Баяраар авдаг баахан хордлого...


Үндэсний их баяр наадам эхлэхэд гуравхан хоног үлдлээ. Монголын ард түмэн энэхүү баярыг аав, ээж, ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд хамт олноороо өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Харамсалтай нь, жил бүрийн баяр наадмын үеэр хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг.

Дан ганц баяр наадмын үеэр гэлтгүй зуны улиралд арван хүн тутмын хоёр нь хоолны хордлого болдог байна. Сүүлийн нэг жилд хоолны хордлого 20 хувиар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Харин баяр наадмын үеэр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин илүү ирдэг аж. Энэхүү тоог харахад бид баяраар баахан хордлого авдаг болох нь тодорхой болж байгаа юм. Манайхан ихэнхдээ идэж уухаасаа өмнө хордлого авах аюултай гэдгийг нь анхааралгүйгээр хүнсийг хэрэглэдэг. 

Харин хоолны хордлого авсныхаа дараа хэрэглэсэн хүнс, тухайн хүнсийг үйлдвэрлэсэн газар руу бурууг тохдог нь гэм биш зан гэлтэй. Иргэд улсын баяр наадмаар хэт их өөх, тостой хоол идэж түүнээсээ хордсон, удаан хадгалах зориулалтгүй салат, өндөг, хиам зэргийг олон хоног хадгалж байгаад идээд хордох тохиолдол хамгийн их гардаг аж. Мөн архи, бялууны хордлогод орсон хүмүүс их байдаг гэнэ.

Архины хордлогод орж байгаа гол шалтгаан нь өөх тостой хоолтой, архийг хамт хэрэглэснээс үүдэлтэй бөгөөд хүмүүс царцуу, өөх, тостой зүйл идчихээд араас нь архи уудаг. Энэ нь архины хордлогод оруулах гол шалтгаан болдог ажээ. Архийг өөх тос багатай хөнгөн төрлийн зууш, салатаар даруулж уувал сайн гэж үздэг бол манайд үүнийг эсрэгээр нь ойлгодог. Хүнд өөх тос ихтэй хоолны даруулга болгож архи хэрэглэсээр заншсан билээ. Улмаар энэхүү ойлголтоосоо болоод өөрийн биед олон төрлийн өвчний эх үүсвэрийг тавьсаар байна.

Зарим хүнсний бүтээгдэхүүн хоорондоо зохицдоггүйгээс хордлого авах тохиолдол ч гардаг. Хамгийн их хордлого өгдөг хоол хүнсэнд лаазалсан бүтээгдэхүүн байдаг бол өндөг, халаасан хоолыг зохистой хэрэглэх ёстойг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа юм. Зуны улиралд хүмүүс жимс, ногоо ихээр хэрэглэдэг. Тэгвэл модны жимсийг сүүтэй хамт хэрэглэвэл ходоод өвдөж, тархины өвчин үүсгэдэг бол тоорыг байхуу цайтай нэг дор хэрэглэвэл мөн л гэдэс хямардаг байна. 

Тахиа, загасны махыг айрагтай хамт хэрэглэж болдоггүй бол сүү маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй харшилддаг байна. Энэ мэт энгийн зүйлсийг иргэд мэдэхгүйгээсээ болж хоол, хүнсний үүдэлтэй хордлого ихээр авдаг аж. Гэвч хордлого бол 2-3 хоногтоо үргэлжилдэг өвчин биш, өөр өвчнүүдийн үндэс суурь болдог тул хэрэглэх хоол хүнсэндээ болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Мөн амралт зугаалга, баяр наадмыг тохиолдуулан аялж амарч буй иргэд хөргүүрт хадгалах ёстой хиам, махан бүтээгдэхүүнийг шууд машиндаа, суудлын тэрэгнийхээ тээшинд хийж 24 цаг явахад л тухайн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаж муудан хордлого халдвар гарах нөхцөл бүрддэг байна. Үүнээс гадна баяр наадам болж байгаа үед хүнсний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүнд заасан нөхцөлд хадгалагдаж байгаа эсэхийг нь сайтар шалгаж авах нь ховор.

Энэ мэтээр бид өөрсдөдөө өвдөх шалтгаанаа бэлдэж өгдөг байна. Ер нь бол хэн ч хордлого авахыг хүсдэггүй. Мөн тэднийг хэн ч хордуулахыг хүсээгүй. Зүгээр л идэж, ууж буй зүйлээсээ хордлого авна. Харин бид ихэвчлэн амарч зугаацан, баярлан наадаж байхдаа эдгээр эрсдэлийг өөртөө бий болгож буйгаа мэддэггүй нь харамсалтай. Тиймээс эдгээрийн ард дээр ниргэсэн хойно нь хашхирах биш урьдчилан сэргийлж суралцмаар.

