Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нарт албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа гэв


Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нарт албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа гэв

Г.Н гэх охин фэйсбүүкээр лайв хийж хүчингийн хэрэг, хар тамхитай холбоотой асуудлын талаар анхаарал татсан зүйлийг ярьсан нь нийгэмд ихээхэн шуугиан дагуулсан билээ. Тэрчлэн түүний ярьсан хэлсэн асуудлуудыг хуулийн байгууллага сайтар шалгаж, тогтоох ёстой гэсэн байр суурийг олон  нийтийн зүгээс сошиал сүлжээнүүдээр дамжуулан илэрхийлцгээсэн нь олон. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгтэй холбоотой дараах тайлбарыг хэвлэлд өгч байна.

"Иргэн Г нь ХУД-ийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны ... тоотод 2015 оны 06 дугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө миний охин Н нь Э. Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасныг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон, дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан. Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрх 19 хүүхдийн 5 хүүхдээс нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан "..манай үеэл охин Н, болон найз А нар нь бас хүчиндүүлсэн..” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн. Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна” гэж Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хэлсэн байна.

Мөн тэрээр "Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э. Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчлэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.