70 давхарт дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг шилжүүлж эхэллээ


 

70 давхарт дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг шилжүүлж эхэллээ

Чандарлах ажлыг мэргэжлийн байгууллага хийхээр болжээ​

Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20 гаруй мянган өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Тэгэхдээ 2х40 мВА чадал бүхий "Хүчит шонхор” дэд станцыг энэ онд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Үүний тулд "Самбалхүндэв”-ийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газарт цахилгааны дэд станц барихаар төлөвлөөд буй. Дэд станцын барилга барих зурвас газарт орсон 1.5 га газрыг чөлөөлж, тус хэсэгт байсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлээд байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригун "Цахилгааны дэд станцыг 100/160 харьцаатай газар дээр барихаар төлөвлөсөн. Энэхүү станцын барилгын суурь тавигдах зурвас газарт байгаа 22 шарилын нэрийг зарласан. Гэхдээ барилгын суурийг барих газарт бага зэргийн өөрчлөлт орсон тул энэ тоо багассан. Тэнд буй талийгаачдын ар гэрийнхэнтэй холбогдож, шилжүүлэх ажлыг хийж байна.

Нийт 1.5 га газрыг чөлөөлж дэд станц барина

Мөн нэр нь тодорхойгүй, чулуу, газар нь эвдэрсэн хэсэг газрын доор шарил байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа. Хэрэв шарил гарч ирвэл ёс журмын дагуу чандарлаж, далан давхрын суваргад залах ажил мөн хийгдэж байна” хэмээв. Барилгын ажилтай холбоотойгоор шарилуудыг шилжүүлж, чандарлах аж. Тэгэхдээ ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний дагуу мэргэжлийн байгууллага уг зан үйлийг үйлдэхээр болсон байна. Харин хэн гэдгийг нь тогтоох боломжгүй үлдсэн шарилуудыг мэргэжлийн байгууллага хөндөн, чандарлах ажлыг саяхнаас эхлүүлсэн бөгөөд өчигдрийн байдлаар уг ажил үргэлжилж байв. 70 давхарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил байдаг аж. Үүнээс эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болсон, ар гэр нь эргэж очихоо больсон нь 15 мянга орчим гэж албаныхан хэлдэг. Улмаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус оршуулгын газрыг бүхэлд нь шинэчилж, дээр нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих шийдвэрийг аль 2010 онд гаргасан.

Хотын өнгө үзэмжийг гундааж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлөх болсон уг дэнжид өөд болоочидтой хаяа залган амьдардаг 2500 орчим айл бас бий. Нийт 137 га талбайг эзлэн орших уг оршуулгын газрыг тусгаарлах төдий хашаа тойруулан барьснаас өөрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхлээгүй нь харагдаж байлаа. Дэд станцаас гадна дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажил ямар шатандаа яваа талаар тодруулахад С.Аригун "Одоогоор энэ талаар хийгдэх ямар нэгэн ажлын чиглэл гараагүй. Өнөөдрийн хувьд яригдаж буй асуудал бол дэд станцын барилгын ажил явагдах зурвас газрын тухай юм” гэв. Тэртээ 1950 оноос хүмүүс "Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт бурхан болоочдоо хөдөөлүүлж эхэлсэн. Улмаар 1987 онд ардын их хурлын депутатутын шийдвэрээр албан ёсоор хаажээ. гэтэл 2000 он хүртэл иргэд сул талбай олж, талийгаачаа оршуулсаар байсан нь улаанбаатар хотын төвөөс нэг их холгүй зайд 137 га талбайг эзлэн, гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотыг бий болгосон нь энэ юм.


Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.