"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатарыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны аялал жуулчлалын төв, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монголын үндэсний сонгодог ууган дуурь болох “Учиртай гурван толгой” бүтээлийг Их хотынхоо төв талбайд тоглож, баяр наадмын өмнө нийслэлчүүд Та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглов. “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдлаа.
“Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглолоо
2015/07/11 11:07
Сэтгэгдэл