд зээлээр орчхоод зээлийг нь төлүүлэхэд ямар байх вэ гэх зэргээр асуудлууд хөндөгдөж байна. Барилгажилт урт хугацаатай, хөрөнгө оруулалт ихтэй дэд бүтцийн асуудлуудаа цуг шийдэж явахгүй бол болдоггүй талтай. Энэ чинь урт хугацааны, тогтвортой, макро эдийн засагтай холбоотой. Энэ засгийн газар, ерөнхий сайд У.Хүрэлсүх "галлагаанаас хамааралтай угаарын асуудлыг шийдэж чадвал АГУУ юм”. Тэгвэл амьдад нь алтадмал гэрэлт хөшөө босговол зохистой. Юм бүхэн өөрөө цаг хугацааг эрхшээж, эзэмдэж байдаг болохоор засгийн газар богино хугацаанд хийж чадах нэг л гайхамшиг бүтээчихвэл болоо.
Ярилцсанд баярлалаа. Улам анхаармаар, хиймээр зүйлүүд байна. Таны хэлдгээр асуудлаа зааглаж оновчтой болгоод урт болон богино хугацааны оновчтой төлөвлөлт хэрэгтэй байна. Утааны тухай тантай ярилцсаны дараа би бүр гайхлаа. Бид чинь утаагаа ч мэддэггүй юм байна ш дээ. Утаа хүртэл биднээс хол ч юм шиг, бас ойрхон ч юм шиг таньж мэдэж байж асуудалд хандах нээ.
Харин тийм. Бид нүүрсээ, түлшээ, утаа, угаараа таньж мэдэх хэрэгтэй. Хүн бүр мэдэх хэрэгтэй шүү. Цөөхөн эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүний зүйл биш шүү дээ. Бид ойлговол массаараа цаашаа тэмцэж чадна. Танин мэдсэн учраас угаарын утаанаас холдох эрмэлзэл бүгдэд төрнө. Нөгөө тал нь шийдвэр гаргагчид шуурхай шийдэж, манлайлан хөтлөх ёстой юм. Хэрэглээ анхдагч уу үйлдвэрлэгч анхдагч уу гэдэг бизнес эдийн засгийн маргаан байдаг байсан. Одоо цагт биш болсон. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хол хаяад явсан. Хүмүүс, хэрэглээгээ хойноос нь гүйцэхгүй, зарим нь бүр огт мэдэхгүй ч хоцорч байгаа. Шийдлийн хүлээлтгүй байх ёстой.
Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл