Биднийг мөрөөдөл, төсөөлөлтэйгөө зууралдаж байх зуур бусад улс орнууд бодлогоо хөрсөн дээр буулгачихсан жишээ цөөнгүй. Тэгэхээр бид өөрийн оролцоогоо хангаж дийлэх төсөл хөтөлбөрүүдээс үр шим хүртэхэд анхаарах ёстой юм. Түүнчлэн хойд хөршийн “РЖД”, Тувагийн эрчим хүчний корпорац, “Лидер Групп” хүч нийлэн Кызыл-Курагино төмөр замын төслийг ажил хэрэг болгохоор ханцуй шамлаад буй энэ үед бид оролцоотой байх боломж бий юу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Энэ төмөр замын төсөл “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг гэдэг утгаараа уг нь бидэнд ойр байх ёстой л доо. Гэхдээ нэг зүйлийг зориуд сануулахад тэдний барих замаар Тувагийн Элегест ордын нүүрсийг БНХАУ руу хүрнэ. Тувагийн нүүрс манай нутгаар дамжин БНХАУ-д хүрнэ л гэсэн үг л дээ. Энэ нь манай Тавантолгойн ордын өрсөлдөх чадвартай холбоотой юм. Энэ утгаараа манай тухайд тийм ч таатай мэдээлэл биш. Гэхдээ яахав нөгөө талаас харахад нөхцөл байдлыг өөрсдөдөө ая таатайгаар шийдэх боломжийг бид эрэлхийлэхэд гэмгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр Тувагийн төрийн тэргүүнтэй уулзахдаа Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэх саналыг тавьж, харилцан ярилцах төлөвлөгөөтэй байгаа дуулдсан. Энэ уг нь шинэ санаа биш. Олон жилийн өмнөөс яригдаж л ирсэн сэдэв. Гэхдээ өнөөдрийн тухайд Элегестийн нүүрсийг БНХАУ руу нийлүүлэх үйл явцыг ОХУ идэвхжүүлэхэд анхаарч буй учраас манай талаас хуучны саналуудаа шинээр эргэлтэд оруулахад болохгүй гэх зүйлгүй. Нэгэнтээ манайхаар биш өөр замаар БНХАУ-д нүүрс нь хүрэх л юм бол бид газар нутаг дээгүүрээ замыг нь тавиулаад дундаас нь ашиг олох эдийн засгийн боломжийг ашиглаж болох юм.
Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх. Сануулахад, хойд хөрш Тувагийн Элегест ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулж байсан юм. Ингэхдээ уг төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлого Кремльд бийг ОХУ-ын хэвлэлүүд бичиж байсан. Манай нүүрсний үндсэн гол зах зээл рүү нүүрсээ гаргахдаа манай газар нутаг дээгүүр дамжуулах нь манайд эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах эсэх нь анхаарал татаж байв. Харин өдгөө яригдаж буй чиглэлийг харвал Курагино-Кызыл -Цагаан толгой -Эрдэнэт -Бээжин -Тяньжин, Курагино-Кызыл-Цагаан толгой-Өрөмч гэсэн маршрут байгаа юм. Өмнө нь Кызыл-Курагино төслийн хүрээнд яригдаж байсан чиглэлүүдийг харахад Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Такашикэн-Хами муж-Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч болон Курагино -Кызыл-Цагаантолгой-Арц суурь -Овоот-Эрдэнэт – Салхит – Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин гэсэн маршрутууд зурагдаад байсан юм.
Цаашид төсөл бодитой хэрэгжиж эхлэхэд БНХАУ оролцоотой байх асуудал хөндөгдөх үү. Ер нь бидний ашиг сонирхлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Нүүрсний экспорт манай төсвийн дансны тулах цэгийн нэг гэдэг утгаараа БНХАУ, ОХУ-ын эрэлт, нийлүүлэлтийн шинэ гүүр болох энэ төмөр замын төсөлд хэрхэн яаж оролцох нь бидэнд чухал. Тавантолгой ордыг дэд бүтцийн бодитой шийдэлтэйгээр, бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах гэж арвангурав дахь жилдээ ярьж буй бидний үнэн. Нүүрсийг төмөр замаар зөөхийн эдийн засаг, байгаль орчны ач холбогдлыг олон тоон үзүүлэлтээр баталсаар байхад хөрсөн дээр буулгахаас алгуурлаад байдаг нь бас л манай үнэн. Энэ сарын сүүлээр Тувагийн тэргүүнийг “найрах” гээд буй манай ерөнхийлөгч өөрөө ч нүүрсний төмөр замын биежээгүй мөрөөдлүүдтэй холбогдох нэгэн л дээ. Одоо тэгээд бусдын төмөр замыг нутгаараа дамжуулахыг гуйгаад явж байна гэхээр нэг талаас харамсалтай л юм. Гэвч эхэнд хэлсэнчлэн оролцож, өгөөж хүртэж болох төслүүдийн гадаа үлдэхгүйн тулд нүүрээ ширлээд явах л хэрэгцээ эдийн засгийн талаас бол байгаад байна.
Э.Болорхажид
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл