Модон хөөрөгнөөсөө ичдэг С.Дэмбэрэл таны таван одот буудлаас бид ичиж байна


Таван жилийн өмнө модон хөөрөгнөөсөө ичиж явсан С.Дэмбэрэл таны таван одтой "Корпорайт 2” зочид буудлаас энэ удаад бид ичихээр болж. Таван одтой, тансаг гэгдэх зочид буудлууд Монголд гарын арван хуруунд багтам цөөн. Гаднаасаа сүрлэг, дээд зэрэглэлийн харагдах "Корпорайт 2” буудал тэдгээр цөөнхийн нэг. Харамсалтай нь үүднээсээ авахуулаад үнэр танар гэж авах юм алга С.Дэмбэрэл дарга аа, Т.Ганболд захирал аа. Эрээн хотын, за больё, энүүхэн Замын-Үүдийн бичил буудлуудын удаж, нэгширсэн өмхий үнэртэй хивс, дрожны хамар цоргим эвгүй үнэр танай таван одот тансаг буудлаас ч үнэртэж байгаа нь дэндүү ичгэвтэр юм. Цахилгаан шатаар өгсөж урууддаг хэсгээс нь дээрх өмхий үнэр үнэртэж байхад, хурал зөвлөгөөн хийдэг заал хооронд өгсөж урууддаг шатны бариул, шат хоорондын зай тоосонд дарагдаж, дээр нь нэр усаа бичиж үлдээмээр зузаарчихаж.

Ажилтнууд тань ч үүнийгээ мэддэг юм байна лээ шүү дарга нар аа. Буудлын өрөө хариуцсан ажилтнууд нь "харин тиймээ, манай цэвэрлэгээний бодисууд ирэх 7 хоногоос ирнэ, тэгэхээр үнэртүүлэгч цацна” гэж, үүдний хүлээн авахын ажилтан нь "тиймээ, эвгүй үнэртэй байгаа биз” гэх жишээний хүлээн зөвшөөрч байна. Удахгүй ирэх гадны зочдоо байрлуулах таван одтой тансаг буудал хайх жагсаалтын хамгийн эхэнд дугаарлагдсан "Корпорайт 2” зочид буудлын чанар чансаа үнэндээ арай л байлаа гэх нэгэн бизнесмэн эрхмийн шогшролт, гэлээ гээд яалтай билээ, дээд зэрэглэлийн гэсэн өрөөнүүдийг сонголоо, цэвэрлэгээний бодис нь ирэхээр ядаж үнэртүүлэгч цацах биз гэсэн халаглалын мөрөөр биднийг очиход дээрх байдал өдгөө ч хэвээр угтав.

 

Хажуугаар нь хэдэн зуун мянган долларын үйлчилгээг нь авч байхад "манайхыг голоод явбал цаагуур чинь өөр илүү юм олдохгүй” гэсэн аятай зохион байгуулагч, менежерүүдийнх нь ааш муутай, дээрэнгүй байгаа гэж тоймгүй. Улс орон минь тоостой шороотой, утаа униартай байж болно оо, ядаж олон мянган долларын өртөгтэй жуулчны бааз, зочид буудлууд минь авч буй хөлснийхөө хэмжээгээр цэвэр цэмцгэр, дээд зэрэглэлийн байгаач ээ. Улсын мэргэжлийн хяналт, эрүүл ахуйн хяналт гэж байна уу Н.Цагаанхүү дарга аа. Бодит байдал дээр хамгийн их зарчим ярьж, бичдэг хүн бол та. Аялал жуулчлал хөгжүүлнэ л гэнэ. Гэтэл гадны хөрөнгө, мөнгөтэй томоохон зочдыг буулгах таван одотуудын нэгний байгаа царай гэхэд л арай дэндүү биш үү.

Н.Цагаанхүү дарга таны удирддаг Мэргэжлийн хяналтын газар энэ мэт томоохон газруудад, том мэдэлт дарга нарын өмчид хяналт шалгалт хийж чаддаг уу? Эрхэм таны зүрх, зориг хүрдэг бол, үнэт зарчим тань үйлчилдэг бол улс орны нүүр царай болох "Корпорайт 2”-т их цэвэрлэгээ хийлгэж, эрүүл ахуйн шалгалт явуулж өгөөч, бурхан минь.

Shuurhai.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.