ТУВАГИЙН ТАЛД ШИЛЖСЭН МОНГОЛ ЦЭРГИЙН АМЬ


ТУВАГИЙН ТАЛД ШИЛЖСЭН МОНГОЛ ЦЭРГИЙН АМЬ

 

Дайн дажингүй энх тайван цагт хоёр эр цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг сар шинийн өмнөхөн гарсан. Баярын өдрүүдэд цэргүүд амиа алдсан асуудлыг намжаасан байдалтай байна.

Өнгөрсөн сарын 30-нд Завхан аймгаас Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байр дээрээсээ морь унаж, буу сум агсаж аваад хил даваад алга боллоо гэсэн мэдээллээр эрлийн багийнхан шуурхай ажиллаж энэ сарын 02-нд цэргийг Тувагийн нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай байхад нь олсон юм.

Түүнийг айлын мал туугаад хил давсан гэх мэдээлэл бий. Тэрээр ангийнхаа ахлагчийн моринд өвс тавьж өгнө гэж хэлээд гараад сураггүй болсон ч гэх.

Талийгаач гадны нөлөөтэй амиа алдсан уу, эсвэл төөрч яваад осгосон уу, үнэхээр өөрийгөө буудан хороосон уу гэдэг нь эргэлзээтэй.  

Өөрөөр хэлбэл, алга болж амиа алдсан цэргийг өөрийгөө буудан хороосон гэх мэдээлэл гарч эхлэв. Энэ мэдээлэл ар гэрийнхэнд нь хүнд тусч байгаа юм. Элдэв зуршилгүй төлөв даруу хүүгээ эр цэргийн албанд мордуулсан аав ээж нь “Хэзээ ч өөрийгөө буудах хүүхэд биш. Магадгүй ангид нь дарамт шахалт дэглэлт байсан юм биш биз дээ. Миний хүүг  байж суухын эцэсгүй дарамталсан юм биш биз дээ” хэмээн халаглаж харуусаж сууна.

Талийгаач алга болохоосоо хоёр хоногийн өмнө аавтайгаа утсаар яриад гэрийнхнээ санаж байгаагаа хэлжээ.  
Алга болсон талийгаачийг тэнгэр рүү гурав буудаад, дараа нь өөрийгөө буудан хороосон байдал олдсон гэж Тувагийн талаас манайд мэдэгдсэн гэв.

Гэхдээ үхсэн хүн үг хэлэх биш дээ. Талийгаач эзгүй хээр талд хашгирч, тэнгэр рүү буудсан гэдгийг хэн олж харсан юм. Хэн нотлох юм. Эсвэл амиа хорлох хэмжээнд хүртэл нь дарамталж, дэглэсэн байхыг үгүйсгэхгүй.

Үнэхээр амиа хорлосон уу, эсвэл айлын малын тууж яваад төөрсөн үү, гадны нөлөө байсан эсэхийг ар гэрийнхэн нь мэдэхгүй байна. Шинжилгээний хариугаар энэ бүхнийг эцэслэн тогтоох ч урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлосон болгоод асуудлыг намжааж дарахаар шийджээ.

Энэ асуудалд салбарын сайдууд нь ч нэг их анхаарал хандуулахгүй. Тувагийн нутаг дэвсгэрт болсон хэрэг болохоор тэднийхээс шалгана гэж өөрсдөөсөө холдуулж, асуудлыг хаацайлж эхэлсэн бололтой.

Өчигдөр ХХЕГ-аас энэ асуудлаар асууж тодруулахад “Шинэ мэдээлэл алга. Энэ хэргийн талаар цагдаа, тагнуулаас асуу. Хуучин мэдээллээр Тувагийн тал асуудлыг шалгаж байгаа” гэхээс өөр олигтой зүйл хэлсэнгүй.

Ийнхүү асуудлыг нэг нэгэн рүүгээ чихэж, бултуулж, булзайруулах аргаа аль хэдийнэ олжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа гэнэ.

Мөн Дорноговь аймгийн Зүүнбаянгийн армид ангийн ахлагчдаа зодуулсны улмаас амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байгаа бөгөөд хэргийг Ажлын хэсэг гарган шалгаж байна.

Эр цэргийн албанд мордсон идэр чийрэг залуус минь гадны нөлөөтэй амиа алдаад байвал ямар аав ээж армид итгэж, хүүгээ явуулах билээ дээ. Арми ард түмнийг айдаст автуулж эхэллээ.

О.Гэрэл
Оллоо.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.