Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталж, энэ жилийн 5-рсарын 15-наас мөрдөж эхэлсэн.
Түүхий нүүрсний оронд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглүүлэхээр болсон. Гэвч дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрүүдэд буюу 5 сарын сэрүүхэн өдрүүдэд гэр хорооллын өрхүүд түүхий нүүрснээс татгалзсан. Харамсалтай нь шахмал түлшийг хэрэглэхийг хүссэн ч борлуулалтад гараагүй учраас өөр төрлийн түлшээр тухайн үедээ аргацаагаад өнгөрсөн. Түлээ, нүүрс борлуулагчдын хувьд “одоогоор нөөцөлж байгаад, намраас гаргаж, зарна” гэсэн хэмээх тайлбарыг өгч байсан.
Харин одоо намрын сэрүү унаж, гэр хорооллын өрхүүдийн яндагаас утаа савсаж эхэлсэн. Нийслэлийн өрхүүд галалгааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг. Энэ хэрэглээг 600.000 тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэж тооцоолжээ. Гэвч одоогоор 155.600 тонн л шахмал түлш бэлтгээд байгаа тухайг албаныхан хэлж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацралын хэлснээр бол наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна.
Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргасан гэнэ.
Саяхан Ерөнхий сайд, Хотын дарга нар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаад 70 хувьтай байна хэмээн их л сэтгэл хангалуун байсан. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр гэр хорооллын өрхүүдийн хэдэн хувь нь өвлийг өнтэй давах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. 600.000 тонныг нөөцлөхөөс ердөө 4/1 буюу 155.000 тонныг бэлтгэсэн гэхээр бусад айл, өрх нь хэрхэн яаж дулаацах вэ. Түүнчлэн хэмжээнээс гадна тухайн түлшний чанарт иргэд сэтгэл дундуур байна лээ.
Ядахад цахилгаанаар халаалтаа шийдэх гарц, гаргалгаа яриад л байхаас яг амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн зүйл алга. Уг нь өнгөрөгч 7 хоногт БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг арилжааны банкуудтай байгуулсан.
Нийт 3 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний дагуу иргэн Төрийн банк, Хас, Хаан банкнуудаас сарын 0.7 хувийн хүүтэй, 40 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой гэнэ. Зээлийг зөвхөн иргэнд олгох бөгөөд зээлээр авах бүтээгдэхүүн нь халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон байхаар заажээ. “Ногоон зээл”-д хамрагдан нэг зээлдэгч 1,000,000 төгрөгийн зээл авна гэж тооцвол 33,000 гаруй өрх зээлд хамрагдах боломжтой.
Зээлдэгч бүтээгдэхүүний төрөл тус бүрээс авч 40 хүртэл сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол ойролцоогоор нийт 800 гаруй өрх энэ зээлд хамрагдах боломжтой гэсэн тооцооллыг БОАЖЯ-наас танилцуулсж байсан. Эхний ээлжинд тусгайлан сонгосон бүс буюу Гандангийн дэнж орчимд 2,000 орчим өрх амьдардаг. Гэтэл тухайн бүсийн хорооны албан тушаалтнууд нь энэ талаар сонссон зүйлгүй сууж байх жишээтэй. Тэгэхээр энэ “Ногоон зээл”-ийн асуудлыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэхийг хэн ч таашгүй болж байгаа юм.
Энэ мэтчилэн агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглох, цахилгааны халаагуураар шийдэх, гэр, байшингаа дулаалахад зээл олгох гэхчилэн төр, засгаас бодлогоор дэмжиж байгаа мэь харагдавч цаад утгаараа бол гэр хорооллын иргэдийн амьдралд улам бүр дарамт болохоор байгаа юм.
Тодруулбал, нэгэнт сайжруулсан түлш нь байхгүй нөхцөлд яах вэ. Бээрч, даарахын оронд түүхий нүүрс зэргээр галлах нь тодорхой. Тэгмэгц хороодын хэсгийн ахлагч нар нь яндангийн утааг нь харж байгаад торгуулийн арга хэмжээ авна гэж байгаа. Өөрөөр буюу цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхүүд өнөөдөр сонголтоосоо татгалзахад хүрээд байгаа. Учир нь цахилгааны төлбөрийг шатлалтайгаар нэмэгдүүлж байгаа нь иргэдийн амьдралд мөн л ачаалал болж нэмэгдсэн.
Үндсэндээ олон нийтэд таалагдах тогтоол, шийдвэр гаргаж, тэр нь хөрсөн дээр ямар ч үр дүнгүй, харин ч иргэдийнхээ амьдралыг үгүй хийж, эдийн засгийн хувьд улам бүр дарамт учруулахаар байгаа юм.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл