Гаалийн удирдах албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулжээ


Гаалийн удирдах албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулжээ

АТГ-ынхан өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө ГЕГ-ын Төрийн захиргаа, нөөцийн газар хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтох, байцаагч н.Оргилмаа нарыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
 
Одоогоор дээрх нэр бүхий хүмүүсийг яг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгүй байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг авлигын хэрэгт сэжиглэн улмаар саатуулсан гэх мэдээллийг өгсөн.
 
Одоогоор албан өрөөнд байрлах эд зүйлсийг нь битүүмжилсний улмаас гаалиас гарч буй хүмүүс бичиг баримтаа авч чадахгүй байдалд ороод байгаа аж.
 
Ямартай ч "Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй’’ хэмээх уриатай тус газрын ажилчид ээлж дараалан шалгагдаж хоригдох боллоо. Гэтэл ГЕГ-ын удирдлагууд байцаагчдыг нь хорьсон талаарх мэдээллийг ихэд нууцалж гадагш нь гаргахгүй байх үүргийг ажилчиддаа өгчээ.
 
Хууль дүрэмд зааснаар бол Гаалийн ерөнхий газар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
 
Гэтэл сүүлийн үед тус газрын ажилчид авлига, албан тушаалын хэрэгт шилээ даран сэжиглэгдэх боллоо. Хамгийн ойрын жишээ гэхэд л энэ сарын 22-ны өдөр Замын-Үүдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатыг дөрвөн байцаагчийнх нь хамтаар авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт сэжиглэн цагдан хорьсон.
 
Гэтэл энэ асуудал намжаагүй байхад газрын дарга О.Ганбаттайгаа хаяа дэрлэн оршдог гаалийн ажилчид хамар доор нь гэмт хэрэгт орооцолдчихлоо. Яг үнэндээ гаальтай холбоотой энэ мэт хэрэг өнгөрсөн жилүүдэд ч гарч байсан.
 
 Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сэлэнгийн гаалийн гурван байцаагч ОХУ-аас бараа ачсан ачааны дөрвөн машин Монгол Улсын хилээр орж ирэхэд нь "Дээрх ачаатай машинуудыг ачаагүй хоосон" хэмээн гаалийн бүртгэлийн программдаа худлаа бүртгэж оруулсан хэрэг гарч байсан. Гэтэл энэ асуудлыг ГЕГ-ын дарга О.Ганбат хэлтсийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар "Энэ мэдээлэл ор үндэслэлгүй. Гүтгэлгийн чанартай байна.
 
Манай байцаагч нар огт буруугүй. Бид энэ хэргийг маш сайн шалгасан” хэмээн хэвлэлийн хурал хийж байв. Гэтэл байцаагчдын хийсэн үйлдлийг баримтаар тогтоон цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг, үүсгэн шалгаж асуудал намжиж байсан түүхтэй.
 
Энэ мэт олон асуудал гааль дээр гарч байсныг тоочоод баршгүй. Өөрөөр хэлбэл, гаалийн хэрэг зөрчил өссөн үү гэхээс буурсан үзүүлэлт лав харагдахгүй байна. Тухайлбал, бараа хамгийн ихээр орж ирдэг Замын-Үүд, Алтанбулаг боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг чөлөөлчихвөл түүнийхээ төлөөсөнд багагүй шан харамж авдаг нь нууц биш.
 
Тиймээс энэхүү боломжийн газарт өөрийн гэсэн хүнээ явуулчихвал дарга нарынх нь өвөр ч дагаад түнтийдэг бололтой. Яг үнэндээ гаалийн байгууллага өнгөрсөн 2012 оноос эхэлж төрийн алба биш төрлийн алба болсон. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд олон байцаагч авлигын хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан билээ.
 
Яг үнэндээ гаалийн байгууллага Замын-Үүд, хотын гаальүйгээр амьдарч чаддаггүй гэсэн нэгэн хошин яриа гараад байгаа аж. Энэ нь тус газарт томилогдон очсон гаальчид ихээхэн хэмжээний авлига өгч дээрх боомтуудад ажилладаг байна. Өнөөдөр яагаад гаалийн байцаагч нар ийнхүү олноороо гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдох болов оо.
 
Мэдээж тэд дарга нартаа өгсөн хахуулийн мөнгөө нөхөхийн тулд янз бүрийн асуудалд орох болсон нь Замын-Үүдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатын холбогдсон гэх хэрэг гэрчлээд өгч буй юм. Ямартай ч ГЕГ болон Замын- Үүдийн боомтын гаалийн байцаагчидтай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэг үүгээр төгсгөл болохгүй нь бололтой.
 
Гэхдээ гаальчид бүгд авлигач биш, тэдний олонх нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн гэдгийг мартах ёсгүй. Эцэст нь хэлэхэд Монголын мөнгөний уурхай гэгддэг гаалийн байгууллагад эхнэр хүүхэд, анд найз гээд өөрийн хүмүүсээ "шахдаг” болсон учраас гаалийн байгууллага авлигад идэгджээ гэж харж болохоор олон жишээ бийг хэвлэлүүд олонтаа дурьдаж байсан.
 
Ямартай ч авлигад идэгдсэн гэх нэр зүүгээд буй гаалийн байгууллагын чих халууцуулсан энэ үйл явдлыг холбогдох албаны хүмүүс нь анхааралдаа авахад илүүдэхгүй байх. Бид дараагийн дугаартаа ГЕГ- ын дарга О.Ганбатын нагац эгчийнх хүүхэд аль боомтын гаалийн даргаар ажиллаж байгаа болон түүний хууль бус үйлдлийнх нь талаар мэдээлэх болно.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.