Энгийн зүйлсийг мэддэг болоод, хоол ундаа зохицуулаад хэрэглэвэл бид хоол хүнснээсээ хордох нь багасах болов уу. Ингээд хоолны хордлого болон нарших үед авах арга хэмжээ зөвлөмжийг хүргэе.

Хоолны хордлого тайлах хамгийн амархан аргууд

Бөөлжих

Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр бу юу хоёр цайны халбага давс хийхээр тооцон нэг цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал илүү сайн.

Эм уух

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрсэн эмийг дөрвөн цагийн зайтай дөрвөн ширхгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй.

Гэдэс цэвэрлэх

Хэрэв өвчтөн шингэн зүйл ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. Нэг литр буцалсан усанд хоёр хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдсээр бургуйдаж болно. Ингээд арван минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна. Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар идэх нь сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.

Нарших

Нарших буюу наранд цохиулах гэдэг нь энгийнээр тайлбарлавал хэт халуун хурц нартай өдөр гадаа удаан байх, нарны шууд гэрэлд толгой болон их биеэрээ байснаас нарны хэт ягаан туяаны хор биед нөлөөлөх ба хүний биеийн энгийн температур нь нарны хэт халуун температурт харилцан цохилцож биеийн температур энгийн үеэсээ огцом дээшлэхийг хэлдэг байна.

Наршихаас сэргийлэх арга хэмжээ:

  • Байнга ус уух
  • Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах
  • Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах
  • Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах
  • Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх
  • Нарны халхавч, малгай байхгүй тохиолдолд алчуур норгож хэрэглэх, хатсан тохиолдолд дахин норгож хэрэглэх
  • Хурц нартай өдөр халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тохируулан хэрэглэх
  • Нарны тусгалтай газарт унтаж болохгүй
  • Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх. Ингэснээр наранд цохиулахаас гадна наранд түлэгдэх, хэт ягаан туяанд хордохоос сэргийлнэ.

Наршсан тохиолдолд авах арга хэмжээ:

  • Наршиж бие нь эвгүйрхэж, муужирсан хүнийг сүүдэртэй газар оруулан дээшээ харуулан хэвтүүлэх
  • Сэнсийг хүйтнээр үлээлгэх, хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй бага багаар дасгаж үлээлгэх
  • Хоёр хөлний дор тулгуур эвж өндөрлөж хэвтүүлэх
  • Ус уух-бага хэмжээгээр ойр ойрхон ус уух
  • Эмчид үзүүлэх, даралт зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хянуулах
  • Нарны шууд тусгалаас холдох
  • Наршсанаа мэдэхгүй дур мэдэн эмчийн зааваргүй эм тан ууж болохгүй

Гэрийн нөхцөлд авах үр дүнтэй арга хэмжээ:

  • Нимгэн даавуу эсвэл салфеткыг сайтар норгоод гэдсэн дээрээ дэлгэж тавина. Ингээд гурилаар жонхуу зуураад норгосон нимгэн даавуун дээрээ жигд түрхэж нялаад хэсэг хугацаанд хэвтээрэй. Энэ нь ардын уламжлалт арга бөгөөд нарны хорыг тэр дор нь тайлдаг юм байна. Халуурч бүлээрсэн үед ч халууныг авч эмчилдэг байна.
  • Наршсан хүнийг сэрүүн газарт оруулж хувцсыг тайлж хүйтэн бүлээн шүршүүр, усанд оруулах. Энэ нь биеийн температурыг хэвийн түвшинд нь буулгах арга хэмжээ юм.
  • Шүршүүрт оруулах боломжгүй бол хүйтэн ус бага багаар шүршиж цацаж сэрүүцүүлнэ.
  • Шилэн хүзүү, дух, суга, цавины хэсэгт хүйтэн алчуур норгож жин тавих зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч тайвшруулан амраана.
  • Энергийн ундаа өгөх.
  • Биеийн халууныг шалгах, 36 хэмд хүрэх ёстой. Үүнээс дээш халуунтай байвал арга хэмжээг үргэлжлүүлэн авна.

Дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай.

Ц.ДУЛАМСҮРЭН, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.