С.Зориг агсны эхнэр Д.Булганы хэргийг "маш нууц"-д хамааруулжээ


С.Зориг агсны эхнэр Д.Булганы хэргийг "маш нууц"-д хамааруулжээ17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн УИХ-ын гишүүн асан С.Зоригийн эхнэр Д.Булганыг өнгөрсөн баасан гарагийн шөнө саатуулсан. Цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулсан нь үнэн гэсэн боловч чухам ямар үндэслэлээр саатуулсанаа ихэд нууцалж байгаа юм. Мөн түүнийг хаана хорьсон нь тодорхойгүй байна. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж мэдээлж байгаа ч ШШГЕГ-ын албаны эх сурвалж уг мэдээллийг үгүйсгэсэн.

Өөрөөр хэлбэл, "Манай цагдан хорих төвд ирээгүй" гэх мэдээллийг өгсөн юм. Харин өөр нэг эх сурвалж Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн В корпуст саатуулсан гэв. Д.Булганы цагдан хорих хугацаа өчигдөр дууссан. Гэвч шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 14 хоног саатуулах шийдвэр гаргасан. Гэхдээ уг шүүх хурал маш хаалттай болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Д.Булганы хэргийг "маш нууц"-д хамааруулаад байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагуудаас Д.Булгантай холбоотой мэдээллийг өгөхгүй, ихэд нууцалж байна.

С.Зориг агсны хэргийг шалгаж буй ажлын хэсэг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд байрлаж байгаа гэнэ. Ажлын хэсэг сар бүр хийсэн ажлаа тайлагнадаг юм байна. Уг хэрэгт ямар ахиц дэвшил гарсан, мөрдөн байцаалтын явц хэр байгаа, ахиц гараагүй бол шалтгааныг нь сар бүр тайлагнаж ажилладаг тухай эх сурвалж мэдээлсэн юм.

Харин уг хэрэгт холбогдуулан саатуулсан хоёр иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 81.2-т зааснаар хэрэг үүсгэсэн тухай нэгэн хэвлэлд онцолжээ. Тодруулбал, Орхон аймгаас авчран саатуулаад буй тус хоёр иргэнд "Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдсан" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн байж болзошгүй тухай нийтэлсэн байна.

Г.Лхагваа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.