Өнгөрсөн сарын 7-нд Хан-Уул дүүргийн нутаг дахь "ОБ Пластик” компанийн урд талын гурван замын уулзвар дээр "Алфард” машины жолооч бүсгүйг 0002 улсын дугаартай "Лексус- 570” машинтай "ОБ Пластик” компанийн захирал гэгээн цагаан өдрөөр зодож танхайрчээ. Хамгийн өөдгүй эрчүүд чадал тэнхээ муутай эмэгтэйчүүдийг дээрэлхдэг гэж олноороо ярьдаг. Тэр үнэн байхыг үгүйсгэхгүй. Манай редакцид хандсан М гэх бүсгүй сар шинийн өмнөхөн өөрт тохиолдсон явдлыг ярьсан юм. Хэрхэснийг өгүүлье.
-Яаж яваад хүнд зодуулав даа,бүсгүй минь?
-Тэр өдөр би ээж,хоёр хүүхдийнхээ хамт "Говь” компанийн хойд замаар явж байсан юм. Тэгтэл хажуугаас "Лексус” машин цагаан шугам давж гараад миний урдуур хэрж эргэсэн. Би түүнийг дүрэм зөрчлөө гэдгийг мэдсэн,тэгээд замын хажуу руу зогссон. Хамт явсан ээж маань тэр нөхрийг дүрэм зөрчөөд байна шүү гэж анхааруулсан. Тэгтэл тэр нөхөр машинаасаа гарч ирээд эргэхэд саад боллоо хэмээн учир зүггүй харааж загнан,миний машиныг өшиглөж намайг заамдаж унагаасан. Тэр үед хоёр хүүхэд минь айж уйлаад ээж "болиоч ээ,яаж байгаан бэ” гэж хашгирсан.
-Чам руу шууд дайраад л зодсон гэж үү?
-Үгийн солиогүй л дайрч,довтолдог юм билээ. Миний нүдний шил замын хажуу руу унасан,авах гээд зүтгэсэн чинь намайг угз татаад унагаасан. Тэр үед айж сандраад ухаан санаа үймэрч "щоконд” орсон байх. Би жоохон сэхээ оронгуутаа 102 руу залгаж цагдаа дуудсан. Цагдаа ирэх сургаар тэр нөхөр машиндаа суугаад зугтах гэсэн. Тэгэхээр нь би машинд нь орж суугаад цагдаа иртэл байж бай гэсэн. Тэр хооронд хүнийг хэл амаар ингэж доромжилдог юм байх даа гэдгийг тэр хүн үзүүлсэн дээ. Намайг ална гээд л зүхээд байсан. Өөрөө алахгүй хүнээр алуулах юм гэсэн.
-Цагдаа хэр удаж ирсэн бэ?
-Цагдаа ирж байна гэснээс хойш нэлээд удсан. Яг хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Тэгтэл тэр нөхөр миний машины түлхүүрийг надаас булааж авсан. Түлхүүр өг гэсэн чинь намайг бас дахиад л миний машины өмнө боож унагаад хоолой багалзуур шахаад элэг,бөөр,гэдэс рүү цохиод бүр хачин юм болсон. Би дэмий л нүүр рүүгээ цохиулчихгүй гээд хамгаалаад байсан ухаантай. Ээж тусламж гуйж хашгираад. Тэр хооронд хоёр хүүхэд минь хичнээн айсныг мэдэхгүй. 4,6 настай нялх амьтад шүү дээ.
-Замаар явж байгаа хүмүүс тусалсангүй юу?
Замаар явган хүн бараг харагдаагүй байх аа. Ээжийг хашгирахыг сонссон байх гурван залуу ирж тэр нөхрийг чирж холдуулсан. Намайг машинд маань оруулж суулгаад,”цагдаа иртэл машинаасаа битгий гар,алах нь байна шдээ” гэсэн.
-Цагдаа ирэхээс өмнө тэр нөхөр зугтсан юм уу?
-Цагдаа ирэхээс өмнө тэр хүн машинаа асаагаад явчихсан. Тухайн үед юун яасан тэрүүнтэй зууралдах манатай. Айсан,өвдсөн,хоёр хүүхэд ээждээ санаа зовсон гээд юу болоод өнгөрснийг ярих юм биш. Цагдаа ирээд "чи машин барьж явж чадахгүй” гээд миний машиныг жолоодож Хан-Уул дүүргийн цагдаагийн хэсэг дээр ирсэн. Тэгсэн чинь нөгөө намайг зодоод байсан нөхөр тэнд ирчихсэн,”зүгээр байхад нүүр маажчихлаа,гоо сайхан хэцүү боллоо” гээд өргөдөл гаргасан сууж байна лээ. Би ч бас цагдаад өргөдөл өгсөн,шүүх эмнэлэгт үзүүлсэн.
-Ямар хөгийн юм гэж тийм байдаг байна даа?
-Тэнд ирсэнийх,тэр бүдүүлэг этгээдийн хэн болохыг мэдэж авсан. "ОБ Пластик” компанийн захирал Ж.Отгонбаяр гэдэг юм билээ. Цагдаа нар түүнд илт саймширч,надтай их сонин харьцаж эхэлсэн. Түрүүлж өргөдөл өгснөөрөө тэр хүн хохирогч гэнэ. Миний зодуулсан огт хамаагүй,тэр их том захирлын нүүрэнд гар хүрсэн миний түмэн буруу гэнээ. Тэрүүний нүүрийг маажаад,самардаад байснаа санахгүй байгаа болохоор мэдэхгүй юм даа. Нүдний шил унахад авах гэж байхад ч юм уу санаандгүй нүүрийг нь самардсан болов уу гэж бодох юм. Би түүнийг яаж эсэргүүцээд дийлэхгүй юм байна лээ.
-Чи зодуулснаас болоод эмнэлэгт хэвтсэн үү?
-Бараг л тийм. Би элэгний хатууралтай,группэд байдаг. Гэдэс хөөж томроод бие тааруухан болсон,тэгээд хэд хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн учраас 9 хоног хэвтсэн. Одоо хэр айдсаасаа гарч чадахгүй л явна.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу?
-Гарсан байх. Хариуг нь цагдаад өгдөг гэсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Ш.Рэнцэн гэдэг хүн надаас гэрчийн мэдүүлэг авсан. Уг нь би хохирогч баймаар юм. Түрүүлж ирж өргөдөл өгсөн хүн хохирогч болдог хуультай юм гэсэн. Тэр өдрөөс хойш надыг цагдаагаас нэг ч удаа дуудаж уулзаагүй. Бодвол дуудах л байх гэж бодоод хүлээж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, том машин унадаг том компанийн захиралд замын хөдөлгөөний хууль дүрэм хамаагүй байдаг бололтой. Зодуулсан хүний буруу болдог ч байж магадгүй юм байна.
ЭХ СУРВАЛЖ: http://www.ontslokh.mn/132871.html